Татварын албаны Удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр /есдүгээр сарын 23/ болж өнгөрлөө. Зөвлөгөөнд ТЕГ болон бусад албадуудын удирдлагууд оролцож татварын хуулийн шинэчлэлийг мөрдүүлэх бэлтгэл ажлаа ярилцаж, хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар зөвлөлдлөө.
Зөвлөгөөнийг ТЕГ-ын дарга Б.Заяабал нээж, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, татварын албаны үйл ажиллагаа тоонд биш чанарт анхааран ажиллахад удирдлагуудын оролцоо чухлыг онцлов. Дараа нь “Татварын орлогын нэгжийн үйл ажиллагаа”, “Татварын албаны гадаад хамтын үйл ажиллагаа”, “Татвар төлөгчтэй харилцах нэгжийн үйл ажиллагаа”, “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа” гэсэн үндсэн дөрвөн сэдвээр илтгэл твьж хэлэлцүүлжээ.
Хэлэлцүүлгийн эхэнд бодлогын газрын дарга нар хуулийн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан дүрэм журам, өөрчлөлт шинэчлэлийн талаар танилцуулга хийж, оролцогчид өөрийн тухайн чиглэлээр албандаа тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг бодит кейсүүдэд тулгуурлан ярилцаж, цаашид анхаарах асуудлуудаа тодорхойлох, шийдсэн туршлагаа хуваалцсан байна.
Эцэст нь “Татварын II шинэчлэл”-ийг хэрэгжүүлэхийн тулд татварын алба, хэлтэс хоорондын уялдаа холбоогоо сайжруулан үйл ажиллагааны чанарт түлхүү анхааран ажиллах, татварын хуулийн шинэчлэлийн талаар дотооддоо болон иргэдэд нэг мөр ойлголтыг өгөх, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэхдээ энгийн хялбар байх, хяналт шалгалтыг акт тавихаасаа илүү урьдчилан сэргийлэх арга зүйн мэдээлэл өгөх чиглэлд анхааран ажиллахаар болжээ.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар