Х.Тэмүүжин: УУЛ УУРХАЙ ТҮШИГЛЭСЭН ПОПУЛИЗМЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛГООД БИЧЧИХ ШИГ БОЛЛОО
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга явуулахаар тогтсон. Үүнтэй зэрэгцэн ээлжит бус сонгууль явагдах тухай ч дуулдаад эхэлсэн. Таны хувьд энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асууж болно. "Засгийн бүх эрх ард түмний мэдэлд" гэдэг нь маргаантай, ердийн арга хэрэгслээр шийдвэрлэх боломжгүй асуудлыг ард түмэн эцэслэн шийдвэрлэх эрхтэй гэх санаа. УИХ-д 64 суудалтай МАН-ын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн хийх чадвартай олонхийг бүрдүүлсэн атлаа өөрсдөө хариуцлагаас зугтаж байгаа хэрэг. Ард нийтийн санал асуулга нэрийн дор "ард түмэн л ингэж шийдсэн" гэж хэлэх гэж, санаачилсан асуудлынхаа хариуцлагаас зугтах гэсэн хуурмаг зүйл.
Эрх баригчдын энэ санаархлуудаас хамгийн аюултай нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэрийн дор, ард нийтийн санал асуулга зохион байгуулах гэдэг халхавчаар УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулах гэсэн оролдлого. Энэ бол маш увайгүй, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлтэйгээ үлдэх гэсэн шунал тачаал. МАН 2016 оны сонгуулиар УИХ-д хэт олонхи болсон.
Яагаад хэт олонхи болчихсон тухайгаа МАН-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар маш тодорхой баримтууд дурдаад, амьд гэрч гэж байгаад ил цагаан ярьж хэлсэн. УИХ, Засгийн газрын гишүүнээсээ авахуулаад Монгол улсын төрийн өндөр алба хашиж байгаа 300 орчим хүн МАН-ын Бага хурал гэх нэрийн дор хуралдаад нэг шийдвэр гаргасан. Тэр нь 2016 оны сонгуулийг 60 тэрбумын схем буюу төрийн тодорхой албан тушаалуудыг их хэмжээний мөнгөөр арилжиж, тэр мөнгөөрөө сонгууль хийж, 65 суудал авч, хүмүүсээ төрд байршуулсан тухай.
Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг хууль бусаар авсан тухайгаа, өөрсдөө хуралдаад, шийдвэр гаргаад хүлээн зөвшөөрчихсөн. Тэгээд болоогүй 60 тэрбумын Засгийн газраа унагаж дараагийн Засгийн газрыг байгуулахдаа ЖДҮ-ийг дэмжих сангын мөнгийг авлига байдлаар тарааж, УИХ-ын гишүүдийн тэн хагасыг хахуульдсан, авилга албан тушаалын хэрэгт бөөнөөрөө холбогдсон. Хэрэгт холбогдоод төмсөгдүүлчихсэн гишүүдээ дарамталж, барьцаалж байгаад улс орныг самрах, Монгол улсын төрийн байгуулалтыг нураах бүх шийдвэрээ гаргуулаад сууж байна.
УИХ-ын дарга нь “парламентын засаглалыг бэхжүүлэх” нэрээр УИХ-аа тараах санаачилга гаргаад, гэмт хэрэгтэн гишүүдээрээ гарын үсэг зуруулаад сууж байгааг эрүүл ухаанаар ойлгох аргагүй. Парламентыг тарааж, төрийг эзгүйчилж парламентат ёсыг хамгаалдаггүй юм л даа. Хоёр үзүүртэй зүү шиг хорлонтой. Тэр дундаа УИХ-ын дарга нь өөрөө ийм санаачилга гаргаад явж байгаа бол тэр нөхөр шууд зайлах ёстой.
Занданшатар гэдэг хүн үндсэндээ Монгол Улсыг хоёр дахь удаагаа хорлож байна. Өмнө нь 2012 онд гадаад хэргийн сайд байхдаа, олон улсын түвшинд Монгол Улсын гуравдагч цонх гэдэг эдийн засаг болон улс төрийн бодлогыг барьж байх ёстой хүн стратегийн салбарт хөрөнгө оруулалт хийх тухай хууль өргөн бариад Монгол Улсаас маш олон хөрөнгө оруулагчдыг хөөн гаргасан. Монгол улсруу орж ирэх үнэ багатай, урт хугацаатай мөнгөний урсгалыг боомилж, эдийн засгийнх нь хувьд Монгол Улсыг хоёр хөршийн дунд хоосон хувхай яс шиг хаяж байсан. Гэтэл одоо парламентын засаглалыг дэмжих нэрийдлээр парламентаа тараах санал гаргаад гүйж байдаг.
Магтаад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дотор нь яг өмнөх 2012 онд бий болгосон шиг нь үр дагаврыг хэдэн арав дахин томоор, 20-30 жил үргэлжлүүлэх өгүүлбэр орчихсон л явна. Хүмүүсийн халаасанд байгаа мөнгийг хоослоод, улс төрчдийн тэнэглэлийг дэврээгээд Венесуелын араас явуулах попрол нь Үндсэн хуулийн хүч чадалтай болох гэж байна шүү дээ. АНСА, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг нь хуурмаг гоёчилсон үг, хоосон дэврүүн сэтгэлтэй хүлээлт л болсон болохоос биш бодит байдал дээр ухралт. Том сэдвээр халхавчилсан, буцаад яажшуу УИХ-д орж ирэх вэ гэсэн улс төрийн жижигхэн амбицууд л байна.
-Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэр асуух санал хүртэл гарч ирсэнийг та юу гэж бодож байна?
-Бид Үндсэн хуулийнхаа дархлааг сайжруулж чадаагүйгээс, нөгөө талаас УИХ-д байгаа 64 нөхөр өөр хоорондоо учир шалтгаанаа олохгүй байгаагаас шалтгаалаад нэг хүний хүч нөлөө хэтэрхий өндөр авчихлаа. Ерөнхийлөгчийг ийм их эрх мэдэлтэй болгосон гол буруутнууд нь энэ 64 гишүүн л дээ. ҮАБЗ дээр шүүгчдийг, хуулийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудыг дур зоргоороо өөрчлөх эрх мэдлийг энэ хэдэн гишүүн л өгсөн. Гэмт хэрэгт холбогдоод, хууль шүүхийн байгууллагад дуудагдаад ирэхээрээ амиа хоохойлж, хэргээ цайруулахын тулд тал засч гүйгээд тэр хүний гарт орсон.
Нөгөө хүн нь ч хангалттай сайн тоглож байна. Үүний горыг улс орноороо амсах гээд сууж байна. Үндсэн хууль болон өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад хууль тогтоомжоор Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийг нэмэгдүүлэх, мөн Үндсэн хуулийн суурь үндсийг үгүйсгэх, өөрчлөх санаачилга гаргах нь хязгаартай. Ийм санаачилга гаргасан тохиолдол бүрд Цэцэд асуудал нь хөндөгдөж байх учиртай. Харамсалтай нь өнөөдөр манайд улс төрийн хор, авилгын хамжигч бүтэц нь хуулиасаа илүү хүчтэй ажилладаг болчихоод байна.
УИХ парламентын институцууд хэвийн үйл ажиллагаа явуулаад Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа үнэнч зогсч байгаа нөхцөлд Монгол Улсад хэзээ ч ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангууллын хэв маяг тогтохгүй. Ийм санаачилга ч гарах учиргүй. Засаглал солих гэж зүтгэсэн хэн ч байсан Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хариуцлага нь тооцогдон төрөөс зайлуулагдаж байх ёстой. Шударга ёс хүчгүй байх, шударга бус зүйл хүчтэй байх хоёулаа аюултай. Нэг талаас Үндсэн хуулийн үзэл санаанд хүч өгөх ёстой тэр механизмууд ажиллахгүй байх нь аюултай. Нөгөө талдаа Үндсэн хуулийг нулимж, Үндсэн хуулиас давж тонгочиж байгаа улстөрчид хүчтэй байх бүр илүү аюултай. Энэ хоёр аюул давхцаад Монгол Улсын тусгаар бүрэн эрхт байдал, ардчилал, хууль ёсонд нь эрсдэл үүсгээд байна л даа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий дэх баялаг, ой усны сан, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Энэ хэр оновчтой заалт вэ?
-Уг нь баялаг гэж хэлэх ёсгүй. Баялаг гэдэг чинь хүний хөдөлмөр шингэж байж тэнд ямар нэгэн байдлаар эдийн засгийн үр ашиг бий болж байж баялаг гэдэг ойлголт үүсдэг. Байгалийн нөөц гэдэг юм уу арай өөр үгээр илэрхийлэгдэнэ л дээ. Бүгдээрээ нийтийн өмч гэх тодорхойлолтод орж явдаг. Манайх “төрийн нийтийн өмч” гэх ойлголт шинээр гаргаад ирчихлээ. Хууль зүйн хувьд маш маргаантай ойлголт. Төрийн нийтийн өмч гэхээр нөгөө талд төрийн хувийн өмч гэх ойлголт гарч ирэх нь л дээ. Хууль асуудлыг шийдэх ёстой болохоос биш хуулийн бүрхэг, ойлгомжгүй байдлаас болж нэмэлт асуудал үүсгэж болохгүй.
-Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно гэх заалт орж байгаа. Энэ тухайд?
-Дийлэнх гэдэг нь дор хаяж 66 хувь гэсэн үг. Энэ чинь өөрөө Оюутолгойн 66 хувийг авна гэсэн үг юм уу. Хөрөнгө оруулалтын 66 хувь нь дандаа манайх байна гэсэн үг үү? Эдийн засгийн үр дагавар юу вэ гэдэг дээр маш бүрхэг маргаантай. Энэ агуулгуудыг нь харахаар Монгол Улс сүүлийн жилүүдэд гаараад байгаа, ихэнхдээ шантааж, сүйтгэл дагуулаад, зарим талаар гадны гар хөл болж, Монголын дотоод шийдлийг үгүй хийхэд хүргээд байгаа уул уурхайд түшиглэсэн популизмыг Үндсэн хуулийн болгоод биччих шиг боллоо.
Үүний үр дагавар ирээдүйн 20, 30 жилдээ Монголд гадны хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болгоно. Яагаад гэхээр хэн ч үйл ажиллагааныхаа дийлэнх буюу 66 хувийг дээрэмдүүлээд сууна гэж байхгүй. Хоёрдугаарт, манай эдийн засаг царцах юм байна. Хүмүүсийн амьдралд нөлөөлж, иргэдийн халаас хоосорч, улстөрчдийн чихэр, боов тараалт нэмэгдэх юм байна. Монгол Улс Венесуелийн араас маш хурдацтайгаар явах нөхцлөө бүрдүүлж байгаа юм байна гэж харж байна.
Яг энэ заалтын цаана Монголын эдийн засаг ирэх жилүүдэд ямар байдалтай болох, улс төржилт хэрхэн өрнөх, засаглалын хэлбэр яаж өөрчлөгдөх, гадаад бодлого хаашаа эргэх, гуравдагч хөрштэй үлдэх эсэх гээд олон асуудал таг харанхуй байна даа. Мэргэжилтнүүдээс асуух хэрэгтэй. Анх өргөн барьсан төсөл дээр ийм гажууд, хорлонтой заалтууд байгаагүй. Зөвшилцөл нэртэй хуйвалдаан, явцуу жижиг амбицуудыг кнопын тоонд амилуулаад эхлэхээр Үндсэн хуулийн үзэл санаа наймааны хэрэгсэл болж, хулгайлагдаж байгаа нь энэ. Үндсэндээ эдийн засгийн алуурчид, чөлөөт нийгмийн дайснууд гэдэг чинь энэ л дээ.
Эдийн засгаа тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ажлын байр үүсгэн, иргэдээ баялаг бүтээх үйл ажиллагаанд оролцуулах, тэдэнд эдийн засгийн өсөлтийн үр шимийг шударгаар хүртээж, татварын боломжоо нэмэгдүүлэх гээд үнэнд ойр, үр ашигтай ажиллаж болох эрүүл сарууд механизмыг хажуунаас нь хий хоосон попорч орж ирээд лоомдоод эвдчих нүхийг Үндсэн хуулиар үүсгэх гэж байна. Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа гэж нүх үүсгээд гэмт хэргийн хамсаатнуудаа гоожуулсан шигээ.
-Сонгуулийн эрх бүхий иргэний нэг хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэсэн заалт орсон. Намуудын зүгээс улс төрд орох эрхийг хасч байна, хоёр нам улс төрд үлдэх нь гэх зэргээр шүүмжлэлтэй хандаж байна?
-1992 оны Үндсэн хуульд иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан. Нөгөө талдаа Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Тэд шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ гэж заасан. Монгол Улсад төр ямар байх, ямар бодлого хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэхийг иргэд мэдэж шийднэ гэх утгатай.
Энэ эрхээ эдлэх боломж нь эвлэлдэн нэгдэх. Эвлэлдэн нэгдэх эрх болон төрийн шийдвэр, үйл ажиллагаанд оролцох эрх нь хоёр хүн нэгдсэн үү, 20 мянгуулаа нэгдсэн үү гэдгээр ялгаварлагдаж болохгүй гэдэг санаа. Тэр дундаа иргэндээ хянагдах учиртай төр засаг иргэддээ “тэд хүрч байж тар нар эрхээ эдэлнэ” гэдэг босго тавиад, заагаад сууж байх ёсгүй. Ийм гажуудсан утгыг иргэдийнхээ нэрийг бариад нийгмийн гэрээнд нь оруулах гээд давшлах нь ёс зүйгүй үйлдэл.
2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дордуулсан долоо гэж яриад байдаг. Гэхдээ тэр өөрчөлөлт энэ удаагийнх шиг иргэнийхээ үндсэн эрхийг хулгайлаагүй. Хууль хулгайлаад дөжирчихсөн, цайчихсан хүмүүст энэ ч гэсэн хамаагүй байх л даа.
Энэ бол нэгдүгээрт, иргэдийнхээ улс төрийн эрх чөлөөг хумих чиглэл рүү алхаж, ардчиллаас ухралт хийж байна. Хоёрдугаарт, энэ зүйл заалтын хор хөнөөл юун дээр гарч ирэх вэ гэхээр улс төрийн намууд нь социализмын үеийн үлэг гүрвэл шиг нүсэр бүтэцтэй, хатуу гишүүнчлэлтэй тэр гишүүдээ нэг бол айдсаар, үгүй бол халамжаар тэжээдэг байдлыг Үндсэн хуульжуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, албан тушаалын сүрдүүлэг бүхий хагас цэргийн тогтолцоо, эсвэл бохир ч хамаагүй их мөнгөөр оршин тогтнох клиентелист түншлэл дээр суурилсан, олигархийн халаасанд багтсан нам болно гэсэн үг. Үр дагавар нь нөгөө талдаа төсвөөс их хэмжээний мөнгө хулгайлдаг хулгайч түшмэлүүдийн сүлжээ үүсгэнэ. Товчхондоо 60 тэрбумын схемыг албан ёсоор Үндсэн хууль руу бичиж байна л даа. Ийм нүсэр бүтэцтэй тэдэндээ халамж тараадаг, худалдан авалт хийж, харилцан тохиролцож байвал юуг ч зарж үрж наймаалцаж болдог системээ албан ёсоор Үндсэн хуульдаа бичиж байна л гэж харагдаж байна.
Улс төрийн намаас болж төрд авилгал гаарч байгаа. Оймс, малгайдаа нуусан тэр мөнгөөрөө хэн нэг улстөрчийн дараагийн сонгуулийнх нь бэлтгэлийг хангах гээд зүтгэж байгаа. Улс төрчдийн, намуудын тавиулууд мөнгөтэй гэж бодсон төрийн бүх байгууллага, албан тушаалууд дээр очоод сүлжээгээрээ мөнгө хулгайлцгааж байгаа. Энэ гажиг, авилгажсан улс төрийн тогтолцоог албажуулж, Үндсэн хуульдаа бичиж байгаа нэг хэлбэр нь энэ. Нэг талаас иргэний үндсэн эрхийг хулгайлж байна. Нөгөө талаас авилгажсан намыг Үндсэн хуульдаа бичих гэж оролдож байна.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд ерөнхийдөө шувтарч байна. Анх зорьсон зорилгодоо хүрч чадах болов уу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улс орныг урагш алхуулах ёстой гэж үзээд дэвшүүлсэн зөв зүйтэй санал олон байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэж үзсэн нэг шалтгаан нь Засгийн газрыг тогтвортой байлгах, гүйцэтгэх эрх мэдлийг эзэнтэй болгох, Ерөнхий сайдад хариуцлага, эрх мэдэл хоёрыг нэг мөр өгөх зорилготой байсан.
Бас гүйцэтгэх эрх мэдлийг гурав дөрвөн төрийн институци хоорондоо булаацалдсан байдалтай, нэг нэгнийхээ өмнүүр орж эрх мэдэл олж авахыг оролддог мөртлөө хариуцлага үүрэх болохоор нэг нэгнийхээ араар ороод нуугдчихдаг явдлыг зогсоох байсан. Тэгэхийн тулд Ерөнхий сайд Засгийн газрынхаа кабенитыг өөрөө бүрдүүлдэг. Ерөнхий сайд УИХ-ын өмнө хуулийн биелэлтийг хариуцна гэсэн бол тэр үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хэмжээний эрх мэдэлтэй байх нь гол зарчим байсан.
Энэ үзэл санаагаар УИХ нь гүйцэтгэх эрх мэдэлтэй хутгалдаж санхүүгийн сахилга батыг доголдуулдаг, дураараа төсөв мөнгө зарах гэж оролддог явдлыг зогсоох, Үндсэн хуулиар олгогдоогүй боловч хэт тэлсэн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах, УИХ-аас гадна УИХ-ын дарга гэж УИХ-аасаа том эрх мэдэлтэй болчихсон, орохгүй зүйлгүй, мэдэхгүй асуудалгүй болчихсон нөхрийг цэгцлэхийг оролдсон.
Харамсалтай нь оролдсон л гэж хэлэхээр болж байх шив дээ. Ерөнхий сайд Засгийн газрын кабенитаа өөрөө бүрдүүлдэг заалт нь уначихлаа. Гол зарчим нь унаад техникийн туслах шинжтэй заалтууд нь дэмжигдээд явчихлаа.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөхийг хүссэн чухал асуудал нь Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг сайжруулах, нөгөө талаас хариуцлагыг нэмэгдүүлэх байсан. Мордохын хазгай гэгчээр анх өргөн барихдаа зүйл заалтаа онож өргөн барьж чадаагүй, ихэнхдээ Үндсэн хуулийн бус асуудлыг хамаад явчихсан. Ядахад яр гэгчээр зөвшилцөл нэрийн дор Ерөнхийлөгч орж ирж самраад чухал заалтуудыг нь хасчихсан. Дээр нь УИХ-аар хэлэлцэх явцад анх өргөн барьсан үзэл баримтлалыг 180 хэм эргүүлчихсэн. Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлтөөс шүүхтэй холбоотой шинэчлэлийн үйл явц харагдахгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд техникийн шинжтэй дэвшил байгаа болохоос зарчмын болон тулгуур үнэт зүйлийн шинжтэй асуудлууд дээрээ ухралт хийчихэв үү л гэж харж байна.
-Монголчууд ардчилаллын замаар замнаад 30 жил болж байна. Зарим хүмүүс аливаа зүйлийн бүх бурууг ардчилал руу нялзаадаг. Өнгөрсөн хугацааг эргээд харахад ардчилал бидэнд юу өгсөн гэж та дүгнэх вэ?
-30 жилийн өмнөх хүмүүсийн амьдрах хэв маяг, амьдралын чанар, өөрөө өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдлүүдийг нь 30 жилийн дараахтай харьцуулаад үзэхэд харагдах байх аа. 30 жилийн өмнө ах дүүгээрээ гутал, өмдөө дамжуулаад өмсдөг, нийгмээрээ нэг мөрөөдөлтэй, өөртөө итгэхээсээ илүү нам засагтаа итгэсэн, ах дүүг нь авч яваад буудчихад би буудуулаагүй үлдсэн нь их юм гэсэн айдас хүйдэстэй л байсан даа.
Энэ цаг үе зарим талаараа шүүмжлэлтэй, хүлээлтэд хүрэхгүй байгааг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, ардчилал бол ид шид биш. Иргэд өөрөө өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлж болох боломжийг бүрдүүлж өгдөг л зам. Үр дүн бол иргэдийн өөрсдийнх нь идэвх санаачилга хариуцлагаас дийлэнхдээ шалтгаална. 1990 оноос төөрөгдсөн нэг зүйл бий. Бидний амьдарч байгаа нийгэм ардчилсан гэхээсээ илүү чөлөөт нийгэм. Энэ чөлөөт нийгэмд зэрэгцэн оршин байдаг хэд хэдэн суурь инститиуц, зарчмууд байдаг. Тэдний зөвхөн нэг нь ардчилал.
Бид бүх нийгмээ ардчилал гэдэг ойлголтоор төлөөлж илэрхийлэх гэж оролдож байгаа нь алдаа. Ардчилал иргэдэд эд хөрөнгө, баялгийг авчирч өгдөггүй. Баялгийг хувь хүмүүст хуваарилж, авчирч өгдөг тогтолцоо нь зах зээлийн тогтолцоо. Чөлөөт зах зээлийн зарчмуудаа хэрэгжүүлээгүй мөртлөө зах зээлийн бий болгох ёстой зүйлсийг ардчиллаас нэхэж болохгүй.
Ардчилал нийтийн шийдвэрийг гаргадаг, тэгэхдээ цөөнхөө сонсож, олонхи нь шийдвэр гаргадаг харилцан ярилцдаг, ойлголцлын тогтолцоо. Ардчилал, зах зээлээс гадна чөлөөт нийгэмд хуулийн засаглал гэж нэг зарчим бий. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, байгаа байдлаараа ялгаварлагдахгүй байх, хууль хоёр өөрөөр үйлчлэхгүй байх чинь ардчиллын тухай ойлголт ердөө биш. Зах зээлийн тухай ойлголт ч биш. Хуулийн засаглалын тухай ойлголт. Хоорондоо уялдсан энэ зарчмуудыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх ёстой. Ардчилал монголчууд бидэнд асуудлаа дотроо өөр хоорондоо ярилцаж, өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдвэрлэх бүрэн эрхийг өгсөн. Гарсан шийдвэрээ амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх гэдэг чинь хуулийн засаглалын тухай яриа.
Ардчилал маань гажигтай байгаа. Учир нь авилгажсан намууд, байнга иргэдээ хуурдаг лидерүүд, ярьсан болон хийж байгаа үйлдэл нь зөрдөг шийдвэр гаргагч нараас болоод итгэл алдарч байгаа. Нөгөө талдаа яагаад хууль ялгаатай, алагчилж үйлчлээд байгаа юм бэ, хуулиас давсан эрх мэдэлтэн, хуулийг өөрийнхөө төлөө өөрчилж, үйлчлүүлээд байгаа мөнгөтөй хүмүүс, хамгийн гол нь худалдагдаж, айн бэргэж хуулиа завхруулаад байгаа хуулийн байгууллага, албан тушаалтнуудын бурууг Ардчилал үүрч болохгүй. Эдийн засгийн зөв тогтолцоо бүрдээгүйгээс болоод баялгийн хэт ялгаатай байдал үүсчихээд байгаад ардчилал буруутай юу. Асуулт зөв тавигдахгүйгээр шийдэл зөв гарахгүй л дээ.
Өдрийн сонин
Сэтгэгдэл (4)