Дорнод аймагт хайгуул судалгаа явуулж байсан Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, үндэсний хөрөнгө оруулалттай "Petro Matad” компани газрын тосны томоохон нөөц илрүүлсэн тухай өмнө мэдээлсэн. "Petro Matad” компани “Матад-ХХ" талбайд өрөмдлөг хийхэд "Цэн тогоруу" цооногоос газрын тос байгалийн ундаргаар оргилж газрын гадаргад гарч ирсэн байна. Харин нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд түүхий эдийн нөөц хангалттай болов уу?
Энэ талаар тус компанийн хайгуулын геологич, доктор Д.Буян-Аривжихтай ярилцлаа.
-“Цэн тогоруу“ цооногоос, газрын тос оргилж гарч ирсэн тухай мэдээлэл салбарынхны дунд ид яригдаж байна. Өрөмдлөгийн үйл явцын тухай тодруулахгүй юу?
-Манай компанийн “Матад-XX” хайгуулын талбай бий. Энэ нь 10,340 км квадрат талбайг хамардаг. Дорнод аймгийн Матад сумын нутаг буюу Тамсагийн сав газрын баруун урд үзүүрээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийг дамнаж оршдог талбай юм. Уг талбайд манайх энэ онд гурван цооног өрөмдсөн. Эхнийх нь Эрдэнэцагаан сумын нутагт өрөмдсөн цооног.
2,000 метрийн гүнтэй. Бассейныг хамгийн анх нээж үзэх тулгуур цооног байсан. Хэдийгээр энэ цооног хуурай байсан ч маш их хэмжээний газрын гүний геологийн мэдээллүүдийг авсан.
“Петрочайна Дачин тамсаг”-ийн газрын тос олборлодог Тосон уулын хотгорын бассейн манай талбай руу түрж орж ирсэн байдаг. Уг бассейны манай талбай руу түрж орж ирсэн хэсгийн төвд, мөн захад өрөмдсөн.
Хоорондоо таван км-ийн зайтай байсан. “Цагаан зээр” гэдэг цооног тосны илрэлтэй гарсан. Тосны үе тогтоосон. Г эхдээ түр хаачихаад байгаа. Туршилтын ажлууд хийгдэх байх. Цаг агаар хүйтэрсэн учир зогсоож байгаа юм. Нөгөөх нь “Цэн тогоруу” гэдэг цооног байна. Эндээс газрын тос цооног руу урсаж орж ирэх чадвартай 14 метр зузаан тосны үе илрүүлсэн.
Энэ тосны үеийг туршиж үзэхийн тулд бид цооногийнхоо ханыг цоолж үетэйгээ холбож үзэхэд тос байгалийн ундаргаар газрын гадаргуу дээр оргилж гарч ирсэн. Тос маань дотроо хийтэй. Газтай ундааг сэгсэрч байгаад онгойлгохоор оргилдог шүү дээ. Түүнтэй ижил хийн уусмалтай, бас даралттай байгаа учир 2,930 метр гүнээс дээшээ оргилж гарч ирсэн байгаа.
-Уг ордын нөөцийг хэрхэн тооцоолсон бэ?
-Өмнөх судалгаагаар газрын тосны илрээгүй хэтийн төлөвт нөөцийг тооцож үзэхэд 166 сая баррел гэж гарсан. Үүнээс 25 сая баррелыг нь газрын гадаргуу дээр орчин үеийн технологиор гаргаж авах боломжтой гэж тооцсон.
Элсэн чулууны мөхлөг хооронд зөвхөн тос агуулагддаггүй. Бас ус, хий бий. Тиймээс бид 25 сая тонны 49 хувь нь тос, 51 хувь .нь ус гэж тооцож байсан. Яагаад гэвэл, Тосон уулын агууламж ийм харьцаатай байдаг. Тийм учраас ижил төстэй сав газруудын өгөгдлийг үүнд ашигласан юм.
Ингээд 25 сая тонн баррел тос гарах эдийн засгийн ашигтай юм байна гэж тодорхойлоод шалгаж үзэхээр өрөмдлөг хийсэн. Өрөмдсөн. Нээлт хийсэн. Тос өөрийнхөө даралтаар гарч ирсэн. Хоёрдугаарт, эндээс дандаа тос гарч ирсэн. Ус гараагүй. Тэгэхээр магадгүй энэ 25 сая баррел өсөх боломжтой.
Мөн том талбайг ч хамарсан байж мэднэ. Магадгүй буурч мэднэ. Гэхдээ ийм магадлал тун бага. Ер нь л өсөх болов уу.
-Ямар ч байсан нөөц байгаа юм байна. Дараагийн үйл явц хэрхэн явагдах вэ?
-Бид ахиж суугаад нөөцөө бодно гэсэн үг. Үүний дараа АМГТГ-ын Эрдэс баялгийн зөвлөл дээр очиж тайлангаа хамгаална. Энэ нь нарийн шалгуур, үйл явцаар явагдана шүү дээ.
Нөөцийн тайлангаа хамгаалсны дараа энэ орд газрыг хэчнээн цооногоор олборлох вэ гэсэн орд газрын ашиглах төлөвлөгөөгөө боловсруулж дахин Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж хамгаалуулах ёстой. ТЭЗҮ гэсэн үг л дээ. Үүний дараа салбарын яамнаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал яригдана. Энэ хугацаанд ийм олон цооног өрөмдөх хөрөнгө оруулалтыг Лондонгийн хөрөнгийн бирж дээрээс босгох ажил давхар хийгдэх учиртай.
-“Петрочайна Дачин тамсаг” компанийн олборлолт явуулж буй Тосон уул хэмээх газрын тосны том бассейны баруун урд захад танайх хайгуул хийж, газрын тос оргилон гарсан байна. Ер нь манай улсын нийт газрын тосны нөөц хэд вэ. Түүнд одоогийн илэрсэн нөөцийг нэмбэл ямар дүнтэй болж байна вэ?
-Нөөц, эдийн засгийн үр ашигтай нөөц гэж хоёр ойлголт байгаа. Саванд байгаа хэмжээ 330 сая тонн гэж гардаг. Тэрнээс орчин үеийн технологиор гаргаж авах ашиглалтын нөөц нь 43 сая тонн байгаа юм.
Энэ бол Засгийн газрын баталгаажуулж, хүлээж авсан нөөц. Манай бассейны хувьд 25 сая баррел гэхээр тонн руу шилжүүлбэл дөрвөн сая гаруй тонн болж байна. Тэгэхээр 43 сая тонн дээр дөрвөн сая тонн нөөц шинээр нэмэгдэнэ гэсэн үг.
Ер нь 43 сая тонн нөөцөөс 2006 оноос хойш олборлолт явуулж найман сая тонныг нь экспортолсон. Цаана нь 35 сая тонн үлдэж байгаа. Найман сая тонн газрын тосоос манай улсын төсөвт 840 гаруй сая ам.доллар бүтээгдэхүүн хуваах гэрээний шугамаар орж ирсэн байдаг.
-Манай улс маш олон саад бэрхшээлийг давж газрын тосны үйлдвэр байгуулахаар хичээж байна. Үйлдвэрээ босгоод ирлээ гэхэд тогтвортой үйл ажиллагаа явуулах газрын тосны нөөц нь хангалттай бий юү?
-Газрын тосны үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд 35 сая тонн нөөцөөс дуртай цагтаа, дуртай үедээ, хүссэн хэмжээгээр авах боломж байдаггүй. Элсэн чулууны мөхлөг хооронд тос байна. Энэ тосыг цооногоор дамжуулан олборлоход ихэнх тос цооног руу хүрэх замдаа мухар “гудамж” руу ороод түгжигддэг. Тийм учраас 330 сая тонн нөөцөөс 13 хувийг нь ашиглах боломжтой гэж үздэг юм.
Олборлолтыг нэмэгдүүлэх аргууд бий. Гэхдээ зардал өснө. Ер нь дээрх шалтгааны улмаас олборлолт хийгээд явахаар яваа яваандаа цооногийн гарц багасна. “Петрочайна Дачин тамсаг"-ийн хувьд 19, 21 дүгээр талбай дээрээс 1998 оноос тооцох юм бол олборлолт өссөөр ирсэн. Ингээд 2015 онд оргилдоо хүрсэн. Энэ бол 1.1 сая тонн юм.
Уг нь энэ үе хэдэн жил тогтвортой явах ёстой. Дэлхий дээр ерөөсөө л тийм байдаг. Гэтэл энэ өсөлттэй үе 2016 он хүртэл үргэлжилсэн. Үүнээс хойш унасан. Жил бүр 100 мянган тонноор багасаад 2019 онд 800 мянган тонныг авч чадах нь уу гэж байна.
Нефть боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орлоо гэхэд дээрх статистикаас харахад 500-600 мянган тонныг л олборлохоор байгаа юм. Гэтэл үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая тонн шүү дээ. Нөөцийн хомсдол бий болох эрсдэл үүсгээд байна. Энэ нь Засгийн газар үйлдвэрээ ашиглалтад оруулахаас өмнө маш яаралтай хайгуулын ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.
-Уг нь таны ярианаас нефть боловсруулах үйлдвэр байгуулах зорилт тавьсан. Энэ хүрээнд түүхий эдээ бэлтгэхийн тулд хайгуул хийж газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх бодлого давхар хэрэгжих ёстой гэсэн энгийн ойлголт харагдаж байна. Гэтэл төр яагаад энэ бүхний уялдааг хангахгүй байна вэ. Танай компанийн хувьд ямар бэрхшээл учирч байна вэ?
-2016 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг баримт бичгийг гаргасан. Үүнд 2030 он гэхэд Монгол Улс дотоодод үйлдвэрлэсэн шатахуунаар хэрэгцээгээ хангасан байна гэсэн зорилт тавьсан. Уг бодлогын хүрээнд нефть боловсруулах үйлдвэр баригдаж байгаа шүү дээ. Энэ бол маш том дэвшил. Гэвч нөөцийн хувьд асуудалтай байгааг хэллээ. Нөөц байгаа.
Хамгийн гол нь олж илрүүлэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд 2018 онд Засгийн газрын тогтоол гарч 2027 он хүртэл газрын тосны салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг гаргасан. Энэ бол 2027 он гэхэд ийм шатанд хүрсэн байна гэдэг төлөвлөгөө юм.
Уг бодлогын баримт бичигт хайгуулын ажлыг эрчимжүүлнэ гээд маш тодорхой заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагууд нь компаниудад хайгуулынхаа ажлыг эрчимжүүл гэж шахдаг. Үнэхээр ч хайгуулын компаниуд сүүлийн жилүүдэд идэвхтэй хөдөлгөөнд ороод үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгтэл “non” улстөрчид, зарим иргэний нийгмийн байгууллагууд орон нутагт очиж турхираад компаниудын ажлыг хийлгэхгүй гацаачихаад байна.
Ялангуяа, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн гэж хүн бий. Уг нь ШУТИС-ийн Газрын тосны сургуулийг төгссөн юм билээ. Энэ салбарт ажилласан, газрын тос Монгол Улсад ямар их хэрэгтэйг мэдэхийн дээдээр мэдэх хүн. Тэгсэн атал компаниудын үйл ажиллагааг явуулахгүй маш их чөдөр тушаа болж байна.
“МТ" гээд үндэсний хайгуулын компанийг “Босоо хөх Монгол”-ынхонтой нийлээд хөөгөөд явуулсан. Энэ жил манай ажлыг маш их уялаа. Үүнээс болж бид хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдлаа. Жишээ нь Монгол Улсад 4,000 метрийн гүнд нэвтрэх өрмийн цамхаг байхгүй. Манай компанийн хувьд энэ цооногийг өрөмдүүлэхийн тулд хамгийн хямдыг нь бодоод Хятадын компанийг хөлсөлсөн.
Мэдээж гэрээнд сул зогсолтыг тусгадаг. Хэрэв өрөмдөгч компаниас шалтгаалалгүй сул зогсолт явагдвал сул зогсолтын мөнгийг өдрөөр бодож манай компани төлдөг. Гэтэл Бадамсүрэнгийн хууль бус шаардлагаас болоод 20 гаруй хоногийн сул зогсолтын мөнгийг бид төлсөн. Хоёрдугаарт, “Цэн тогоруу” дээр тусгай цамхаг, төхөөрөмжүүд ирж туршилт хийдэг.
Хугацаа алдаагүй бол бид таван км нүүлгээд "Цагаан зээр” дээр туршилтын ажлуудаа явуулчих боломжтой байсан. Амжсангүй. Хүйтэрчихлээ. Энэ үед туршилт явуулах боломжгүй. Яагаад гэвэл газрын тос температур жаахан буурахад царцчихдаг.
Компани маань Хятад руугаа буцчихлаа. Ирэх жил авчраад туршилт явуулахад их хэмжээний зардал гарна. Ерөөсөө л хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байгаа юм. Яагаад тэгээд байдаг учрыг ойлгодоггүй.
-Танай компанийн үйл ажиллагааг яагаад 20 гаруй хоногоор саатуулсан юм бэ. Танайх байгаль орчин сүйтгэсэн юм биш үү?
-Бид цооног өрөмдөнө шүү дээ. Ерөөсөө л хэдхэн см-ын диаметртэй цэг байхгүй юу. Бусад ашигт малтмалтай харьцуулахад хөрс хуулалт явуулдаггүй. Энэ цооногийг өрөмдөхийн тулд жижиг кэмп байгуулна. Хааш хаашаа 150-200 метр квадрат талбай дээр түр зуурын торон хашаа хатгаж байгаа юм.
Гэтэл танайх барилгын тухай хууль, сайдын тушаалыг зөрчсөн гээд дайрчихаж байна. Амьдралд огт нийцэхгүй аар саархан зүйлээр шалтаглаж байгаа юм. Байгаль сүйтгэсэн зүйл байхгүй. Боломж ч байхгүй.
-Та компаниудын хувьд тулгамдаж байгаа асуудлыг ярилаа. Тэгвэл газрын тосны нөөцийг нэмэгдүүлж, 2023 онд ашиглалтад орох үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахын тулд юу хийх шаардлагатай байна вэ?
-Үүн дээр нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Газрын зураг дээрээс харах юм бол Өвөр булаг, Ар булаг тостой. Өвөр булаг нь Хятад, Ар булаг нь Монголын нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хил дамнасан газрын тосны бассейн байна.
Өвөрбулагийн хувьд 2011 онд илрүүлсэн. Хятадууд маш шуурхай орд газар болгож хөгжүүлээд олборлолт явуулж байна. Геологич хүний хувьд юу харагдаж байна гэвэл улсын хилийг дамнасан орд газруудын хувьд хятадууд цаанаас нь цооног нээгээд сорууллаа. Ингэснээр тухайн хэсэгт даралт унана. Харин манайд байгаа орд газруудад олборлолт явуулаагүй учир даралт унахгүй.
Ингээд даралт унасан хэсэг рүүгээ газрын тос нүүж таарна шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийнхөө газрын тосыг энэ маягаар алдаж байх магадлал маш өндөр гэсэн үг. Гэтэл манайх Ар булаг орчмыг дархан цаазат газар болгоод авчихсан.
За цааш Ар булагаас доошоо яваад Эрээний хотгор ч юм уу, цааш Баян цагааны орд газарт гээд мөн хятадууд олборлодог. Гэтэл үүний үргэлжлэл дээр Монголын хилийн талд гүнзгий хотгор буюу нөөц байгаад байдаг. Тэгтэл бас тусгай хамгаалалтад авчихсан. Ингээд баруун аймаг чиглэлд явахаар Зүүн гарын бассейн, Сантхүүгийн бассейн гээд бий. Бас манайх дархан цаазтай газар болгоод таглачихсан.
-Хил дагуу байгаа газрын тосны нөөцийн хувьд Хятадын тал олборлож, харин манайх газрыг нь тусгай хамгаалалтад авч нэвтрүүлэхгүй байгаа гэж ойлголоо. Яагаад газрын тосны нөөц бүхий талбайг манайх ингэж “хамгаалаад” байна вэ?
-Газрын тосны хайгуул хийе гэхэд байгаль орчинд хор хохирол учруулаад байх нь бага. Аливаа зүйл чинь хоёр туйлтай шүү дээ. Манайх нэг тал руу нь туйлшраад байна. Гэтэл манайд үйлдвэр ашиглалтад орох гээд байдаг.
Нөөц байдаггүй. Тухайлбал, хамгийн эмгэнэлтэй нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт Асгатын бассейнд гүнзгий хотгор байдаг юм. Сая дөрөвдүгээр сард УИХ-аар зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл хэлэлцэгдээд батлагдсан. Үүгээр газрын тос олдох өндөр магадлалтай газрыг мөн таслаад хаачихсан.
Үүн дотор Эрдэнэцагааны бассейн гэж бий. Ард нь Зотол хайрхан гэж байгаа. Маш сайхан хайрхан. Хамгаалалтад авах нь зөв. Гэхдээ хотгор газрыг нь үлдээчих хэрэгтэй байхгүй юу. Ерөөсөө л тос олдох магадлалтай газруудыг таглаж хаяад байна. Тэгсэн атал үйлдвэр байгуулна гэж ярьдаг. Хайгуул нь эрчимжихгүй байна шүү дээ. Монгол төрийн бодлого ямар уялдаатай явааг ойлгохгүй байна. Хэний бодлого яваад байгаа юм бол гэж гайхдаг.
-Таны хувьд хэний бодлого гэж таамаглаж байна вэ. Ер нь нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудал олон жил яригдсан ч биелэлээ олоогүй нь Орос, Хятадын нөлөөтэй холбоотой гэж харддаг?
-Би өөрийн хардлагаа хуваалцъя. Бид энэ үйлдвэрийг барих гэж олон жил ярьсан шүү дээ. Дархан, Бор-Өндөрт байгуулна гээд л. Хамгийн сүүлд Алтан ширээтэд байгуулахаар болсон. Энэ үйлдвэрийг төсөл байхад нь гацаадаг байсан.
Яагаад гэвэл манайх Оросоос 1.1 тэрбум ам.доллараар шатахуун худалдан авч байна. Мөн сая тонн газрын тосоо Хятадын зах зээл рүү гаргадаг. Энэ хоёр гүрний хувьд Монголд газрын тосны үйлдвэр байгуулах нь ашиггүй. Манайд хамгийн их зээл тусламж егдөг улс бол хоёр хөрш. Гэтэл газрын тосны үйлдвэр гэхээр “үгүй" гэж байгаа биз дээ. Тийм учраас үйлдвэр байгуулахын тулд Энэтхэгтэй очиж тохирч байна.
Тэгэхээр энэ хоёр гүрний бодлогыг тээсэн нөхөд манайд байна гэж боддог. Төслийг маш удаан гацаасан. Гэтэл одоогийн Засгийн газар энэ төслийг ямар ч байсан хөдөлгөлөө. Одоо зогсоох боломжгүй.
Тэгэнгүүт нөгөө нөхөд ямар тактикт шилжиж байна гэвэл нөөцөн дээр нь гацаах гэж байна гэж харддаг. Тийм учраас иргэний нийгмийн зарим байгууллагаар оройлуулж ард түмнийг компаниудын эсрэг турхирч байна.
-Ярилцлагын төгсгөлд газрын тосны шинэ ордыг нээж илрүүлэх ажлыг монгол мэргэжилтнүүд оройлсон гэж сонссон. Энэ тухай дурдахгүй юу?
-“Петро матад” бол Монголын үндэсний хөрөнгө оруулалттай компани. 2008 онд Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлсэн. Компанийн хувьцааны ихэнхийг “Петровис” эзэмшиж байна. Манай компани 41 ажилтантай. Долоо нь гадаадын иргэд. Энэ ордод нээлт хийх бүх ажлыг монголчууд хийсэн. Үндсэн үйл ажиллагаан дээр ч манай монгол инженерүүд ажилласан. Би ерөнхий геологичоор нь ажилласан юм.
Манай геофизик инженер Болор, инженер Очирбат, техникч Батбилэг зэрэг залуусыг заавал дурдах хэрэгтэй. Үүн дээр өрмийн монгол инженерүүд, гадны зөвлөхүүдийн хүчин чармайлтыг орхигдуулж болохгүй.
Ж.Дүгэрсүрэн гуай оросуудтай хамтарч Зүүн баянгийн ордыг нээснээс хойш 79 жилийн хугацаанд манайд газрын тосны орд газруудыг Орос, Америк, Хятадын мэргэжилтнүүд нээдэг байсан. Харин 79 жилийн дараа анх удаа монголчууд цөм нь болж энэ цооногуудыг амжилттай өрөмдөж, тос илрүүллээ. Тийм учраас түүх бичилцэж байгаа гэж өөртөө болон хамт олондоо баярлаж байна.
"Өдрийн сонин"