“Интернэйшнл дистрибьютор Монголиа-2019” үзэсгэлэн худалдаа, Монгол дахь дэлхийн брэндүүдийн албан ёсны дистрибьюторуудын хамгийн том, нэгдсэн экспо өнөөдөр “Мишээл экспо”-д эхэллээ.
Дөрвөн өдөр үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаагаар гадаадын нэртэй компаниудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан ёсны төлөөлөгч, гэрээт борлуулагч дистрибьюторууд оролцож тухайн брэндийн бараа, бүтэгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.
Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан болж буй уг үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” ХХК зохион байгуулж, Энэтхэг улсын Үндэсний дээд танхим, ОХУ-ын гадаад орнуудтай харилцах ажил хэргийн болон соёлын харилцааны Сибирийн ассоциац хамтран, Монголын талаас Татварын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газар дэмжин оролцож байна.
“Интернэйшнл дистрибьютор Монголиа-2019” нь Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй дэлхийн брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд танилцуулах, хуурамч барааны эсрэг тэмцэх, оюуны өмчийн хамгаалалт, бараа бүтээгдэхүүний маркетинг борлуулалт зэргийг дэмжих зорилготой. Энэ удаагийн үзэсгэлэн хүрээгээ тэлж, Монгол улсын компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Солонгос, Энэтхэг зэрэг улсын аж ахуйн нэгж компаниуд оролцож байна. Үзэсгэлэн:
- Хүнсний бүтээгдэхүүн
- Эрүүл мэнд, гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн
- Бэлэн хувцас, гоёл чимэглэл
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
- Барилгын материал
- Тоног төхөөрөмжөөр тус тус төрөлжинө.
Үзэсгэлэнгийн үеэр БНЭУ, ОХУ-ын компаниуд болон хамтран зохион байгуулагч төрийн байгууллагууд гаалийн бүрдүүлэлт, татварын орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар танилцуулах юм.