x

Б.Зинамидар: Түүхийг яллаж шүүж болдоггүй, зөвхөн сургамж авдаг

Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн ахмад ажилтан, Хөдөө аж ахуй нэгдлийн ахмад ажилтан, эдүгээ 86 насыг зооглож буй судлаач Б.Зинамидартай хэлмэгдлийн тухай ярилцлаа.

-Та хэлмэгдүүлэлтийн талаар 50 жил судалгаа хийсэн хүн, хэлмэгдүүлэлт Монгол улсад анх хэрхэн эхэлсэн бэ?

-1930-аад он бол Монгол улсын түүхэнд гадаадын нөлөөгөөр бослого гарч, хэлмэгдүүлж байсан эгзэгтэй түүхэн үе. Хэлмэгдлийг хэзээ үүссэн гэж үзэх юм бол гадаадын турхиралтаар бие биенээ л алаад эхэлсэн. Хэлмэгдэл хоёр янз. Төрийн хэлмэгдүүлэлт, хүмүүс өөрөө өөрсдийгөө хэлмэгдүүлэх. Хүн өөрөө өөрийгөө хэлмэгдүүлэх үе, яагаад хэлмэгдүүлэв гэхээр Ардын хувьсгалын анхны жилүүдэд Монголын ард түмэн үнэхээр шашинд мунхарсан байсан, энэ дээр Ванчинбогд (түвдийн богд)-ын ятгалга турхиралт нөлөөлөөд Шамбалын дайн эхэлсэн юм. Ванчинбогд Хятад, Япон, Монголд нэр хүндтэй, түүгээрээ далимдуулан монголчуудыг ардын нам засгаас шашнаа хамгаалан эсэргүүцэж босохыг уриалж турхираад, өөрөө оролцож дэмжинэ гэсэн нь түүнийг дээд зэргээр хүндэлж, итгэж, өмгөөлж, хамгаалдаг хүмүүс дэмжиж бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ бослогод эхлээд лам нар орсон юм шиг буруу ойлголт байдаг юм.  Лам нар өөрсдөө байлдаанд яваагүй, эхний ээлжинд шавь нараа явуулдаг байсан байгаа юм. Тэгээд дараа нь өөрсдөө орсон байдаг.

-Төвөдүүд тухайн үед Монголчуудыг шашнаар л эзэлж авъя гэсэн бодлоготой байж дээ? 

-Ногоон малгайт Дамдинсүрэн 1932 оны 8-р сард Архангай аймгийг эзлэх зорилгоор хөдлөхдөө буун дуу гаргаж болохгүй, сум гарздаж болохгүй, байлдааны сургууль хийлгэдэггүй, хийдэг нь тарни ном унших. Тарни ном уншиж дайнд ялдаг гэж юу байхав. Шамбалын дайн тийм арчаагүй. Гол нь шашинлаг. Шашин аварна гэсэн итгэл үнэмшилтэй. Ийм болохоор ялагдах нь ойлгомжтой. Ардын цэргүүд буулгаж аваад тараах гэхээр бууж өгдөггүй, тэгэхээр устгахаас өөр аргагүй.

-Улс төрийн хэлмэгдүүлэлт юунаас эхлэлтэй байдаг юм вэ?

-Оросууд энэ их бослого үймээнийг дарахад оролцох болж байгаа юм. Тэр үймээнээр нь бас хэмэгдүүлэлт хийсэн. Сэхээтнүүдийг устгах арга бол ЗХУ-ын бодлого л байсан.

-Яагаад хэлмэгдүүлэлтийн тухай судлахаар болов?

-Би өөрийн амьдралаар ярьж болох юм. Бидний үед ажилд ороход анкетанд танайхаас эсэргүү бослогод оролцож байсан уу? гэсэн асуулт заавал байдаг байсан. Би өөрөө арван хэдхэн настай байсан болохоор, ах минь анкет бөглөж өгнө, эсэргүү бослогод орж байсан хүн байхгүй ээ гээд. Би ч тэгж бодож байсан.

Би эхийнхээ гэдсэнд байсан юм. 1932 онд аав минь дайнд яваад, би 1933 онд төрсөн. Аавыгаа бүр мэдэхгүй. Гэтэл 1964 онд 30 насандаа эцэгтэйгээ хамт явж байлдаанаас амьд үлдсэн нутгийн хүнээс эцгийнхээ тухай сонсож мэдээд тэгээд л сонирхож эхэлсэн байдаг юм.

Ямар нэгэн эрх ашиг байхгүй, үнэн түүхийг л ард түмэнд хүргэх ийм л зорилготой судалсан. Одоо бүх баримт ил болсон. Нууцын хугацаа дууссан.

-Та судалгааныхаа материалыг их голдуу хаанаас олдог байв?

-Анх Хөвсгөл аймгийн Улаан уул сумын намын даргаар очсон юм. Тэнд 1932 оны хэлмэгдүүлэлтийг мэддэг хүмүүс маш их байсан. Ажлын шугамаар мориор ухуулга таниулга хийхээр явна, тэгээд явж байхдаа настай хүнтэй айлд хононо. Энэ залуухан дарга охинтой айлд хонохгүй өвгөнтэй айлд хонохын гээд тухайн үедээ шоолсон яриа гарсан байдаг /инээв. Дархадууд шооч л доо. Би бол тухайн үедээ түүхийн сэдэвт дурлахгүй юу. Тэгээд хөгшчүүлтэй ярина. Голцуу шөнө ярилцана тэр үед айлууд дэн, зултай л байдаг байлаа. Лаатай айл байх нь ховор. Шөнө ярилцахдаа ерөөсөө цаас харандаагаар тэмдэглэхгүй. Ер нь цаас харандаа гаргаад тэмдэглэх гэвэл хүмүүс ярихгүй. Дургүй байдаг байлаа. Тэгээд сайхан хэвтээд л ярилцана. Надад яагаад итгэхгүй байна гэхээр би Дотоод яамны эвлэлийн ажилтан байж байгаад очсон юм. Тэгээд бичиж тэмдэглэвэл хүн сэжиглээд байх янзтай байсан. Тийм учраас толгойдоо бичиж аваад маргааш нь бичиж тэмдэглэж авна. Тэгэхээр хааяа хүний нэр андуурагддаг юм. Тэгээд лавлуулж асууж авна даа. Тэр үеийн хүмүүс үнэхээр үнэн ярьдаг байсан. Нэгнийхээ ярьсан яриаг нөгөөх нь баталж ярьдаг байв. Сонин юм шүү. Одоо цагт тийм хүн бол ховор шүү. Ингэж хүмүүстэй ярилцахад нилээн материал цуглуулсан.

Дараагаар нь Хөвсгөл аймгийн Жаргалант сум нэгдлийн даргаар очсон. Бас л настай хүмүүс дээр очиж ярьдаг байв. Ингээд хоёр гурван сумын настай хүмүүстэй яриад эхлэхээр яалт ч үгүй аяандаа түүхэндээ ороод явчихна. 1977 оноос НАХЯ-нд ажиллаж эхэлсэн ингээд хөдөө хүмүүстэй ярьсан яриа минь ямар байна гээд архивтай тулгаж үзсэн. Тэгэхэд тэдний яриа архивын баримттай тохироод байдаг. Ингээд бүр сонирхолтой болчиж байгаа юм. Жишээ нь, 1931 онд дархадын сумдад Содовсамбуу, халхын сумдад Шарав гэдэг хүмүүсийг явуулсан байгаа юм. Энэ хүмүүс ямар үүрэгтэй юм гэхээр эсэргүү бослого гарах гэж байгаа үүнд бэлдэж байна уу? Оролцох уу? гэж асууж явдаг байна. Тэгээд хүмүүс оролцох сонирхолтой байгаа гэвэл Ванчинбогд, Ёнзонхамба өгсөн юм гээд шар хадаг, үрэл, утлага мэтийн юм өгдөг байна. Элсүүлж авч байгаа ухаантай. Тэр нь архивын материалаар баталгаатай болж байгаа юм.

-Аав тань хэлмэгдсэн гэсэн, энэ талаар дэлгэрүүлж яривал?

-1932 оны дөрөвдүгээр сард бослого гарсан. Шар цэрэгт улсуудыг татсан байгаа юм. Манай нутгийн таван хүн шар цэрэгт элсэхгүйн тулд гэрийн ойролцоо 3-4 сар уул хадаар бүгж байж. Гурван сар гаруй бүгхэд бослого ч нэлээн дарагдсан байсан үе байж, гэтэл нэг жанжин нь ойрхон нуугдаж бүгж байгаад нөгөө 5 хүнийг бариад хүчээр шар цэрэгт элсүүлсэн. Тэр үед дургүй байсан ч хүчээр элсүүлдэг байж. Аав цахиур буутай байсан болохоор албаар авсан байгаа юм. Оргож болдоггүй, тэнд нөгөө гунигтай дуугаа дуулаад л байж байхаас өөр аргагүй. Тэгээд хэзээ хурдан бууны суманд нам алуулдгийн, эсвэл жанжиндаа алуулдаг юм уу бүү мэд. Тэгээд миний аав, ахтайгаа хамт буудуулж нас барж. Таван хүн  явсны нэг нь шархдаад, хоёр нь амьд гараад, хоёр нь алуулсан байдаг юм. Ерөөсөө шар цэрэг бол дарамтны хүмүүс л байсан байгаа юм. Шар цэргүүдийг буруутгах арга байхгүй. Жишээ нь миний аав шар цэрэг болохгүй гэж зүтгэж байгаад дөрвөн сарын дараа хүчээр болоод явсан. Энэ бол хэлмэгдлийн нэг хэлбэр. Энэ талаар би Чойжамц хамбад тухайн цаг үеийн тийм хүмүүст зориулаад уучлалт гуйгаад суварга ч гэсэн босгоод өгөөч гэж их гуйсан. Одоо болтол байдаггүй.

-Зугтах боломж үнэхээр байгаагүй байсан болов уу?

-Шарын цэргийн жанжны шаардлагууд бол цагааны цэргээс оргох, буудалцахгүй зугтах, бууж өгөх тохиолдолд шар цэргийг тамлаж ална гэсэн хатуу шаардлагатай байсан байгаа юм. Жишээ нь "Тунгалаг тамир" кинонд Төмөрийг арьс ширэнд боогоод урсгадаг, тэр бол яг бодит болсон явдал. Дэндэв гэдэг хүн жинхэнээсээ шар цэргээс оргосон байгаа юм тэгтэл барьж ирээд усанд хөвүүлсэн. Азаар голын сайр дээр гараад хаягдсан байсныг нутгийн хүн нь олоод амийг нь аварч. Ийм хатуу шаардлага, хяналтын дор оргох боломж байхгүй л дээ.

-Чойбалсанг их хэлмэгдүүлэлтийн үед зөв харж инээж буруу харж уйлж байсан гэдэг, та энэ талаар юу гэж боддог вэ?

-Чойбалсан өөрөө Гэндэн, Гиваапил, Лосол энэ тэрийг шийтгэсэн шүү дээ, Чойбалсанг ч 3-4 удаа байцааж шоронд байлгасан баримтууд байдаг. Чойбалсан тогтоол дээр гарын үсэг зурна шүү дээ. Ёстой нүд аниад л гарын үсэг зурдаг байсан байх. Тухайн үеэд баруун замын тулалдаанд явж байгаад морь нь алуулаад Чойбалсан дайсны дунд үлдсэн. Нэг нөхөр дайрч ороод сундлаад л дайсны дундаас амьд гараад ирсэн байдаг юм. Гэтэл амийг нь аварсан өнөөх хүн шоронд орсон. Тэгээд хэргээ хүлээхгүй байж. Чойбалсантай л уулзана гэж. Чойбалсан нэг удаа түүнрүү очих болж хэдэн бууз, цай бэлдүүлээд эргэхээр орсон байгаа юм. Ороод очтол нөгөө хүн баярлаад л босоод ирж, тэгтэл Чойбалсангийн ард ерөнхий зөвлөх нь дагаж явж, тэгтэл түүнийг хараад л Чойбалсанг муу яргачин гэж хараахын дээдээр харааж, гутлаа тайлж шидэж. Тэрийг хүмүүс Чойбалсанд гомдохын дээдээр гомдов уу? Эсвэл надтай уулзсан, хэрэгт холбогдуулчих вий? гэсэн үү одоо болтол тодорхойгүй байдаг юм.

-Та шашинд хэр итгэл үнэмшилтэй ханддаг вэ?

-Би шашинд итгэдэггүй. Шашныг буруугаар ашигласан. Үүнд дургүй байдаг. Манай монгол Есөн богд тодруулсан байдаг юм. Үүний долоо нь Төвөд хүмүүс. Долоон богд маань төвөдийн бодлогыг л явуулна. Ванчинбогд, Ёнзонхамба хоёр бол хоёулаа шашны хүмүүс. Бурханы бодлогоо гуйвуулаад монголчуудыг монголчуудаар нь устгуулах бодлого явуулсан. Тэр хоёр бол шашныг буруу ашигласан гэмтэн улсууд. Энэ хоёроос болоод шашныг үзэн ядах, шүүмжлэлтэй хандах болсон байна шүү дээ. 

Ес дэхь богд монголчуудад таалагдаагүй. Тэрийг нь далай лам мэдээд X-р богдыг Төвөдүүдээр биш, монголчуудын тархийг өөрсдөөр нь угаалгах гэж монгол жоохон хүүхдийг тодрууллаа.

-Төвөдүүд яагаад өөрсдөөсөө Богд тодруулж Монголд илгээдэг юм бол?

-Төвөд өөрсдөөсөө тодруулаад байгаа нь шашнаараа мунхруулаад л эзлэх гэсэн бодлого. Тэр нь ахиц муутай болохоор өөрсдийг нь өөрсдөөр нь алуулах бодлого барьсан байгаа юм. Одоо ч Х-р богдоо тодруулна гээд л мунхарсаар л байна.

4-5 настай богдыг тодруулдаг байсан. Тэр нь ямар учиртай юм гэхээр биеийн жингээр нь алт төлдөг байж Төвөдүүдэд. Гэтэл хамгийн сүүлд тодруулсан богд чинь хөгшин хүн байсан түүнийг найз нь ингэж шоолж чамайг халх монголууд төлж авах алт байхгүй шүү дээ. Чи болохгүй ээ гэж.

Төлж байсан гэсэн бичиг бол байдаг. Хэнд хэдэн хил төлсөн нь байдаггүй юм. 

-Одоо хумүүс хэр шашинлаг байна таны харж буйгаар?

-Байна, устах бол болоогүй. БНМАУ-ын бага хурлын 1944 оны тавдугаар сарын 22-ны 34-р тогтоол “Мөргөл уншлагын ажлын нийт сүсэгтэнд ойлгогдох өөрийн үндэсний монгол хэл дээр явуулахаар” тогтоосугай гэж заасан тогтоол гарч байсан. Энэ заалт хэрэгжээгүй өдий хүрсэн. Шашин нь төрөөс хүчтэйг ойлгосноос хэн ч юу ч ярьдаггүй болсон. Төвөд номыг орчуулвал зүгээр л үлгэр болно шүү дээ. Марксын үг байдгийн “Шашин бол хар тамхи” гэж.

-Та ээжийнхээ тухай дурсаач?

-Ээж минь 81 насыг насласан. Миний ээж тухайн үедээ нутагтаа эх баригч байсан. Хүмүүс юм хомс үед ээждээ минь золгохоор ирэхдээ тал цайтай ирдэг байсан. Нутагтаа их нэр хүндтэй, 8 хүүхдээ ганцаараа л өсгөсөн дөө.

Аавынхаа зургийг огт харж байгаагүй. Би ах дүү 8, айлын отгон хүүхэд. Би дэндүү эрх хүүхэд байсан юм. Гурил олдохгүй, даалимба олдохгүй, манайх ядуурсан үе байсан. Ээж минь хүүдээ нэхий дээл өмсгөхгүй, хярамцагтай хоол, адууны мах идүүлэхгүй гэж өсгөсөн. Гурилтай хоол идүүлнэ. Нэг "пү" гурил 16кг гурилтай тэнцэнэ, зөвхөн миний хэрэгцээнд зориулж гурил авдаг байж. Ээж минь ядуу байж ээмэг энэ тэр жоохон үлдсэн юмаа зарж авч байгаа нь тэр. Ганцааранд минь дунд шаазан гурилтай хоол өгнө. Бусдад нь хярамцагтай хоол өгнө. Ээж минь тийм их хайраар өсгөсөн. Ээжийгээ би жаргааж чадсангүй дээ, амьдад нь нутагт нь очуулж чадаагүй. Тэр л их сэтгэлд тавгүй байдаг даа /нулимс нь цийлэгнэв/.

-Одоо та ямар уран бүтээл хийж байна?

-"Шамбалын дайн дарагдав", "Шамбалын дайн устав" гэсэн номоор кино хийх бодолтой, мэргэжлийн хүнд хандсан телевизийн олон ангит кино дээр байх, баримтат кино зардал ихтэй. Энийг л юм болгох санаатай байна. "Хачиртай дурдатгал" гэдэг ном бичиж ирэх оноос хэвлүүлэх санаатай байна.

-Та залуу хойч үедээ хандаж юу хэлэх вэ?

-1930-аад онд шарын шашнаар мунхарч Ванчинбогдын ятгалга ухуулгад итгэж өөрөө өөрсдийгөө алж хядаж байсан монголчууд маань насан элж дууслаа. Түүхийг яллаж шүүж болдоггүй, түүнээс зөвхөн сургамж авдаг. Хойч залуу үе минь үнэн зөвөөр нь түүхээ мэддэг болох нь чухал юм. 

Ц.БАЙГАЛМАА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 9 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 24 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 40 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top