Цэцийн даргаас чөлөөлсөн нь хариуцлага хүлээлгэсэн хэрэг мөн үү?
Ёс зүй, ёс суртахуун гэж чухам юу вэ? Ёс зүй хэмээх энэ зүйл улс орны хөгжилд сайн, муу ямар үр дагаврыг авчирдаг юм бол?
Саяхан болсон нэгэн хэрэг явдал энэ асуултад хариулт нэхэхэд хүргэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга гадаад улсын нутаг дэвсгэрт бусдад бэлгийн дарамт учруулсан шалтгаанаар баривчлагдаж, цагдаагийн байгууллагад саатуулагдан хилийн хориг тогтоолгов. БНСУ-ын хуулиар мөнгөн торгууль төлж байж эх орондоо ирсэн ч дуртай дургүй албан тушаалаа өгөөд ажилдаа орлоо. Түүнийг Цэцийн даргаас чөлөөлсөн авч, Цэцийн гишүүнээс чөлөөлсөнгүй. Өмнө суудал голлодог байснаа болиод хажуу талын суудал руу шилжиж суусан төдий. Олон нийт түүнийг хийсэн үйлдэлдээ тохирсон хариуцлага хүлээсэнгүй хэмээн шүүмжилж байна.
Төрийн, улс төрийн аливаа албан тушаалтанд хүлээлгэх хуулийн хариуцлага, улс төрийн хариуцлага, ёс зүйн хариуцлага гэж юм бий. Эхнийх нь тухайн албан тушаалтны гэм бурууг шүүхээр тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Д.Одбаярын хувьд БНСУ-ын хууль хяналтын байгууллага торгох шийтгэл оногдуулсан учраас “Ял, хариуцлагыг давхардуулахгүй” гэдэг үндэслэлээр Монгол Улс түүнээс “ял асуух” боломжгүй болж байх шиг байна. Харин улс төрийн хариуцлагыг түүнийг томилсон байгууллага нь ярих ёстой ч Цэцийн гишүүний халдашгүй байдал гэдгээр халхавчлагдаад хариуцлага тооцох боломжгүй болж байна. Учир нь Монгол Улсын хуулиар түүнийг “гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан, эсвэл шүүхээр гэм бурууг нь тогтоосон” нөхцөлд л Цэцийн гишүүнээс огцруулах боломжтой. Гурав дахь нь ёс зүйн хариуцлага. Гэвч үүнийг нь манайд хуулиар зохицуулаагүй учраас ёс зүйн алдаа гаргасан этгээд өөрөө хүсээгүй тохиолдолд өөр хэн нэгэн хариуцлага тооцох боломжгүй болгож байна. Харин бусад улс оронд ёс зүйн асуудлыг яаж шийдвэрлэдэг вэ?
Саяхан АНУ-ын конгрессын гишүүн Кэти Хилл өөрийн ажилтан эмэгтэйтэй бэлгийн харьцаатай байсан нь илэрсний дараа Конгрессийн гишүүнээс огцорч байгаагаа мэдэгдсэн. Хэдийгээр америкчууд хүнийг нас хүйс, үндэс угсаа, хэл соёл, бэлгийн чиг хандлагаар нь гадуурхах аливаа хандлагыг эсэргүүцдэг ч тэрээр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснийхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйгаад Конгрессээс гарсан юм.
Бас нэгэн жишээ... Японы нэгэн сайд сэтгүүлч эмэгтэйд ёс бус үг хэлж, бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгагдах явцдаа намынхаа шахалтаар өөрөө огцрох өргөдлөө өгч байв. Түүнийг хэргээ хүлээхгүй маргаж байх үед нотлох баримт болох бичлэг олдсон тул түүнийг хуулийн хариуцлага хүлээхээс өмнө нэр дэвшүүлсэн нам нь улстөрийн хариуцлага тооцсон хэрэг. Мэдээж хэргийг шалгаж дууссаны дараа түүнд шүүхээс хуулийн дагуу хариуцлага тооцох болно. Өөрөөр хэлбэл, ёс зүйн болон улс төрийн хариуцлага гэдэг хуулийн хариуцлагын өмнө явдаг. Илүү өндөр түвшний асуудал юм л даа. Тиймээс дээрх үйл явдлын дараа Японы Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын гишүүнийхээ үйлдсэн хэргийн төлөө ард түмнээсээ уучлалт гуйн бөхийж байв. Ёс зүй гэдэг энэ аж. Харин манайд нөхцөл ямар вэ? гэдгийг дээр өгүүлсэн.
Хуульч Ж.Бат-Амгалан: Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн шаардлага, хариуцлага гэж манайд алга
Үндсэн хуулийн цэцийн даргын тойрсон дээрх асуудлаар хуульч Ж.Бат-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цэцийн даргын гаргасан үйлдэлд хуулийн хүрээнд хариуцлага тооцох боломжгүй гэж байгаа ч ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэдэг хүлээнд иргэдийн дунд асар их байлаа. Манайд төрийн албан тушаалтны, тэр дундаа Цэцийн гишүүний ёс зүйн асуудлыг яаж авч үздэг юм бэ? Ёс зүйн кодекс гэж байдаг болов уу?
-Нэг талаасаа Үндсэн хуулиар шүүхээр эцэслэн шийдээгүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гээд заачихсан байгаа. Нөгөө талаасаа ёс зүйн хариуцлага дээр манайд тогтсон зүйл алга байна. Тоочих юм бол сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа олон асуудал байна. Улс төрийнхний ёс зүйтэй холбоотой хариуцлага хүлээсэн, хүлээлгэсэн зүйл алга. Гадны жишгээр улс төрийн хариуцлага хүлээгээд ажлаа өгөх нь хамгийн эхний, ойлгомжтой асуудал. Олон нийтээс, ард иргэдээсээ уучлалт гуйн бөхийнө гэдэг хамгийн том хариуцлага. Уучлалт гуйх нүүртэй байна гэдэг өөрөө маш том ёс суртахуун. Манай улсад бол уучлалт гуйгаад албан тушаалаасаа бууж байсан тохиолдол алга. Ямар нэгэн байдлаар “би гэм буруугүй, миний өмгөөлөгчтэй харилц” гэдэг байдлаар асуудалд хандаж ирсэн.
Төрийн болон бусад байгууллагын дотоод дүрэм журамд ёс зүйн хэм хэмжээг зааж өгдөг, ёс зүй хороо ч байдаг. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж бас байна. Шүүх байгууллагад гэхэд шүүхийн ёс зүйн хороо ажиллаж байна. Хэргийг хэрхэн шийдсэн бэ гэдгээр биш, хэрэглэж байгаа үг хэллэг, гаргаж буй үйлдэлд нь ёс зүйг баримтлахыг шаарддаг. Харин улс төрийн, төрийн өндөр албан хаагчдын хувьд ёс зүйн шаардлага, ёс зүйн хариуцлага гэдэг зүйл алга байна.
-Д.Одбаярын хувьд өөрөө өргөдлөө өгч Цэцийн даргаас чөлөөлөгдсөн. Гэвч өргөдөлдөө ямар шалтгаанаар ажлаа өгөх болсон тухайгаа дурьдаагүй. Үүнийг ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцож болох уу? Цэц ийм өргөдлийг хэлэлцэх боломжтой юу?
-Би тэр өргөдийг нь харсан. Шалтгаанаа дурьдаагүй байсан. Төрийн албаны болон хөдөлмөрийн хуулиар төрийн албан хаагчийг, ер нь бусад байгууллага ч мөн адил ажил, албан тушаалаас чөлөөлөхөөр бол заавал шалтгааныг нь тусгаж өгсөн байдаг. Цэцийн шийдвэрт “өөрийнх нь хүсэлтээр” гэдэг ерөнхий зүйл бичсэн байх. Цэцийн даргаа өгөөд гишүүнээрээ үлдэж байгаа нь ч гэсэн хэлбэрийн төдий л хариуцлага болж байна.
-Д.Одбаяр нь БНСУ-ад мөнгөн торгууль төлж эх орондоо ирсэн. Энэ нь түүнийг гэм буруутайг нотолсон хэрэг биш үү?
-Анх гарсан мэдээлэл нь “БНСУ-ын агаарын орон зайнд буюу тухайн орны нутаг дэвсгэр дээр эмэгтэй хүний биед бэлгийн дур хүслээр халдаж хүрсэн” гэсэн байсан. Солонгосын тал мэдээж тодорхой нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр саатуулсан байх. Гэвч Монгол Улсын хуулиар Цэцийн гишүүн халдашгүй бүрэн эрхтэй байдаг. БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлснээр Д.Одбаярыг нэгдүгээрт гадаад улсын иргэн хүн, хоёрдугаарт анх удаа хэрэгт холбогдсон, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэгт үндэслэн “Нисэхийн аюулгүй байдалд саад учруулсан” гэдгээр мөнгөн торгууль оногдуулсан гэсэн байна лээ. Бусдад бэлгийн дарамт учруулсан гэдгээр биш.
-Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга хүн гадаад улсын нутаг дэвсгэрт биеэ зохисгүй авч явсан, улсынхаа нэр хүндийг унагаасан гэдэг нь түүнд хариуцлага тооцох шалтгаан биш үү?
-Цэц бол Үндсэн хуулийн шүүх, хоёрдугаарт Үндсэн хуулийн манаач. Цэцийн дарга гэдэг бол Монгол Улсын дээрээсээ дөрөвдүгээрт ордог том албан тушаал. Үндсэн хуулийн цэц гэдэг бол шүүх засаглалын ноён оргил нь гэж болно. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн гаргаж буй шийдвэрт хяналт тавьдаг тусгай субект. Энэ утгаараа Цэцийн гишүүн, Цэцийн дарга хүн маш өндөр ёс суртахуунтай байх ёстой. Энэ бол Д.Одбаяр гэдэг хүн сайн ч хүн байж, муу ч хүн байж болно. Алдаж оносон ч байж болно. Гэхдээ энэ удаагийн хэрэг явдал хувь хүнтэй холбоотой асуудал биш. Бүхэл бүтэн улс үндэстний нэр төр, ёс суртахуунтай холбоотой асуудал. Нэг хүний асуудал биш гэсэн үг.
Тиймээс энэ хэмжээний ёс зүйн алдаа гаргасан бол уулчлалт гуйгаад, ажлаа өгдөг жишиг тогтох ёстой. Тэгвэл наанадаж хууль, шүүхийн байгууллагын ажлыг хөнгөвчлөх, цаашлаад олон нийтийг үнэн, худлаа мэдээллээр төөрөлдүүлэхгүй зөв жишиг тогтоно. Дэлхийн улс орнуудын жишиг ч ийм байгаа. Ганц манайд л өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн, улс төрийн албан тушаалтнуудаас өөрөө уучлал гуйгаад, ёс зүйн хариуцлагаа хүлээгээд явсан тохиолдол алга. Гэхдээ өнөөдөр ч, цаашид ч тийм боломж байгаа. Тийм жишгийг бид тогтоох ёстой. Тийм үлгэр дуурайллыг бий болгох ёстой. Бид бага багаар урагшаа алхаад, ёс зүй шаарддаг, хариуцлага хүлээлгэдэг болчихвол тав, арван жилийн дараа хэдийн соёл болоод тогтчихно. Ийм үлгэр дуурайллыг “би, бид бий болгосон” гээд бардам сууж болмоор санагдах юм. Тийм төлөвшсөн, хариуцлагтай нийгмийг бүтээхийн тулд залуучууд бид л түрүүлж дуугарах ёстой шүү дээ.
Ц.ТУЯА
Сэтгэгдэл (12)