Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийт, судлаач, эдийн засагчдын дунд өнөөдөр хэлэлцүүллээ. Ирэх оны мөнгөний бодлогод Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг тусгажээ.
Тодруулбал, Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд ирэх онд инфляцыг тогтворжуулахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Түүнчлэн банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулж, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлэх юм. Мөн банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн шинэтгэл хийж санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулахыг зорьж байгаа аж.
Ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлт хадгалагдах учир гадаад, дотоод секторын тогтвортой байдлыг хангах, валютын ханшийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд гадаад валютын цэвэр нөөц, түүний хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарчээ.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.5 хувийн өсөлттэй гарсан. 2019 онд улсын төсөв алдагдалгүй гарах хүлээлттэй байна, гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн зэргээс үзэхэд төгрөгийн ханш сулрах эрсдэлгүй” хэмээв.
АНУ, Хятадын худалдааны маргаан дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаатай холбоотой улс орнууд дотооддоо хариу арга хэмжээ авч эхэлснийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа онцолсон юм.
Тэрбээр: “Ойрын хугацаанд бид гадаад өрийн эргэн төлөлтийг дунд хугацаанд анхаарч шийдвэрлэх ёстой. Энэ хүрээнд макро эдийн засгийн суурь бодлогуудыг бэлдэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ажлууд хийнэ. Монголбанк гадаад эрэлтийн тодорхой бус байдлыг иргэд олон нийт, бизнес эрхлэгчдэд 2018 оны сүүлээс анхааруулж байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь хоёр том гүрний худалдааны маргаан юм. Нэгдүгээрт, энэ үйл явдал манай санхүүгийн зах зээлээр дамжиж хүүнд нөлөөлж байна. Хоёрдугаарт, бусад улс орон валютын ханшаа хөдөлгөж байна. Гуравдугаарт, эрдэс бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Эдгээр гурван үзүүлэлт манай эдийн засагт хамаатай. Нөгөөтэйгүүр дэлхийн эдийн засгийн төлөв саарснаар нийт эрэлт саарна. Үүнтэй холбоотой дэлхийн улс орнуудын мөнгөний бодлого, төсвийн бодлогын талаар хэлэлцүүлгүүд болж байна. Нэгэнт гадны хүчин зүйлээс шалтгаалсан нөхцөл байдал үүсэж байгаа учир эдийн засаг бизнесийнхээ төлөвлөлтийг ч үүнтэй уялдуулах шаардлагатай. Жишээлбэл, эрдэс баялгийн үнэ буурлаа ч экспортынхоо хэмжээгээр алдагдлаа нөхөх боломж бий” гэв.
МОНЦАМЭ