x

Х.Наранжаргал: Ямар сэтгүүл зүй байна, яг тийм л нийгэм байна

Нийгмийг төлөвшүүлэх, соёлын хэм хэмжээ, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх үүргийг сэтгүүлчид гүйцэтгэдэг. Тиймээс ч сэтгүүлчид зөвхөн мэдээлэл түгээгчид бус харин нийгмийн санаа бодлыг бүрдүүлэгчид байдаг.Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар “Глоб интернешнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал ярьж байна.

-Манай зах зээл бага ч хэвлэл мэдээлэл олон. Тоо нь гурван сая хүн амдаа арай л ахадсан гэмээр. Дагаад мэдээллийн замбараагүй урсгал бий болж, нийгмийнхээ сэтгэл зүйг нэлээн хямрааж байна уу гэсэн бодол төрдөг үү, Танд?

-2018 оны сүүлчээр гаргасан Хэвлэлийн хүрээлэнгийн статистикаас харахад Монгол Улсад 355 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж байна. Ийм олон мэдээллийн хэрэгсэл ийм жижиг зах зээлд яагаад ч ашигтай ажиллах боломж байхгүй. Хэт ханасан зах зээл.

-Ашиггүй хэр нь яагаад тогтмол үйл ажиллагаа явуулаад байна гэж Та боддог вэ?

-Мэдэхгүй, энэ бол их том асуултын тэмдэг. Арилжааны хэвлэл мэдээллийг байгуулсан, санхүүжүүлдэг нэг эзэн байгаад байна. Тэр эзний ашиг сонирхол өөр байдаг юм болов уу. Уг нь хэвлэл мэдээлэл хоточ нохойн үүрэг гүйцэтгэдэг. Маш сайн хяналтын тогтолцоо ажиллаж байж Ардчилсан нийгмийг, ардчиллын соёлыг төлөвшүүлдэг. Ардчиллын үнэт зүйлд тулгуурласан нэг зүйл бол Хэвлэл мэдээлэл.

Иргэд ХМХ-д итгээд “Чи Засгийн газрын уяаны нохой биш. Чи миний хоточ нохой” гэсэн итгэл найдвараа өгч, үнэн зөв мэдээ мэдээллийг хүлээж байдаг. Харин манайхан “Дөрөв дэх засаглал” гэсэн нэр томьёо гаргаж ирээд яриад байдаг юм. 17-р зууны үед Их Британы Лордын танхимд “Парламент дотор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал эрх мэдлийн хажуугаар өөрийн бие даасан байр суурьтай сурвалжлагчдын бүлэг ажиллаад байна” гэсэн яриа гарсан байдаг юм билээ. “Дөрөв дэх засаглал” гэж үг эндээс гаралтай юм билээ уг нь.

Иргэдийн хяналтын үүргийг өөртөө авч, тэдний итгэл найдварыг даасан хоточ нохойн үүргийг хүлээдэг ХМХ-д ямар ч эрх мэдэл байхгүй. Хууль тогтоодог, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс хяналт тавьдаг ийм л салбар. Хяналт тавина гээд цагдаа, тагнуул шиг үүрэг хүлээхгүй, өөрийн арга барилтай салбар шүү дээ.

Улс оронд өрнөсөн үйл явдлыг шууд мэдээлэх, хэн нэгний хийсэн ноцтой мэдэгдэл, тэнд дурдагдсан баримтын араас мөшгөж дэлгэрүүлэх, эрэн сурвалжлах гэсэн тогтсон арга аргачлалтай, хүмүүсийн нүднээс нуухыг хүссэн далд баримтыг ухаж гаргах энэ эрхийг иргэд ХМХ-д өгч, “миний хоточ нохой байгаарай” гэсэн итгэлийг хүлээлгэдэг.

Харин манайд бол сэтгүүлчийн хэлэх эрх, эзний ашиг олох эрх хоёр хоорондоо зөрчилдөн, мөргөлдөөд байгаа юм. Хоёр өөр ашиг сонирхол нэг газарт очоод нэгдчихсэн байгаа нь эзнээс хараат бус байх ёстой редакцийн зарчим нь алдагдчихсан яваа.

БУСАД ОРОНД ХМХ БОЛОН БИЗНЕСИЙГ ХОЛБОДОГ ЗУУЧЛАЛЫН КОМПАНИУД АЖИЛЛАДАГ

-Хэвлэл мэдээлэл бол нэг талаараа бизнес гэдэг. Энэ нь ТВ-ийн тодорхой цаг, сонины зай талбай реклам сурталчилгаанд зориулагдахад хүргэдэг. Сэтгүүлчдийн ажлын цагийн тодорхой хэсэг ч энд үрэгддэг. Гэхдээ тэнд сэтгүүлчдийн баг ажиллаж байна, цалинжих ёстой. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бэ?

-Бусад улс оронд бол эзэн, редакцийн хоёр тусгай гэрээ байгуулсан байдаг. Сэтгүүл зүйн үнэт зүйл хараат бус байдалд тулгуурлаж байж л хэвлэл мэдээлэл олон нийтийн дунд нэр хүндтэй байна. Бизнес бол хэрэглэгчийнхээ итгэлийг хүлээж ашигтай бизнес хийнэ. Яг энэ нь манайд гажуудалтай байгаад байна.

Сэтгүүл зүй өөрөө мэдээллийн бизнес мөн үү гэвэл мөн. Уул уурхай, нүүрс, тавилга, хүнсний үйлдвэрлэлтэй адилхан л бизнес. Ялгаа нь гэвэл мэдээллийг амархан урвуулан ашиглаж болдог, эсвэл хэтрүүлэн ашиглаж болдог. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаас хойш Монголд хувийн ба арилжааны хэвлэл мэдээллийн хэрэгсэл давамгайлах болсон. НҮБ-ын хүний эрхийн хорооноос баталсан 34 тоот тайлбарт “Ардчилсан улс хэвлэл мэдээллийн гурван хэлбэрийг хүлээн зөвшөөрнө” гэсэн байдаг юм.

Нэг: Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл,

Хоёр: Хүйн буюу нийт үндэсний эрх ашгаас өөр, хэлний цөөнх, эсвэл жижиг газар нутаг, сумын иргэд гэх мэт бүлгийн нийтлэг эрх ашигт нийцсэн хэвлэл.

Гурав: Арилжааны хэвлэл мэдээллийн хэрэгсэл.

-Энд гол нь ямар тэнцвэр барих ёстой вэ?

Бусад оронд ХМХ болон сурталчилгаа түгээх хүсэлтэй бизнесийн компаниудыг холбодог зуучлалын компани ажиллаж байдаг. Тэд редакцтай наймаагаа хийнэ. Өнөөдөр манай хэвлэл мэдээллүүд гурван төрлийн мэдээг түгээж байна.

Нэг: Сэтгүүл зүйн хараат бус мэдээлэл,

Хоёр: Пиар мэдээ,

Гурав: Зар сурталчилгаа гэсэн. Пиар мэдээлэл, зар сурталчилгаа хоёр бол цэвэр наймаа. Би чамд эфирийн тэдэн цагийг тэдэн төгрөгөөр өглөө. Сонины зай талбайг тэдэн төгрөгөөр өгнө гэсэн наймаа явагддаг. Эндээс босгосон мөнгөөр хараат бус мөнгө сэтгүүл зүйгээ дэмжээд явдаг. Харин манай бүх мэдээллийн хэрэгсэлд гурван төрлийн мэдээллээ холиод аваад явж байна.

Бараг сэтгүүлчдээ төлбөртэй материал олоод ир гэсэн даалгавар өгөөд явуулчихдаг. Үүнээс нь болоод сэтгүүлч хийх ёстой ажлаа хийж чадахгүй байна. Би юу бичих вэ. Маргааш ямар сэдвээр, ямар асуудлаар юм бичвэл манай сонины хэрэглэгч, уншигч нэмэгдэх вэ гэсэн нийтлэлийн бодлого бодоод, түүнд тохирсон чанартай материал хайж явах ёстой атал манайхан гурван төрлийн мэдээллээ хольчихоод аваад яваад байна.

-Сэтгүүлчдийн гараас ихэнхдээ цаг үеийн мэдээ мэдээллүүд гарч байна. Тэдэнд гайгүй сайн бүтээл хийх цаг зав хомс байгаад байна л даа?

-Редакц нь жижиг учраас цөөхөн хүнээр их юм хийлгэх гээд нөгөөдүүл нь тамираа барж байгаа. Сэтгүүлчид өөрөө байнга мэдээллийн дунд явдаг. Өөрийгөө ч боловсруулж байх ёстой байтал энэ чадвараа алдчихаад байна. Нөгөө талаар эрэн сурвалжлах сэтгүүл зүй өөрөө өртөг өндөртэй. Энэ зардлыг даагаад эрэн сурвалжлага хийх, бүхэл бүтэн эрэн сурвалжлах баг тэжээх санхүүгийн чадавхтай ХМХ хэд байгаа вэ гэсэн олон асуудал манайд яригдахаар л байна.

Жишээ ярихад, The Guardian сонины эрхлэгч солигдсон байгаа юм. Шалтгаан нь рекламаа цацах компаниудад сонины хэвлэлтийн тоог нэмж хэлсэн явдал. Реклам олохын тулд реклам олгогчдоо худал мэдээлэл өгч, ёс зүйгүй үйлдэл гаргасан эрхлэгч ажлаасаа халагдсан. Манайхан бол бараг магтана. Ийм урвуу тогтолцоо манайд бий болчихсон байна.

-Пиарын компаниуд манайд нэлээн их болсон. Тэд бүтээгдэхүүнээ хаагуур яаж зарах аргаа ч олсон байх. Зар сурталчилгааны зуучлагчдыг харин арилжааны ХМХ-үүд үүд хаалгаараа оруулж иртлээ хэр удах бол?

-Иргэдийг хамгийн их төөрөгдүүлдэг зүйл бол пиар мэдээ. Манай хэвлэлүүд их хийдэг. Төлбөртэй мөртлөө сэтгүүл зүйн аргаар хийгээд байдаг. Хүн харахаар ярилцлага. Манай хэвлэлүүдэд нэг буруу жишиг яваад байна. Жишээ нь, Оюутолгой шиг адгийн компани байхгүй гэсэн ярилцлага, нийтлэл, өгүүлэл хоёр гурван удаа гаргачхаад, дараа нь Оюутолгой шиг хэрэгтэй газар байхгүй гээд бас нэг мэдээлэл гараад ирдэг. Үүнийгээ манайхан тэнцвэрээ хадгалж байна аа гэж тайлбарладаг. Энэ чинь тэнцвэр биш байхгүй юу.

Уул уурхайн компаниудын сул тал, давуу талыг харуулсан, олон хүний байр суурьтай бичсэн цэвэр сэтгүүл зүйн бүтээл бараг байхгүй. Сэтгүүл зүйг энэ мэтээр амархан урвуулж болдог учраас хүн бүхэн сэтгүүл зүйг хараад байна. Урлаг, спортын одод, өөрийгөө олон нийтэд таниулах, алдаршуулах гэсэн улстөрчид, улс төрийн намууд тэр бүү хэл Төрийн байгууллагууд ч ХМХ-ийг мэдээгээ цацах чухал хэрэглүүр гээд харж байна.

Эндээс МАН-ын сэтгүүлч, АН-ын сэтгүүлч гэсэн нэр томьёо хүртэл гараад ирсэн байна билээ, тийм зүйл байх ёсгүй шүү дээ. Хэн мэдээллийг урвуулж, хэтрүүлж ашиглахыг хүсдэг вэ гэвэл эрх мэдэлтнүүд. Тэд өөрийн хүссэн мэдээллээ өөрт зориулан гаргуулах сонирхолтой. Хатуухан хэлэхэд иргэдийн тархийг угаах сонирхолтой. Түүнд нь сэтгүүл зүй автахгүй байх ёстой. Тиймээс л хараат бус байх ёстой.

ХҮЧИРХЭГ БАЙЯ ГЭВЭЛ НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ

-Олон жил сэтгүүл зүйн салбарт ажилласан туршлагатай, чадвартай, үйл явдалд анализ хийдэг сэтгүүлчид нэг нэг жижиг ТВ, сайт ч юм уу ХМХ-ийн хэрэгсэлтэй болоод гараад явж байна. Ийм сарниж, бутарсан хэвлэл мэдээллийн салбарыг ямар ирээдүй тосон хүлээж байгаа бол?

-Аливаа ХМХ хүчирхэг байя гэвэл чадвартай сэтгүүлчдээ тогтоох хэрэгтэй. Жижиг жижиг болж задрах биш, нэгдмээр байгаа юм. Хэвлэл мэдээлэл жижгэрсэн учраас боловсон хүчний нөөцгүй, сэтгүүлчид нь ачаалал өндөртэй ажилладаг. Гурван сар цалингаа аваагүй гэж ярьж байгаа сэтгүүлчид хүртэл таарч байна.

Гэтэл шинээр ТВ нээгдээд байх юм. Би гайхдаг. Заримдаа таньдаг хүнээсээ “Чи яаж амьдрах гэж үүнийг байгуулж байна” гэхээр “Болох байх” гэсэн хариу өгч байна. Яаж болгох гээд байгаа юм, гайхмаар.

Сонгууль ойртохоор хөдөө орон нутагт жижиг радио, сайтын тоо нэмэгдчихдэг. Нэг хүн очоод радио, ТВ байгуулаад яваад өгдөг. Дараагийн сонгууль хүртэл 4 жил нэг хүнд хариуцуулаад үлдээчихдэг. Нөгөө этгээд амыг нь барьчихгүй ажиллуулж байх санаатай дэгдээд л явдаг. Орон нутгийн жижиг хэвлэлүүд рекламны зах зээл байхгүй. Тэнд хараат бус бие даан санхүүжнэ гэхэд хэцүү шүү дээ.

Олон улсын сэтгүүчдийн холбоо тухайн хэвлэл санхүүгийн хувьд хараат бус байж чадахгүй л юм бол улс төрийн хувьд хараат байж чадахгүй гэж үздэг. Санхүүгийн хараат биш байдал гэдэг бол адаглаад л орлогын эх үүсвэр нь олон. Нэг нам, нэг хүнээс санхүүждэггүй, эрх чөлөө, хараат бус байдлаа хадгална гэсэн үг.

-ХМХ яагаад олшроод байна вэ. Зардал өндөртэй телевизийг хүртэл олноор байгуулж байгаагийн шалтгаан юу вэ?

-Зүгээр ажиглалтаа хэлье, түүнээс биш судлаад хийсэн дүгнэлт биш шүү. ТВ-ийг хоёр чиглэлээр л байгуулж байна. Эхнийх нь яах аргагүй улс төрийн арга хэрэгсэл, ухуулга сурталчилгаанд ашиглах гэж. Нөгөө нь суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болгох гэж.

Ухуулга сурталчилгаа, маркетингийн арга хэрэгсэл болгож, бүтээгдэхүүн сурталчилж, түүнийгээ борлуулахад зориулсан нэг суваг нээдэг ч юм уу. Ийм байдлаар. Манайхны бас нэг туйлшрал байна. “Чи телевизтэй болж яах гэж байгаа юм” гэхээр “Мэдэхгүй хүмүүс хэрэгтэй л гээд байх юм” гэж хариулдаг. Хэргийг нь гаргаж чадахгүй, мэргэжлийн биш хүмүүст бол энэ бол уг нь эрсдэл.

-Улстөрийн хүрээнд өөрийн гэсэн телевиз, сайт, сонин хэвлэлтэй байх хэрэгтэй гэх хандлага бий болоод удсан. Эрх мэдлээ хадгалж үлдэх, хамгаалах хэрэгсэл гэж хараад байна уу?

-ХМХ-ийг “Эрх мэдлээ хадгалж үлдэхэд тус болно” гэдэг талаас харж байгаа болохоос биш “Энэ чинь манай иргэдэд үнэн мэдээллийг түгээх үнэт зүйл шүү” гэж ер харахгүй байна. Энэ санааг дагаж хуйлардаг сэтгүүлчид ч байна. Нөгөө талаар сэтгүүлчид цалин муутай, ингэж амьдрахаас өөр яахав гэх яриа бий. Сэтгүүлчид давхар сурталчилгааны ажил дээр ажиллаж болно. Гэхдээ тэр нь ил тод байх ёстой.

-Хэн нэгэн сэтгүүлч өөрөө бие даагаад ХМХ гаргаад ирье гэхээр салбараас нь дэмждэггүй хэр нь дарамт учруулах, няцаах тохиолдол ч байдаг талаар манайхан дотооддоо ярилцаж байна. Иймэрхүү зүйлийг яаж зохицуулбал зүгээр вэ?

-Монголд байгаа өвөрмөц бохир үзэгдэл. Сая манайх Хуульчдын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл хоёртой хамтарч Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг хийсэн. Хуульчдын холбоо эрх зүйн тал дээр, Хэвлэл мэдээллийн зөвлөл фокус ярилцлага хийх, санал асуулга анкет бөглүүлэх аргаар судалгаа хийсэн. Эндээс энэ асуугаад байгаад зүйл гарч ирж байгаа юм.

Ямар нэгэн асуудлыг нийтлэхээс өмнө, нийтлэгдсэний дараа нэгт, дарамт ирдэг, хоёрт хүсэлт ирдэг. Би наад хүнээс чинь ийм тийм тусламж авсан. Энэ удаа өнгөрөөчих ч гэдэг юм уу янз бүрийн хэлбэрээр. Хэрвээ ХМХ бохир байх юм бол нийгэм бохир л байна. Хамгийн их сэтгэл зовоох зүйл чинь энэ байхгүй юу.

Би нэг хэсэг багшилсан. Одоо бол багшилдаггүй л дээ. Тэр үед оюутнуудаас “Та нар яах гэж сэтгүүлч болсон юм бэ” гэж асуухаар “Гоё шүү дээ” гэсэн хариулт олон ирж байсан. Зарим нь тэргүүн фронт энэ тэр гээд тайлбарладаг. Дэлгэцээр гараад олны танил болж алдарших нь гоё гэж бодсон учраас л гоё гэж хэлээд байна шүү дээ. ТВ-ээр хангалттай сайн биш мэдээ уншиж гарсаар байгаад олны танил боллоо гэж бодъё. Тэр хүний зорилго биелэгдсэн байж магадгүй юм. Уучлаарай сэтгүүлч хүний зорилго бол тэс өөр.

-Сэтгүүлчдэд байх ёстой нандин чанар, тууштай байсны давуу тал бас дарамтыг тэсвэрлэх гэх мэт тулгардаг бэрхшээл, буруутай үйлдлээсээ болоод салбартаа ажиллах боломжгүй болсон зэрэг бодит кэйсүүдийг танилцуулж байх нь зөв гэсэн үг үү?

-Хамгийн түрүүнд тэр хүнд үнэнийг хэлэх эр зоригтой байх ёстой. Үнэнийг хэлэх амаргүй. Үнэнийг хэлэхээр эндээс ч тэндээс ч дарамт ирнэ. Төрсөн ах дүү нь хүртэл ярина. Монгол жижиг учраас хөндлөнгөөс нөлөө орж ирээд байдаг. Ямар ч эрсдэлийг туулахад бэлэн гэсэн дотоод итгэл үнэмшилтэй хүнийг сэтгүүлч хийдэг юм.

Тийм учраас сурч байгаа оюутнуудад сэтгүүлчдэд тохиолддог асуудал бэрхшээлийн талаар багш нар нь сайтар дуулгах хэрэгтэй. Ингэж хэлэхээр манай Сэтгүүл зүйн танхимын багш нар хэцүү бэрхийг нь дуулахаар хаяад явчихдаг гэж байгаа юм. Хаяад яваг л дээ. Хаяад явбал сайн л байхгүй юу.

Би бүх сэтгүүл зүйн сургуулиудын чанар муутай гэж шүүмжлэхгүй ээ. Тэд хийх ёстой зүйлээ хийж байгаа. Гэхдээ сэтгүүл зүйгээр суръя гэж бодож байгаа бол эхнээсээ бодолтой хандах хэрэгтэй. Би зүгээр л ТВ хөтлөгч болно гэж бодож байгаа бол жүжигчний ангид орсон нь хамаагүй дээр. Дараа нь мэргэшиж болно. Хэрвээ “Би Ларри Кинг шиг алдартай сэтгүүлч болно” гэвэл чиний өмнө байнга эрсдэл тулгарах учраас үүнийг эсэргүүцэх чадвартай байх ёстой. Чиний дотоод итгэл үнэмшил бүхнийг ялахад бэлэн л байх ёстой. Сэтгүүлчийн мэргэжил тийм ч амар мэргэжил биш.

Ер нь тэгээд ямар сэтгүүл зүй байна, улс орон, нийгэм нь тийм л байна. Бохир байвал нийгэм бохир л байна. Гэтэл тэр нийгэмд, энэ улс оронд өөрийн чинь үр хүүхэд, ач гуч амьдарна шүү дээ. Адаглаад сонгуулийн сургаар хэн нэг улстөрч, улс төрийн намыг дагаж далдаганах биш. Миний улс орон, миний үр хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гэдэг бодлоор, ийм сэтгэлээр сонгуулийн сэтгүүл зүйгээ хиймээр байгаа юм.

Ярилцсан Н.ЦЭНДБАТ /updown.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • k (103.26.193.137)
    yostoi goy yriltslaga bolson baina. bayarlalaa
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 44 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 11 цаг 1 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top