x

Ч.Отгочулуу: Оюутолгойн ноогдол ашиг хойшилсон ч нөхөж авах бүрэн боломжтой

Эдийн засагч Ч.Отгочулуу “Эрдэмтэд сэтгүүлчдийн клуб”-ийн урилгаар “Дэлхийн зэсийн зах зээл ба Монгол Улс” сэдвээр ярьсныг уншигчдадаа хүргэж байна.

Зэсийн хэрэглээ ба монголчуудын металлургийн түүх

“Зэс дотроо 120 янз байдаг тухай нэгэн химич надад ярьж өгсөн. Түүнээс 40-ийг нь аж үйлдвэрийн зориулалтаар ашигладаг гэнэ. Тэр дөчийгөө цааш нь гурав бүлэглэдэг. Анхдагч буюу сульфид, хоёрт нь холимог, эцэст нь исэлдсэн буюу оксидын хүдэр гэж хуваадаг юм билээ. Сульфидын хүдрийг флотацын аргаар баяжуулдаг. Манайд Эрдэнэт, Оюу толгой хоёр үйлдвэр байна.
Дэлхийд эдийн засгийн үр ашигтай нь тогтоогдсон зэсийн нөөц 770 сая тонн байдаг. Манай Оюу толгой, Эрдэнэт хоёр нийлээд 34 сая тонн гэж үзэж болно. Дэлхий нийтийн баяжмал үйлдвэрлэдэг хүчин чадал нь 22 сая тонн юм байна.
Зэсийг хүн төрөлхтөн 10 мянган жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн гэж үздэг юм билээ. Манайд бол хүрэл зэвсгийн үед буюу 5000 жилийн өмнө зэсийг хайлуулаад, хар тугалга юм уу цагаан тугалгатай хольж хүрэл гаргадаг байж. Тэр үеийн нүүдэлчид зэс гаргадаг технологиор Хятадтай өрсөлддөг байсан гэдгийг Солонгос, Монголын археологичдын судалгаа харуулсан байдаг. Гэхдээ өвөг монголчуудын технологи онцлогтой, орчин үеийн ойлголтоор бол химийн мэдлэг шингэсэн байж л дээ.
Чингис, Бат хааны үед одоогийнхоор бол Зүүн Европ, Чех, Унгарт монголчууд зэр зэвсэг үйлдвэрлэх зорилгоор уурхай ажиллуулдаг байсан гэдэг. Монголчуудын аян дайны дараа л тэнд цэрэг армийн зориулалт бүхий металлурги илүү хурдтай хөгжсөн гэж үздэг судлаачид бий. Өөрөөр хэлбэл монголчууд зэс, төмөр зэрэг металлын хувьд эрт үеэс мэдлэгтэй байсан юм байна. Тэр нь дайн байлдааны үед давуу тал болдог. Ядаж л эмээлийнхээ дөрөөг төмрөөр хийдэг, хүрэл дуулга хэрэглэдэг, сумын зэвээ хүртэл металл ашиглан хийдэг байсан нь маш том давуу тал болж байж. Яагаад ингэж хэлээд байна вэ гэвэл Монгол үндэстэн зүгээр нэг морь унаж дэлхийг эзэлсэн хэрэг огт биш. Харин уул уурхай, металлурги гэх зэрэг технологийн хувьд бусад өрсөлдөгч үндэстнүүдээсээ илүү гарч чадаж байжээ. Хожим шашны нөлөөгөөр энэ мэдлэгээ алдсан гэж боддог.
Дэлхий дахинд 1910-аад оноос эхлээд цахилгаанжуулалттай холбоотойгоор зэсийг үйлдвэрлэлд ихээр хэрэглэдэг болжээ. В.И.Лениний “Орос орон дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм болно” гэж үг бий. Тэр үед зэсийн нийлүүлэлтийн багагүй хэсгийг Япон хангадаг байж. Ялангуяа Мейжийн шинэчлэлийн үед япончууд зэсээ зараад маш их мөнгө олсон. Барууны эрдэмтдийг мөнгөөр “зодож” эх орондоо авчирч байжээ. Залуусаа гадагш нь сургасан юм билээ. Энэ шинэчлэлээ зэсээр санхүүжүүлсэн байна. Тийм учраас одоо зэсийн металлургийн олон патентууд япончуудын гарт байдаг. Өөрөөр хэлбэл Япон хүртэл зэсээ ашиглаж хөл дээрээ боссон гэхэд хилсдэхгүй. Англи, Герман хоёр ч гэсэн нэг нь нүүрсээрээ, нөгөө нь төмрөөрөө “босч” ирсэн. Анхныхаа капиталын хуримтлалыг ингэж бий болгосон юм байна.

Эрдэнэтийн түүх ба геополитикийн ээдрээ

Хожим америкчууд дэлхийн зэсийн нийлүүлэлтийг ноёрхож эхэлжээ. 1970-аад онд Японоос гадна Америкийн монопол байдал, нөөц багасав. Харин Чили “моодонд орсон” цагаар Алленде хэмээх марксист нөхөр сонгуульд ялалт байгуулжээ. Ялангуутаа зэсийн уурхайнуудаа бүгдийг нь хурааж авч нийгэмчилсэн байна. Хөрөнгө оруулалтаараа хохирсон Америк тэргүүтэй орнууд хориг арга хэмжээ авчээ. Ингээд инфляц нь 800 хувь хүрч өсөв. Мөнгөний ханш нь ч унасан байна. Бүх хөрөнгө оруулагчид нь гарчихсан. Одоогийнхоор бол Венесуэлийн жишээ л дээ. Ингээд бослого гараад Аллендег хөөгөөд явуулжээ. Оронд нь Пиночет хэмээх цэргийн хүн төрийн эргэлтээр гарч ирэв. Эхлээд бүх генералуудаа дарга сайд болгосон. Тэгж байгаад М.Фридманыг урьсан юм билээ. Мань эр неолиберал бодлого зөвлөсөн. Түүний хөтөлбөрөөр Сангийн сайд, Уул уурхайн сайдын албан тушаалд Америкт боловсрол эзэмшсэн, эдийн засагч нарыг тавьчхаж. Ингээд Чили улс капитализмын зам руу эргэлт буцалтгүй орсон байна.
Энэ үйл явцаас ЗХУ том сургамж авч. ЗХУ олон зэс хайлуулах үйлдвэр барьчихсан. Түүхий эдийн хувьд нөөц багатай. Азаар 1968 онд юм уу даа Чех болон Монголын геологчид Эрдэнэтийн нөөцийг олчихсон байж. Хамтраад ТЭЗҮ хийхээр төлөвлөж байсан гэнэ. Гэтэл Прагад том жагсаал өрнөж, бослого нь дийлдэхээ болингуут Варшавын гэрээний орнууд 2000 танк бүхий олон мянган цэрэг оруулаад нам даржээ. Монголд байсан чех геологичдыг ч нутаг буцаажээ. Мөн тэр үед Манжуурын хойд хил дээр Хятад, Оросын хооронд том мөргөлдөөн гараад, улмаар хоёр тал байлдахад ойрхон байсан гэдэг. Хэрэв дайн болон даамжирсан бол Шинжаан-Уйгар, Монгол, Манжуур гээд өргөн фронтоор байлдах байж л дээ.
Геополитикийн ийм эгзэгтэй үед Брежнев Монголыг өөртөө илүү татъя, зэсийнхээ хангамж нийлүүлэлтийг ч сайжруулъя гэсэндээ Эрдэнэтийн гэрээг хийсэн байх. Хятадын аюулаар айлгаж байгаад манайд ашиг муутай гэрээ болсон гэж би боддог. Учир нь олон сая тонн баяжмалаа маш бага үнээр өгсөн. Мөн хэд хэдэн Эрдэнэт хот байгуулах хэмжээний татвар, төлбөр олох боломжоо “ах дүүгийн найрамдал” нэрийн дор “алдсан” байдаг.
Олон хүн Эрдэнэтэд хот байгуулсан байхад Оюутолгойд яагаад байгуулахгүй байгаа юм гэдэг. Үнэндээ тухайн 200-300 сая доллароор Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг барьсан болов уу. Гэтэл өнөөгийн ханшаар Эрдэнэт маань зөвхөн зэсээр гэхэд 20 тэрбум ам.долларын орлого олсон гэж үзэж болно. 1997 оноос гэрээндээ өөрчлөлт оруулж байж жаахан татвар, роялти төлж эхэлсэн. Оюу толгой орчим хот байгуулах нь манай төрийн үүрэг гэдгийг бид ойлгомоор. Оюу толгойн нөлөөгөөр Улаанбаатар хот ч хэд дахин томорч, тэлсэн. Эрдэнэтэд жилд дунджаар 500-800 орон сууц баригдаж байна. Гэтэл Улаанбаатарт жилд хэдэн арван мянгаараа баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл монголчууд заавал их өр тавихгүйгээр хотхон, хороолол бариад сурчихсан гэсэн үг. Ханбогд орчмыг татваргүй бүс болгоод, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлбэл Эрдэнэтэд байгаа зургаан хороолол шиг бүтээн байгуулалт өрнөх боломжтой.
Эдийн засагчдын тооцсоноор Эрдэнэт дэлхийн хэмжээнд нэгжийн өртөг зардал хамгийн өндөртэй үйлдвэрт тооцоогддог.

Оюутолгойн түүх

1940 онд Зөвлөлтийнхөн өмнийн говьд том хайгуул хийсэн байв. 1985 онд зэсийн том бөөгнөрөл (Оюу толгой) байна гэж тогтоосон юм билээ. Хайгуул нь үргэлжилж байгаад 1989 онд зогсчихсон. Хожим Эрдэнэтийн захирал Ш.Отгонбилэг агсан АНУ-ын “Магма коппер” гэж компанийг урьж авчирсан байдаг. Манайд хөрөнгө оруул, зэс хайлуулах үйлдвэр барья. Хамтарсан хайгуул хийе, нөөц тогтооё гэж. Магма хамтарсан хайгуул хийх санал тавьжээ. Ингээд Оюу толгой орчим хайгуул хийхээр болоход Эрдэнэт хайгуулыг санхүүжүүлэхээс татгалзсан гэдэг. Магма өөрсдөө мөнгө босгоод, улмаар хайгуулын лицензийг авч байж. Ингээд 1996 оны сонгууль ч болсон. Магма ч санхүүгийн хүндрэлд орж. Улмаар дэлхийн аваргуудын нэг BHP Магмаг худалдаж авсан байна. 1998 онд ил уурхайн нөөцийг олсон юм билээ. Баялаг бол байна. Яг нөөц тогтооход их ажиллагаатай, зардалтай. Өрөмдөж үзээд, үүнийг ашигласан ч зардлаа нөхөхгүй юм байна гээд орхиод гарсан. Анх энэ ордыг олсон Д.Гарамжав гуай ч тэр хооронд хөөцөлдөөд л явсан юм билээ. Хожим Фрийдланд орж ирж гүний уурхайг олсон байдаг.
2003 оны арванхоёрдугаар сард Их өрийг дарахын тулд Н.Энхбаярын Засгийн газар Фрийдландаас 50 сая доллар авч, улмаар дөрвөн ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгосон байдаг юм. Ингээд олон жил хэлэлцсэний эцэст 2009 оны намар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж. Харин 2010 оны хавар нь Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авчээ. 2009 онд байгуулагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчид манай өмнөөс хөрөнгө оруулалт хийсэн. Манайхан тэр мөнгөө ирээдүйд олох ногдол ашгаасаа нөхөж суутгуулна гэсэн тохироотой. Өөрөөр хэлбэл энэ нь сонгодог утгаараа зээл биш юм. Хөрөнгө оруулагчид Оюу толгойд 10 тэрбум доллароо аль хэдийн оруулсан байгаа. Гэтэл олсон орлого нь 7 тэрбум доллар хүрч яваа. Өөрөөр хэлбэл 10 тэрбумын зарлага гаргаад, 7 тэрбумын орлого олсон. Гэтэл Монгол Улсын Засгийн газар аль хэдийн 2.5 тэрбум ам доллар авсан байгаа. Тухайлбал, НӨАТ, рояалти, НДШ, татвар зэрэг болно. Төсөл дээр 15 мянган хүн ажиллаж байна. Нэг хүн дунджаар 1-2 мянган долларын цалинтай байгаа. Жилд нэг тэрбум долларын орлого олдог компани болж томорчээ. Жилд 300 орчим сая долларыг улсын төсөвт төвлөрүүлж, 200 орчим сая долларын цалин тавих санхүүжилтыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл олсон хоёр доллар тутмын нэг доллар нь Монголд шууд шингэж байна. Уурхайн бүтээн байгуулалтад жилд 700 сая долларын худалдан авалт хийж байна. Том утгаараа харвал Монголын Улсын эдийн засагт өгөөжтэй төсөл болжээ гэж дүгнэдэг.

-Оюу толгойн гэрээ сайн муу болсон гээд янз бүрээр ярьдаг. Хүмүүст эргэлзээ төрүүлээд байхаар хөндлөнгийн судлаач шинжээчдийн дүгнэлт гаргуулж болдоггүй юм уу?
-Дүгнэлтүүд бий бий. Ихэнх нь гэхдээ англи хэлээр юм билээ. Open oil, уул уурхайн засаглалын төв гэх зэрэг. Оюу толгой бол сайн ч биш, муу ч биш байдаг л нэг стандарт гэрээ, өгөөтэй аваатай гэрээ байна гэсэн дүгнэлтүүд бий. Харин ч монголчууд илүү хожсон байна. Яагаад гэвэл нэг ч доллар гаргаагүй байж, олон хүнээ ажилтай болгосон, хоёр тэрбум доллар түрүүлээд авчихсан. Ер нь хамгийн хатуу нөхцөлтэй гэрээ гэвэл Индонезийн Грасберг байна. Тэнд алт дөрвөн хувь, зэс нь долоон хувийн рояалтитой. Орлогын албан татвар нь 25 хувь. Манай Оюу толгойтой төстэй гэсэн үг. Чили, Перу, Канад, Норвеги, АНУ-д рояалти нь 3-4 хувь л байгаа. Гэхдээ тооцох суурь дээр их том зөрүү бий. Манай өрсөлдөгч улсуудад ашгаас нь эсвэл ногдох орлогоос нь рояалти авдаг. Манайх борлуулалтын орлогоос нь авдаг. Ашигтай байна уу, ашиггүй байна уу хамаагүй. Оюу толгойгоос таван хувийн рояалтийг борлуулалтын орлогоос нь авдаг.
-Дубайн гэрээгээр хамаг ашгаа тавиад туучихсан гэдэг?
-Үгүй. Асар буруу ойлголт. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэдэг нь газар дор байгаа бүлэг ордын зөвхөн нэг давхарга хэсгийг ашиглахад хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлын хугацаанд л хүчинтэй харилцан ойлголцлын санамж бичиг төдий зүйл. Монгол Улсын хуульд нийцүүлж ажиллана, хөрөнгө оруулалтын гэрээгээ хүндэтгэнэ гэсэн хүслээ хөрөнгө оруулагч компаниуд дахин илэрхийлсэн л санаатай.
-Олон улсын компани татварын асуудлаар Монголын хуулийг дагаж мөрддөг юм уу олон улсын жишгийг дагадаг уу?
-Монголын хуулиа дагана. Гэхдээ ямар асуудал үүссэн гэхээр 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ гэх хэдий ч үндсэндээ тогтвортой байдлын гэрээ байгуулсан. 2011 онд бид татварын хуулиа өөрчилсөн. Манай татварын байгууллага юу гэж үзсэн гэхээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол олон улсын гэрээ биш. Монгол Улсын хуулийг дагана гэдэг. Нөгөө тал нь болохоор “Та нар хоёр жил болоод хуулиа өөрчлөөд шинэ шинэ татвар бий болгоод байх юм бол бид гэрээ хийхгүй байх байсан шүү дээ” гэдэг. Тэгээд ч Хөрөнгө оруулалтын гэрээн дээр маргаан гарвал англи эхээ барина. НҮБ-ын дэргэдэх арбитрт очоод хараат бус гурван шүүгч томилуулаад Лондоны шүүх үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр хуулиа өөрчилснөөрөө бид ялагдах магадлал бас бий. Оюу толгойн гэрээ нь өөрөө маргаан шийдэх процессын хувьд яах аргагүй олон улсын гэрээний шинжтэй юм билээ.
-ТЭЗҮ хэтэрсэн гээд бас баахан маргасан?...
-Хөрөнгө оруулагч нар манайханд хандаж “Та нар ТЭЗҮ гэж тодорхойлолтоо хуулиасаа олоод ир” гэсэн. Тэр үеийн хуулиа харсан чинь ТЭЗҮ гэж нэг мөр ойлголт байхгүй байжээ гэхээр. Харин хожим батлагдсан ТЭЗҮ хүлээж авах журам гэж байгаа юм. Гэтэл Хууль зүйн яам нь бүртгэж аваагүй тул нийтээр дагаж мөрдөх эрхзүйн акт гэхэд хэцүү байдал үүссэн байсан. Дэлхийн жишигт ТЭЗҮ-г “боломжийн судалгаа” буюу төсөөлөл гэж үздэг. Өөрөөр хэлбэл зэсийн үнэ хэлбэлзэж болно. Зардал хэлбэлзэж болно. Гэтэл манай зарим улс төрчид яг л социализмын үеийнх шиг ТЭЗҮ-г хөдөлшгүй тооцоо гэж хараад байдаг л даа.
-Ногдол ашиг хойшлуулсан гэхээр олон хүний уур хүрдэг л дээ. Яг юу болсон юм бэ?
-Дубайн төлөвлөгөө зурагдсан эсэхээс үл хамаараад ногдол ашиг хойшлохоор байсан. Учир 2010-2012 онд зардал анх төлөвлөснөөсөө 15 хувиар хэтэрсэн байсан. Мөн бүтээн байгуулалтын ажил хойшилж байсан. Зэсийн үнэ унасан зэрэг олон шалтгаан бий. Энэ уурхай жилд нэг тэрбум долларын орлого олж байгаа. Далд уурхай ашиглалтад орвол жилд таван тэрбум олно. Тэр үед нь бид “өрөө” түргэвчилсэн журмаар суутгуулах талаар ярьж болно. Анхны ТЭЗҮ-гээр Оюутолгой төсөл маань нийт 120 тэрбум долларын орлого олно гэсэн төсөөлөлтэй байсан. Монголын тал ногдол ашиг хэлбэрээр 10 тэрбум долларыг авах боломжтой. Одоо тэгвэл энэ төсөл маань 250-300 тэрбум долларын орлого олох боломжтой болсон. Энэ их мөнгөнөөс эдийн засагтаа яаж шингээхээ л бодсон нь зөв. Ногдол ашиг хойшилсон ч бид нөхөөд авах бүрэн боломжтой. Энэ бол хувь нийлүүлэгч компаниудын хоорон дахь бизнесийн л асуудал юм.

Б.Янжмаа "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 17 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 32 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 31 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 41 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top