БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сан”-г бүрдүүлж программчлан албан ёсоор нээлээ. Мэдээллийн цахим сантай болсноор барилгын салбарын мэдээллийг нэг дор нэгтгэн байршуулж, ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх юм.
Цахим сангийн нээлтэд БХБ-ын сайд Х.Баделхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар оролцлоо.
БХБ-ын сайд Х.Баделхан хэлсэн үгэндээ, “Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Барилгын хөгжлийн төвөөр гүйцэтгүүлэхээр холбогдох шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулсан. Барилгын хөгжлийн төв чиг үүргийнхээ хүрээнд “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-г бүрдүүлж, хөтлөн ажиллахын зэрэгцээ төрийн байгууллагын цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилтийг нэвтрүүлэх юм” гэдгийг онцоллоо. Тэрээр, “Энэ ажлын үр дүнд төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, үнэн зөв, бодитой мэдээллийг иргэн, ААН, байгууллага түргэн шуурхай, ил тодоор Монгол орны аль ч цэгээс интернэтээр авах боломж бүрдэж байна” гэв.
Бүртгэл мэдээллийн цахим сантай болсноор салбарын хууль эрх зүй, норм норматив, баримт бичиг, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж буй ААН, ажиллах хүч зэрэг мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байна.
Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэл, эрдэс түүхий эд, тус салбарт шаардлагатай мэргэшлийн зэрэгтэй, дээд боловсрол эзэмшсэн инженер техникийн ажилтны судалгаа гаргах, барилгын норм, нормативын сангийн төвлөрлийг хянах, тусгай зөвшөөрөл олгож буй ТББ-ын төлөөлөлтэй мэдээллийг уялдуулан боловсронгуй болгох, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай хамтран ажиллах ажлыг хялбарчилж байгаагаараа онцлогтой юм. Цахим санд дараах мэдээллүүд багтжээ. Үүнд:
- Хууль, эрх зүй,
- Норм, норматив,
- Тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын мэдээлэл /8900, давхардсан тоогоор/,
- Инженер техникийн ажилтны мэдээлэл /15000/,
- ААНБ-ын үйл ажиллагааны тайлан мэдээ,
- Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын дагуу батлагдсан амины орон сууцны загвар зураг,
- Ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээ
- Салбарын судалгаа
- ОСНАА мэдээлэл
- Барилгын материалын үнийн мэдээ,
- Барилгын материалын үйлдвэрийн мэдээлэл,
- Түгээмэл тархацтай орд газрын мэдээлэл,
- Улсын төсвөөр хэрэгжиж буй барилга, байгууламжийн явцын мэдээлэл зэрэг нэгдсэн мэдээлэл бүрдэж байгаа юм.