-Том мөнгөн дээр тоглож чадах, менежмент хийх хүмүүс хэрэгтэй байна-
Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.
-Сая саарал жагсаалтад орох үеэр Ил тодын хуулийг буруутгасан улстөрч цөөнгүй байлаа, жишээ нь танай намынхан. Ил тодын хуулийн дараа гарч ирсэн их мөнгө Монгол Улсыг саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлэхгүй. Би сүүлийн үед амраад байгаа л даа. Хөдөө явчихаад ирсэн чинь Ардын намын бүх хүн Ил тодын хууль барьчихсан сууж байсан. ФАТФ-ын тайлбар бичигт ил тодын хуулийн талаар нэг ч өгүүлбэр байхгүй. Ил тодын хууль гарсан шалтгаан тодорхой шүү дээ. 27 жил хуримтлагдсан татварын буруу системийг л зассан үйл явц.
Хууль гарах үед эдийн засаг хасах нэгтэй болчихсон байсан. Тэр үед эдийн засгийн эрх чөлөөг олгосноор хямралыг дажгүй давсан.
Компаниуддаа боломж олгож, олгосон боломжийнхоо хэрээр давуу тал, өгөөжийг нь хүртчихээд дараа нь аягүй хандвал төр нь иргэд, аж ахуйн нэгжээ хуурсан хэрэг болно. Тийм хандлага гарахгүй гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт саарал жагсаалт чинь Ц.Нямдоржийн л асуудал.
-Бас Сангийн сайдад хамаарах асуудал байх, тийм үү?
-Тийм, Хууль зүй, Сангийн сайдуудын хариуцах ёстой асуудал. Гэтэл жаахан ажил хийсэн хоёр нь хариуцлага хүлээгээд өнгөрлөө л дөө. ФАТФ-ын тавьсан асуудал тодорхой. Гадуур эргэлдэж байгаа мөнгөний урсгалдаа анхаар гэсэн асуудал тавьсан.
Жишээ нь, нотариатын газраар бүх үл хөдлөх хөрөнгүүдийн том гүйлгээнүүдийн бүртгэл явагддаг. Тэр бүхнээ бүртгэлжүүл гэсэн. Монголд банкны үндсэн салбараас гадна ББСБ, ломбард гээд санхүүгийн өөр механизмууд маш их мөнгө эргүүлж байна шүү гэж анхааруулсан. Ил тодын хуультай ямар ч хамаагүй асуудлууд. Өнөөдөр татварын орлого ил байгаа нь Ил тодын хуулийн буян.
Өмнө нь бүртгэлгүй байсан бүх хүн бүртгүүлээд татвараа өгч эхэлсэн. НӨАТ-ын буян ч бий. Гурван сая иргэн маань бүгдээрээ татварын байцаагч болсон. Эрдэнэтийн 49 хувийн ч буян байгаа. Өнөөдөр татварын орлого ил байгаа нь Ил тодын хуулийн буян.
Сүүлийн дөрвөн жилээр тооцвол бараг нэг их наяд төгрөгийн татвар Монголд үлдэж байгаа. Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө батлагдаж Оюу толгой хөдөлсөн нь маш том дэм болсон.
2013-2016 оны их хямралаас гарахын тулд тухайн үеийн Засгийн газар чадах чинээгээрээ ажилласан. Тэр бүхний үр шим өнөөгийн Засгийн газарт нэмэх оноо болж байна. Энэ бүхнийг яг тухайн цаг үед байсан нөхцөлөөр нь дүгнээд явах ёстой. Бид цэвэрхэн, өмнөх муухай гэсэн юм байхгүй. У.Хүрэлсүхийн өнөөдөр тарьсан үр бол Татварын багц хууль.
Өгөөж нь 2021 оноос гарна. Учир нь энэ хууль бол эдийн засгийн эрх чөлөөг олгосон маш том шийдвэр. Үндсэн хуульд туссан төрийн нийтийн өмч гэдэг тодотголыг зөв ашиглавал том төслүүдэд ашигтай байрлал олох бололцоо бий.
Үр шимийг нь дараагийн сонгуулиар бүрдэх Засгийн газар хүртэнэ. Аливааг ингэж тасралтгүй байдлаар харж байж макро түвшнийхээ дүгнэлтийг гаргах хэрэгтэй л дээ. Тэгэхгүйгээр зөвхөн өөрсдийнхөө эрх барьж байгаа үеэ гоё гэж ярих нь учир дутагдалтай.
-2007 оны өршөөлийн хуулийг олигархуудад зориулсан хууль гэсэн шүүмжлэл бий. Хамрагдсан компаниудыг нь харахаар ингэж шүүмжлэхээр санагддаг...?
-Супер өршөөлийн хууль гарсан гэж хэлэх үндэстэй л дээ. Манай улс 2006 онд ФАТФ-д элсэж ороод 2007 онд ийм хууль гаргасан нь цаанаа учиртай. Тэрнээс өмнө 16 жил явсан процесс нь илрэх гээд байсан учраас өршөөлийн хууль гаргасан юм.
Цэвэр олигархуудад зориулсан өршөөлийн хууль байсан гэж хэлж болох талтай. Харин сая гарсан өршөөлийн хууль бол өөр. Дунджуудад зориулагдсан, 2017 оны том хямралаас гарах агуулга, зорилготой хууль байсан.
Гэхдээ эдийн засагт хар, цагаан мөнгө гэж байдаггүй, мөнгө эргэлдэж байх нь чухал гэсэн цонхоор харвал аль аль нь өгөөж, тусаа өгсөн хуулиуд. Эдийн засагт мөнгө эргэлдэх нь чухал, тэр мөнгө нь бүртгэлтэй байх хэрэгтэй. Бид энэ зүг рүү 2008 оноос алхам алхмаар явсаар өнөөдөр үр шимийг нь хүртэж байна.
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ДАГАЖ ГАРАХ ЖУРМУУД ӨНӨӨГ ХҮРТЭЛ БАТЛАГДААГҮЙ БАЙНА
-Татварын багц хууль хэдхэн хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Журмууд нь батлагдаагүй байгаа гэв үү?
-Татварын бүх хууль өөрчлөгдөж байгаа. Гэтэл журмууд нь өнөөг хүртэл батлагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нягтлангууд бэлэн биш байна. Нийтдээ 43 журам гарахаас 30 гаруй нь цэвэр татвар төлөгчидтэй холбоотой.
-Журмууд хаана гацчихаад байгаа юм бол?
-Журмуудын тухайд хэлэлцүүлчихсэн, Хууль зүйн яам батлах ёстой. Уг нь өдийд журам батлагдаж, сургалтууд явагдчихсан байх учиртай. Тэгж байж нэгдүгээр сарын 1-нээс бүртгэлээ алдаагүйгээр шинээр хийгээд явах ёстой. Оны эхний сард өмнөх жилийнхээ тайланг гаргана.
Эхний гурван сар буруу бүртгэлээр явчихвал асуудал гарна. Шинэ хуулиар 24 сарын дотор тайлангаа засдаг эрх нээгдсэн л дээ. Гэхдээ өнөөдөр Хууль зүйн яамны тамгатай батлагдсан журам байвал хүмүүст уншуулмаар байна.
Монголд 21 мянган нягтлан тайлан гаргаж байгаа. Шинэ журмаар бол 90 хувийг нь буцааж өгөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр татвараа төлөх хүмүүс бий. Хуулинд гуравдугаар улиралд хүсэлт гаргаж өгсөн татвар төлөгч дараа жилдээ 90 хувийн буцаалтын хөнгөлөлт эдэлнэ. Ингээд харахаар энэ хууль 2021 онд хэрэгжих юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
2020 онд хий эргэх үү, эсвэл 2019 оныхоо орлогын дүнгээрээ явах уу гэдэг асуудал журмаар зохицуулагдана. 1992 оноос буруу хууль, буруу журам явсаар, сүүлдээ тэр нь хуримтлагдаад уул овоо шиг болчихсон учраас Ил тодын хуулийн дараа тийм их хэмжээний мөнгө гарч ирсэн.
Татварын шинэ систем эхэлж байгаа, шинэ систем эхлэх үед өмнөхөө форматлах шаардлагатай гэдэг утгаараа Өршөөлийн хууль уг нь өдийд батлагдах ёстой байсан юм.
-Татварын хууль дагасан журмууд муухан гарвал ямар эрсдэл үүсэх вэ?
-Татварын хууль нэлээд чанга талдаа, зөв явбал асуудалгүй, хазайвал маш харгис хууль болсон. Журам тааруу батлагдаж, дээр нь Зөрчлийн хуультайгаа хавсайдвал эвгүй зүйл их гарна. Журмаа яаравчлаач гэж нэхээд байгаа нь ийм учиртай. Журмууд батлагдсан хуулиудынхаа концепцтэй таарч байгаа эсэхийг шалгах гээд хүлээгээд байна л даа.
-“Оюутолгой”-н үйлдвэрлэлийн босоо амны нээлт саяхан боллоо. Дубайн гэрээ хийгдээгүй бол “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт энэ хэмжээний хурдтай өрнөхгүй байсан байх...?
-Тэгэлгүй яах вэ. Хоёрдугаар босоо амыг хүнтэй зүйрлэвэл Оюу толгойн уушги нь. Дубайд шийдвэр гарч, гарын үсэг зураагүй бол Оюутолгойн бүтээн байгуулалт ийм амжилтад хүрэхгүй нь тодорхой асуудал. Дубайд шийдвэр гарч есөн тэрбум ам.доллар орж ирээгүй бол юун хоёрдугаар ам манатай болох байсан. Анхны хөрөнгө оруулалтын айдас улам нэмэгдэж, байдал улам хүндрэх нь тодорхой. Хоёр км-ийн дор өрнөж байгаа бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж дуусгах нь л бидэнд чухал.
Дубайд Оюутолгойн гүний уурхайн дахин санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах үед эдийн засаг хэцүүдсэн байсан. 2014, 2015 онд уул уурхайн салбарт дэлхий даяар тэг зогсолт хийсэн шүү дээ. “Рио тинто”-гийн хувьцаа гэхэд 30 хувь унасан. “Пийбоди”гээд Америкийн том нүүрсний компани дампуурч байлаа. Тэр үед Оюу толгойд мөнгөө хийсэн анхны хөрөнгө оруулагчдад айдас, эргэлзээ төрсөн. Дөрвөн тэрбум доллар хийсэн хөрөнгө оруулагчид тийм нөхцөлд айж, эргэлзэхээс аргагүй л дээ. Ойрын гурван жилд дөрвөн тэрбум ам.долларын өр төлнө.
Тухайн үед Засгийн газар уул уурхайн нөхцөл байдлаас шалтгаалаад дараагийн хөрөнгө оруулагчдыг айдасгүй болгохын тулд шийдвэр гаргасан. Тухайн үед гаргасан шийдвэрийн золиос, давуу тал гэж ярихад эрт байна. Ер нь яаж хэрэгжихээс л шалтгаалах юм. Оюутолгойн хөрсөн доорх эрдэс баялгаас гадна манай банкны систем барьцаанд байгаа.
Дубайн нэмэлтээр Оюутолгойд давхар банкны системийг хийгээд өгчихсөн. Дэлхийн том банкуудын эрхшээлд байна гэсэн үг. Сайн тоглолт хийвэл бидэнд ашигтай. Банкны систем үүнийг дагаж эрүүлжиж чадвал улсын хөгжилд том өгөөж болно.
Банкны системээ эрүүлжүүлээд Оюутолгойгоо ч ашиглалтад оруулчихвал эдийн засагт том алхам болно. Эсрэгээр хөдөлбөл аль аль нь байхгүй болох эрсдэл бий.
-Хэтэрхий улстөржүүлж болохгүй төсөл гэсэн утгаар хэлж байна уу?
-Тэгж ойлгож болно. Дубайд шийдвэр гарах үеэр Оюутолгой эхний хөрөнгө оруулагчийнхаа мөнгийг буцаагаад өгчихсөн. Оюутолгой гэх мэт том төслүүдэд өөрсдөдөө ашигтай гарц, шийдэл санал болгож хэрэгжүүлэх боломж Үндсэн хуулийн өөрчлөлтөд бий. Бүр тодруулж хэлбэл Үндсэн хуулийн өөрчлөлтөд төрийн нийтийн өмч гэсэн тодорхойлолт багтсан. Сайн тоглолт хийвэл бидэнд ашигтай өөрчлөлт хийгдсэн.
-Үндсэн хуулийн өөрчлөлт яг ямар сайн нөлөө үзүүлнэ гэж?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн эдийн засагтай холбоотой нэг заалт нь төрийн өмчийн асуудал л даа. Төрийн нийтийн хамааралтай өмч гэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн баялаг төрийн нийтийн хамааралтай өмчийн төрөл болсон.
1992 оны Үндсэн хуульд төрийн өмч гэж заасан боловч Үндсэн хуулийн тавдугаар зүйлд өмчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн үг бий. Гэтэл 27 жилийн турш төрийн өмчийн эрхийг хамгаалсан хуулиуд гараагүй.
Шуудхан хэлэхэд өндөр албан тушаалтан, төрийн эрх мэдлийг авсан хэсэг бүлэг улсын тоглолтоор явсаар өнөөг хүрсэн. Үндсэн хуульд төрийн нийтийн хамааралтай гэдэг үг орж ирснээр төрийн нийтийн хамааралтай өмчтэй холбоотойгоор органик хуулиуд өөрчлөгдөх юм. Иргэний хуульд өмчийн хамгаалалт орж ирнэ.
Эрүүгийн хуулиар төрийн нийтийн хамааралтай өмч хамгаалагдана. Цаашлаад яривал төрийн нийтийн хамааралтай өмчийн прокурор хүртэл гарч ирэх юм. Энэ бол 2020 оны сонгуулиар байгуулагдах парламентын хамгийн түрүүнд хийх ёстой ажлууд. Органик хуулиудын өөрчлөлтөөс шалтгаалж Оюу толгойн гэрээний өөрчлөлтүүд ч яригдах болов уу.
БИД ИХ ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН МӨНГӨНИЙ ХАВХАНД ОРЧИХСОН
-Та түрүүн манай эдийн засаг бэлэн мөнгөний хавханд орсон гэж ярьсан. Бэлэн мөнгөний хавханд хэзээ яагаад орчихов, тэр хавхнаас гарахын тулд бид яах ёстой вэ?
-Бид 2013 оноос их хэмжээний бэлэн мөнгөний хавханд орсон. Чингис бонд, Хятадын своп хэлцэл байна. Дараахан нь хэвлэсэн их мөнгөний асуудал бий. Хятадын своп хэлцлийн тухайд ам.долларт шилжүүлбэл бараг хоёр тэрбумаар яригдана. Долдугаар сард хугацаа нь дуусах гээд, яг нарийндаа маш хүнд байна. Хятадууд хоёр удаа сунгасан, одоо үгүй гэвэл бид хэцүүднэ.
Барууныхан 1980-1990 онд Зүүн Европын улсуудыг коммунизмаас салгахад бэлэн мөнгөнд оруулж байгаад-дараа нь хэд хэдэн механизм хийсэн. Тэрийг л сайн судлах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд бид өнөөдөр 29 тэрбум ам.долларын өр буюу зээлтэй яваа.
Үүний 18.2 тэрбум ам.доллар нь компаниудынх. Сая хэлсэн 18 тэрбумын тал нь Оюу толгойд хамаарна. Үлдсэн есөн тэрбум нь яг нарийндаа уул уурхай, дэд бүтцийн салбарууд руу орсон. 29 тэрбум ам.доллараас долоон тэрбум нь Засгийн газрын өр.
Үүндээ сайн менежмент хийх ёстой. 2021, 2022 онд байдал улам хүндэрнэ. Ойрын гурван жилд дөрвөн тэрбум ам.долларын өр төлнө. Өөрөөр хэлбэл, том мөнгөн дээр тоглож чадах, менежмент хийх хүмүүс хэрэгтэй. Заавал сонгууль хүлээх биш өнөөдрөөс л хийж эхлэх ёстой. Зах зээлээс бэлэн мөнгө гарахын аюулыг бид амссан.
-Зах зээлээс их хэмжээний бэлэн мөнгө гаргасан тохиолдол гэвэл...?
-2016 онд Эрдэнэт дээр 400 сая ам.долларыг хоёрхон өдрийн дотор гаргасан жишээ бий. Тэр үед төгрөгийн ханш хорин хувиар унасан. Яг үүнтэй адилхан зүйл 2013, 2014 онд болсон. Тухайн үед мөнгө хэвлэж тараасан.
Нэг үгээр хэлбэл зах зээл рүү цаасан мөнгө хэвлэж оруулахад ханш унадаг, мөн зах зээлээс том мөнгө татаж гаргах ханшид сайнаар нөлөөлдөггүй. Хятадын своп санаа зовоож байна. “Чингис” бондын эхний 500 сая ам.долларыг ирэх жилийн намар төлөх ёстой. ОУВС-гийн хөтөлбөр дуусаагүй байгаа дээр саяын хоёр асуудлаа ярих ёстой. 500 сая ам.долларын төлөлт дээр маневр хийж, Хятадын своп хэлцлийг сунгачихвал багахан амьсгаа авна.
Гэхдээ энэ бол 2020 оны л асуудал. 2021 онд Самурай бонд, хаадын нэртэй бондын төлбөрүүд орж ирнэ. Банкны системээрээ, засагтайгаа нягт ажиллаж байж эндээс асуудал багатай гарна. Бидэнд хий онолоор явсан тал бий. Мөнгөний бодлого барьж байгаа Монголбанк, Засгийн газар хоёр нь тусдаа байдаг гэж явсаар ирсэн нь бидний алдаа.
-Төв банк Сангийн яам хамтраад ажиллах ёстой гэж үү?
-Төв банк Засгийн газар хоёр тусдаа байх ёстой гэдэг онолыг Англи анх гаргасан юм. Гэтэл гурван жилийн өмнө тэнд энэ байдал эсрэгээрээ өөрчлөгдсөн. Нэгдэж нийлж ажиллаж байна.
Манай улсын тухайд Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гээд гурван гол институт холбоогүй ажиллаад байна л даа. Зүй нь энэ гурван байгууллага мэдээллээ солилцож, шийдвэрээ хамт гаргаж ажиллах ёстой. 29 тэрбумын өр буюу зээлийг төлөхөд энэ менежмент хэрэгтэй. Оюу толгой дээр 34 хувиа аваад өөрөө мөнгө босгодог механизм руу орох шаардлагатай. Бидэнд тийм боломж байна.
Монголын арилжааны банкуудын зарим нэг нь 500 саяас тэрбум ам.долларын менежментийг хийж чаддаг болчихсон. Үүнийг ашиглах хэрэгтэй. Дахиад хэлэхэд Монголбанк, Сангийн яам хоёр ойрхон байх хэрэгтэй. Ойртоно гэдэг нь ойрын нэг хоёр жилийн дотор бий болох том мөнгөний менежментээ хамтарч хий л гэсэн санаа.
Ц.Баасансүрэн /Өдрийн сонин/
Сэтгэгдэл (4)