Шүүгчийн ажлын ачаалал, орон тооны талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Шүүхийн төсөвт 20 шүүгчийн орон тоо нэмэгдэхээр тусгагджээ. Шүүгчдийн ажлын ачаалал, орон тооны өнөөдрийн бодит байдал ямар байна вэ?
-Шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх иргэдийн эрхийн мэдрэмж, эрх зүйн соёл, ухамсар дээшилж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо жил ирэх тусам өсч байна. Монгол Улсын бүх шатны шүүх 2014 онд 48.6 мянган хэрэг шийдвэрлэж байсан бол 2016 онд 64.4, 2017 онд 66.3 мянга, 2018 онд шүүхээр нийт хянан шийдвэрлэсэн хэрэг өмнөх оныхоос 20 хувиар, үүнээс эрүүгийн хэрэг 42 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Төвлөрөл ихтэй хот суурин, дүүргийн шүүхүүдийн шүүгчийн ажлын ачаалал хэрээс хэтэрсэн гэж хэлж болохуйц хэмжээнд нэмэгдсэн.
Жил бүрийн шүүхийн төсвийн гачигдлын улмаас УИХ-аас тогтоосон орон тооны дээд хязгаарт хүрч ажиллаж чадалгүй 4 жилийн нүүр үзэж байгаа нь шүүхийн хүний нөөцийн хүндрэл, тулгамдлыг бий болгоод байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхэд 479 шүүгч шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь тогтоосон хязгаараас 220 шүүгчийн орон тоогоор дутуу ажиллаж байна. Үүнээс үүсэх үр дагавар нь шүүх, шүүгч, иргэдэд аль аль талд нь хүндрэл, гажуудлыг үүсгэнэ.
-УИХ-аас баталсан орон тооны дээд хязгаар гэж та ярилаа. Тодруулахгүй юу?
-2016 онд УИХ-ын 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон. Шүүгчийн орон тоог шүүхээр шийдвэрлэж буй хэрэг маргааны өсөлт, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхтэй уялдуулж нэмэгдүүлдэг нь дэлхийд тогтсон жишиг. Харамсалтай нь манайд дээрх байдал эсрэгээрээ. Шүүгчийн ажлын ачаалал өсч, орон тоо нэмэгдэхгүй байгаа нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдах, Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөх, шүүхийн шийдвэрийн чанарт нөлөөлөхөөс гадна шүүгчийн эрүүл мэнд, сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна.
-Шүүх, шүүгчдээс энэ асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ямар түвшинд тавьдаг юм бэ?
-2019 оны байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхүүдээс нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал огцом нэмэгдсэн, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрсэн гэх үндэслэлээр шүүгчийн орон тоо нэмэгдүүлэх, шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай санал, хүсэлт давхардсан тоогоор 160 гаруй ирсэн.
Шүүхийн ерөнхий зөвлөл эдгээр санал, хүсэлтүүдээс нэн тэргүүнд орон тоог нэмэгдүүлэх, нөхөн бүрдүүлэлт хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн байдлыг харгалзан анхан шатны 14 шүүхэд тус бүр 1 шүүгч шинээр, адил шатны 10 шүүхэд тус бүр 1 шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр томилуулсан. Мөн дээрх үүссэн нөхцөл байдлыг "амь торгоох” байдлаар буюу давхардсан тоогоор нийслэлийн 25 шүүхэд 31 шүүгчийг 3 сарын хугацаатай томилолтоор ажиллуулах замаар хүний нөөцийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлж ажилласан.
Цаашид шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд шүүгчийн орон тоог УИХ-ын 42 дугаар тогтоолоор тогтоосон орон тооны дээд хязгаарт хүргэж ажиллуулах, цалингийн санг төсөвт суулгах зэрэг шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн хүний нөөцийг оновчтой төлөвлөн бүрдүүлэх сорилт тулгарч байна.
УИХ-ын 42 дугаар тогтоолоор тогтоосон шүүгчийн орон тооны хязгаарт тухайн орон нутгийн байршил, хэрэг маргааны гаралт, хүн амын бүтэц, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоо зэрэг хүчин зүйлийг харгалзан өөрчлөлт оруулахаар холбогдох судалгаа төслийг бэлтгэсэн.
-Шүүгчдийн ажлын ачааллыг яаж тодорхойлдог юм бэ? Ачаалалтай ачаалалгүйг ямар үндэслэлээр, хэн тооцдог юм бэ?
-Шүүгчийн албан тушаал олон нийтийн хараа хяналтан дор ажилладаг өндөр хариуцлагатайнхаа хэрээр тархи амардаггүй, мэргэшлийн онцгой ур чадвар, нийгмийн мэдрэмж, хувь хүний хөгжлийг шаардаж байдаг амаргүй хөдөлмөр. Энэ хэмжээнд олон нийтийн зүгээс шүүгчид өндөр шалгуур бүхий шударга ёсны мөнхийн хүлээлттэй. 2018 онд өмнө нь дурдсан шалтгааны улмаас шүүгчийн ажлын ачаалалд нөлөөлж буй хүчин зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох зорилгоор "Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох” судалгааг хөндлөнгийн хараат бус судлаачдын багаар гүйцэтгүүлсэн. Судалгаанд нийслэл орон нутаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны 20 шүүхийн 180 шүүгчээс 60 гаруй шүүгчийг хамруулж, шүүх, шүүгчийн хөдөлмөр зохион байгуулалтын талаарх харьцуулсан дүн шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүнд 1 шүүгч жилийн хугацаанд шийдвэрлэх хэргийн зохистой харьцаа буюу хэвийн ажлын ачааллыг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 200, эрүүгийнх 75, захиргааных 42 хэрэг гэж тодорхойлсон.
-Бодит байдал энэ дүнгээс хэр зөрүүтэй байна вэ?
-Нийслэл, дүүргийн шүүхүүдийн ажлын ачаалал хэвийн хэмжээнээс бараг 1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Шүүгчийн ажлын ачааллын судалгаа нь ажлын байрны зураглалаар шүүгч нэг хэргийг шийдвэрлэхэд хэр хугацаа зарцуулдаг, шүүх хуралдаанд хэдэн цаг ордог, шүүн таслах ажиллагааны тэр бүр бидний анзаардаггүй чимхлүүр ажлууд, шийдвэр хугацаандаа гарч буй эсэх, сургалтад хамрагдах зэргийг бодитоор үнэлж чадсан. Шүүгч ажлын өдөр тогтмол уртасгасан цагаар, амралтын өдрөөр ажиллаж буй нь эрүүл хүний физиологиос давчихсан ачаалал гэж судлаачдын ажиглалт, туршилтаар нотлогдсон. Ялангуяа, дүүргийн шүүхийн шүүгчдийн хувьд ажлын хэт их ачаалал нь биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл 2015 оноос шүүгчийн амь нас, эрүүд мэндийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн. 2018, 2019 онд даатгалын нөхөн төлбөр олгосон 116 тохиолдлын 70 хувийг удаан хугацаанд суухаас үүдэх үе мөч, нурууны өвчлөл, тархины цусан хангамжийн дутагдал гэсэн онош эзэлж байна. Мөн 2019 онд хийсэн "Шүүгчид үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, нөхцөл боломж” судалгааны үр дүнд шүүгчдийн 91 хувь нь сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай гэж үзсэн. Тодруулбал, нийт шүүгчдийн тавиас дээш хувьд нойргүйдэх, толгой өвдөх, амархан ядрах шинжүүд, дөчөөс дээш хувьд санаа зовних, байнга ажлаа бодох, уурлах бачимдах гэх мэт стрессээс үүдэлтэй сэтгэл зүйн шинжүүд илэрдэг байна.
-Өнгөрсөн хугацаанд шүүгчийн эрүүл мэнд, амь настай холбоотой үүссэн ноцтой асуудлууд байна уу?
-Ажил мэргэжил болгон өөрийн гэсэн зовлон, бэрхшээлтэй. Үнэнийг хэлэхэд, шүүгчид өнөөг хүртэл ажил албаны зайлшгүй шаардлагаар эрүүл мэнд, амь настайгаа холбоотой асуудалд маш больхи цөлх хандаж ирсэн. Бүрэлдэхүүн хүрэлцэхгүй, орон тооны дутагдал, ажлын ачааллаас үүдэж, өвдөх, хэтрүүлж хэлбэл үхэх ч эрхгүй ажиллаж байгаа. Гэвч шүүгчээс шударга ёсыг шаардаж байна гээд өвдсөн ч шүүх хурлынхаа танхимд алхаа атгаад үх гэж тулгаж болохгүй. Эрүүл мэндийн нууц нь хувь хүний нууцад хамаардаг. Ихэнх тохиолдолд шүүгч нар аргагүйдсэн шатандаа ирэх хэмжээнд очихоороо Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж чөлөө хүсдэг.
Шүүгч ажлаа хийж яваад амь насаа алдах, хавдраар өвчлөх, тархи зүрхний өвчлөл, үр зулбах, хөдөө орон нутагт ар гэрээсээ хол ажилладаг шүүгчид амралтын өдрөөрөө ирж яваад осолд орох мэтчилэн амь нас, эрүүл мэндийн асуудал яривал хүндрэл их. Хагалгаанд орсон шүүгч наркозноосоо "Шийдвэр дээрээ гарын үсэг зурья” гэж сэрдэг хүртэл ажлын стресс тэднийг бодитоор нүүрлэсэн. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг шиг шүүгч өндөр цалинтай гэсэн шүүмж нийгэмд байгаа болохоор энэ мэт хүндрэлийг ойлгохгүй байх талтай. Гэвч Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд шүүгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж ирсэн, хамгаалсаар байгаа, хамгаалсаар ч байх болно. Тиймээс шүүгчийн ажлын ачаалал их байна гэж зовлон тоочоод суух биш шүүхийн хүний нөөцийн бодлогын түвшинд асуудлыг боломжит хувилбараар шийднэ.
-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн цалинг олон жил тэмцэж байж тогтоож авсан. Одоо энэ сэдвээр ямар нэг хүндрэлгүй гэж үзэж болох уу?
-Шүүгчийн цалин олон жил "гал ассан” сэдэв байж, амжилтанд хүрсэн үү гэвэл хүрсэн. Гэвч асуудал дуусаагүй. Ингэж хэлэхээр олонх нь эгдүүцэж магадгүй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д "Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж заасан. Энэ хүрээнд 2015 онд УИХ-аас бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон. Манай шүүгчдийн одоо авч байгаа цалин, нэмэгдэл дэлхийн бусад улс оронтой харьцуулшгүй бага. Дэлхийн жишиг ярилаа гэж бас шүүмжлэх л байх. Гэвч нэгэнт хуульдаа цагаан дээр хараар бичсэн шиг өнөөдөр шүүгчийн цалин эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан хэмжээний гэж үзэхээргүй түвшинд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу тавьсаар байх болно. Шүүгчид үндсэн цалингаас гадна ажилласан жилийн 2 хувийн нэмэгдлээс өөр бусад төрийн албан хаагчид шиг олон нэмэгдлүүдийг авдаггүй. Тухайлбал, төрийн албанд 20 жил ажилласан хүн шүүгч болоход төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нь тооцогдохгүй явж ирсэн.
Тийм учраас үндсэн цалингаасаа гадна хуульд заасан нэмэгдлүүдээ авдаг төрийн тусгай албан хаагчидтай шүүгчийн цалин ойролцоо. 2015 оноос хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөлт их гарсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бараг нэг дахин нэмэгдсэн, үүнийгээ дагаад төрийн албан хаагчид болон хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн цалин хөлс нэмэгдсэн. Харин шүүгчийн цалин анх тогтоосноороо байгаа.
-Цаашид анхаарах асуудал, бодлогын гарц шийдэл юу байна?
-Шүүхийн хүний нөөц гэдэг зөвхөн ачаалал, орон тоо биш. Шүүгч ажилтны ажиллаж амьдрах нөхцөл, нийгмийн хамгаалал, ур чадварыг дээшлүүлэх гээд яривал шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж хамгаалах гол чиг үүрэг. Юуны өмнө ойрын хугацаанд одоо байгаа цалингийн сантай шүүгчийн орон тоонд яаралтай нөхөн бүрдүүлэлт хийх, цаашлаад УИХ-ын 42 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах замаар зарим шүүхийн шүүгчийн тооны хязгаарыг нэмэгдүүлэх асуудлыг тавина.
Хамгийн гол нь орон тооны хязгаар тогтоосон тоо нь том байх нь чухал биш, тохирсон орон тоонд хүрч ажиллах шаардлагатай. Бодит ажлын ачаалал үүнийг шаардаж байна. Тогтоосон орон тооныхоо хүрээнд, ядаж шүүгч дутуу байгаа шүүхүүддээ цалингийн санг нь тавиад өгчихдөг бол хүндрэл гарахааргүй байгаа юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчийг томилдог. Үе үеийн төрийн тэргүүнүүдийн шүүгч томилсон статистик тоон мэдээ сонирхол татаж байна?
-1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 101 шүүгчийг, Ерөнхийлөгч Н.Багабанди 117 шүүгчийг, Ерөнхийлөгч Н.Энхбаяр 84 шүүгчийг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 209 шүүгчийг, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 16 шүүгчийг бүрэн эрхийнхээ хүрээнд тус тус шүүгчийн албан тушаалд шинээр томилсон байна. Дээрх хугацаанд Монгол Улсад нийтдээ 527 шүүгч томилогдсон.
-Баярлалаа.
Өдрийн сонин