УИХ-ын баасан гаригийн чуулганаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.
БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд баталсан нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг 2017 оноос хэрэгжүүлэхээр тогтсон. Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нэг тэрбум 236 сая ам.доллар гэж тооцоолсон. Тиймээс нэмэлт 236 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-нд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болох 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулсан гэж төслийн танилцуулгад дурджээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураахад, Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжлээ.
Одоогийн байдлаар, Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц буюу Сайншандаас үйлдвэрийн байршил хүрэх 17.5 км хүнд даацын авто зам, 27 км төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэн улсын коммист хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (1)