x

Э.Мөнхбаяр: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуурамч дуудлага олшроод байна

Цагдаа болон дотоод хэргийн алба хаагчдийн өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн хороо хариуцсан цагдаагийн ахлах ахлагч, “Ахлагчийн зөвлөл"-ийн дарга Э.Мөнхбаяртай ярилцлаа.

-Цагдаа болохыг хүүхэд наснаасаа л хүсдэг байв уу?

-Сурагч ахуй наснаасаа цагдаа болно гэж мөрөөдөж, дүрэмт хувцастай ах нарыг хараад дуурайж, мөр зэрэгцэн алхах юмсан гэж хүсдэг байлаа. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цагдаагийн анхан шатны дамжаа дүүргэж мөрөөдөлдөө хүрэхэд нэг алхам урагшилж мөрдөс нэгтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллах хувь тохиосон. 

Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн цагдаа болсон болохоор ажилдаа илүү сэтгэл зүрхнээсээ хандаж, өдөр бүр хичээж ажилладаг. Үнэхээр хүссэн зорьсондоо эх орныхоо эрэлхэг хүү нь байж ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө энхийн манаанд зогсож, төрдөө тангараг өргөсөн цагдаа нарын эгнээнд мөр зэрэгцэн алхаж яваадаа баяртай байна.

-Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?

-2005 онд Цагдаагийн байгууллагын босгыг давж байсан бол өнөөдөр 14 жилийн нүүрийг үзжээ. Хан-Уул дүүргийн цагдаагийн газар эргүүлийн цагдаагаар ажлын гараагаа анх эхэлж байсан. Тэгээд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар эргүүлийн цагдаагаар ажиллаад 2011 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст томилогдоод одоог хүртэл ажиллаж байна.

-Залуу хүний хувьд өдөр бүр зорилгодоо хөтлөгдөж ажилладаг байх. Тэгэхээр та зорилго болон цаашдын мөрөөдлөө хуваалцахгүй юу?

-Өнгөрсөн хавар ажлынхаа хажуугаар “Сити” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсөөд ахлах ахлагч цолтой болсон. Залуу хүн үргэлж суралцаж, дээшилж, дэвжиж явах хэрэгтэй гэж боддог. Өөрийнхөө гурав хүүхдэдээ түүх бүтээж үлдээхийг хүсдэг. Ааваараа бахархаж, миний аав төрийн цагдаа хүн гэж хүндэлж, дээдэлж яваасай. Цаашид ажил хөдөлмөрөө илүү сайн хийх болно. Сайн гэдгээсээ илүү сайн, онц бол онцоос дээгүүр дархан биелүүлэх зорилготой.

-Цагдаа нар янз бүрийн хэрэг илрүүлэх шаардлагатай тулгардаг. Санаанд хамгийн тод үлдсэн гэмт хэргийн тухай ярих уу?

-Анх ажилд ороод удаагүй байхад  Дунд голын эрэгт таксины жолоочийг 10 гаруй хутгалаад хаячихсан байна гэх дуудлагын дагуу гэмт хэрэгтнийг аман зургаар Яармагийн нутаг дэвсгэрээр хоёр хоног хайж, эрэн сурвалжилж байсан. Тэр үед гэмт хэрэгтэн байрлаж байж болзошгүй байрны мэдээлэл иргэнээс ирээд манайхан тус байранд нэвтэрч би нэг цагдаатай гадаа хамгаалалтад зогсож байгаад нөгөө байранд гэмт хэрэгтэн байж магадгүй гээд яваад ортол гэмт хэрэгтэнтэй халз тулгарч гэмт хэрэгтнийг баривчилж байлаа.

-Баяр наадмаар цагдаа нар гэртээ амарч чадахгүй ажил үүргээ биелүүлээд явдаг. Энэ жил та ээлжийн амралттай таарсан гэхээр амарсан уу?

-Баяр наадмаар хамт олонтойгоо ажилласаар байгаад сурчихсан. Энэ жил наадмаар ээлжийн амралттай байсан ч хамгаалалтад гарч ажилласан. Наадмаар ард иргэдээ сайхан баярлуулаад завсар зайгаар нь өөрсдөө наадмын нээлт үзээд, ганц нэг халуун хуушуур идэж өнгөрүүлэх сайхан шүү дээ. Хамт олон наадмаар ажиллаж байхад би энгийн хувцастай амраад явж байна гэхээр онцгүй санагдаад байдаг юм. Арав гаруй жил баяр наадмаар хамт олонтойгоо ажиллаж өнгөрүүлсэн дээ.

-Энгэртээ зүүсэн гавьяа шагналаа танилцуулбал ямар вэ?

-“Албаны төлөө III” 2016 онд авч байлаа. “Осолгүй манлай жолооч”, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн алдар тэмдгээр энгэрээ чимж явна даа.

-Албан үүргээ биелүүлж явахад сайнтай муутай зүйл бишгүй л тохиолддог байх. Үүнээс сайхан нь юу байдаг вэ. Мөн хэцүү санагддаг зүйл бий юү?

-Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахиулахаар төрдөө тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчид өдөр шөнөгүй ажлаа хийгээд явж байхад хүндрэл саад бэрхшээл тулгардаг. Гэхдээ эдгээр сайнтай муутай хандлага дундаас иргэдийн “би” хэмээх үзэл нь ажил хийх явцад их саад болдог. Иргэд “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн дээрэнгүй үзэл сурталтай аливаад хандахаа болих хэрэгтэй. Албан үүргээ гүйцэтгэж яваа цагдааг доромжлох, дайрч, давшлах тохиолдол цөөнгүй байдаг. Харин сайхан зүйл нь иргэдээс “Баярлалаа” гэдэг үгийг сонсох урамтай байдаг.

-Цагдаагийн алба хаагч руу дайрч давшлах нь хууль бус биз дээ. Ямар арга хэмжээ авах уу?

-Тэгэлгүй яах вэ. Албан үүргээ биелүүлэхэд саад учруулаад байвал зөрчлийн тухай хуулиар торгон, саатуулна. Бид эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Чиглэлийн дагуу ажил үүргээ биелүүлдэг. Аливаа зөрчил гарвал тус иргэнд шаардлага тавина. Шаардлагыг хүлээж авахгүй эсэргүүцэх удаа дараа зөрчил гаргах иргэнд гудамж талбай олон нийтийн газар нус цэрээ хаях, бие засах, архидан согтуурахад арга хэмжээ авч зөрчлийн тухай хуулиар торгодог.

-Танай хэлтсийн хувьд яг нийслэлийн төв цэгт байрладаг юм байна. Тэгэхээр бусад дүүргүүдтэй харьцуулахад ямар онцлогтой байдаг вэ?

-Улаанбаатар хотын төв цэгт байрладаг учир ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль болон аж ахуй нэгж байгууллага ихтэй. Сүхбаатарын талбай байрладгаараа онцлог. Үүнийгээ дагаад хүн амын нягтрал их. Өдөрт ойролцоогоор 10-20 мянган хүн дамжин өнгөрдөг. Халаасны хулгайн гэмт хэрэг гарах нь элбэг. Сүхбаатарын талбайд зохион байгуулагддаг нэгдсэн арга хэмжээний үеэр хүүхэд төөрөх, алга болох хэрэг их бүртгэгддэг. Аж ахуй нэгж байгууллагын төвлөрөл их учраас цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргүүлж шаардлага тавин ажилладаг.

-“Ахлагчийн зөвлөл”-ийн даргаар ажиллахад ачаалалтай байна уу. Танай зөвлөл ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн 68 ахлагчаас бүрдсэн орон тооны бус “Ахлагчийн зөвлөл”-ийн даргаар энэ оны эхэнд сонгогдсон. Мөр зэрэгцэн ажиллаж буй ахлапндынхаа дуу хоолой болж, төрийн өмнө тангараг өргөсөн цагдаа нарынхаа нэр төрийг өргөх олон талт үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Тухайлбал, эргүүл цагдаа хөтөлбөр, соён гэгээрүүлэх хөтөлбөр, сайн үйлсийн аян гэх мэт үйл ажиллагааг он гарснаас хойш зургаан сарын дотор амжилттай зохион байгууллаа.

-“Ахлагчийн зөвлөл”-ийн алба хаагчдын үйл ажиллагааны онцлог юу вэ?

-“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” хэмээх уриан дор 60 гаруй ахлагч нар нэгдсэн санаа зорилгын төлөө хамтдаа зүтгэж байна. Мөн “Ахлагчийн зөвлөл”-ийн зарчим нь захирах, захирагдах ёстой ил тод ардчилсан байхыг эрхэмлэдэг. “Шинэ санаа санаачилга 2019 челленж” арга хэмжээ зохион байгуулсан. Шижигнэсэн нөхдүүд нэгдэн нэгнийхээ ар гэрийн ажилд туслахын сацуу Солонгос Улсад яаралтай хагалгаанд орох гэж байсан Энэрэл охины эмчилгээнд хандив өргөсөн. Ажлын бус цагаар хуралдаж, ахлах ахлагч нартайгаа зөвлөлдөж ажилладаг.

-Танай хорооны гэмт хэргийн гаралт буурсан үзүүлттэй байна. Ер нь хорооны цагдаагийн ажлын ачаалал ямар байна?

-Хороон цагдаа хамгийн эхэнд оршин суугч, ард иргэдтэй ойр ажилладагаараа онцлог бөгөөд бүртгэл судалгаа, эргүүлээс эхпүүлээд ажил ундарна даа. Манай хороо нийт 8440 хүн амтай, 2,160 айл өрхтэй, 1,220 аж ахуй нэгж байгууллагатай. Энэ оны хагас жилийн байдлаар манай хорооны гэмт хэрэг 19 хувиар буурсан.

-Сүүлийн үед ямар төрлийн гэмт хэргийн дуудлага өсөж байгаа вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага сүүлийн үед олширсон ч ихэвчлэн хуурамч дуудлага байдаг. Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө үүрэг, хариуцлага, оролцоогоо ухамсарлах хэрэгтэй байна. Цагдаагийн байгууллага бол тоглоомын байгууллага биш. Гэр бүлийн хоёр хамтдаа архи уучихаад хоорондоо маргана тэгээд цагдаа дуудчихдаг, эсвэл хардалт сэрдэлтээс болоод маргалдана дуудлагын дагуу шалгалт хийгээд эрсдлийн үнэлгээ тогтоохоор “Миний дургүй хүрээд цагдаа дуудчихсан юм” гэх мэт тохиолдол гарна.

Хуурамч дуудлага өгсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгоно. Зарим дуудлага нь “Манай хөрш айл хүүхдээ зодоод байна” гэх дуудлагаар шалгахад хүүхэд нь өвдөөд унтаагүй эсвэл, үймүүлээд унтаагүй байх жишээний. Бидний үүрэг бол бүх дуудлагын дагуу шалгах байдаг.

-Иргэд цагдаа нарт хэрхэн хандаж байна. Ер нь иргэдийн цагдаа нарт хандах хандлагын тухай юу гэж боддог вэ?

-20-25 насны залуучуудад зохих ёсны шаардлага тавихаар хүлээж авах нь бага байдаг. Аливаад хандах хандлага сөрөг, эрх, үүрэг хариуцлагаа мэдэхгүй байж хуулийн зах, зухаас нь яриад өөдөөс сөргөлдөнө. Цагдаагийн албан хаагч хууль ёсны арга хэмжээ авахад биелүүлэхгүй бол арга хэмжээ авдаг. Ер нь торгохыг эрмэлзээд байхгүй эхний ээлжид сануулна, давтан зөрчил гаргасан, шаардлага хүлээж авахгүй байгаа тохиолдолд л торгодог.

-Хамт олныхоо тухай энд дурдахгүй өнгөрч болохгүй байх. Тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Туршлага, ур чадвартай мундаг залуучуудтай хамт ажиллаж байгаадаа баяртай байдаг. Сая баяр наадмын үеэр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд хамт архи ууж байгаад нэгнийгээ хутгалаад зугтаасан хэрэг гарсан. Хохирогч нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Дуудлага мэдээллийн дагуу худлаа чиг зааж өгөхөд нь өөрсдийн туршлагаар эрэн сурвалжлахад айлын пүнкерт ороод нуугдаж байхад нь баривчилсан.

-Ярилцлагын төгсгөлд цагдаагийн бүх бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Хэлтсийн дарга хурандаа Б.Даваазул тэргүүтэй цагдаагийн бүрэлдэхүүн хамт олондоо баярын мэнд хүргэж байна.

Түмнээ өмгөөлсөн сэтгэлийн дуудлагатай
Төрөө түшсэн итгэлийн үүрэгтэй
Тэргүүндээ сүлдтэй 
Товчиндоо соёмботой 
Даруухан мөрдөстэй 

Монголын цагдаагийн алба хаагчдадаа ойн баярын гал халуун мэнд дэвшүүлж, Цагдаа нарын мэлмий тунгалаг өлмий бат орших болтугай. Монголын цагдаагийн суу алдар мандан бадраг.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 28 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 29 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 30 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 31 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 32 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 33 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 35 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 36 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 11 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 21 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 25 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 30 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 5 цаг 38 мин 2006 он: Эргэлтийн цэг 5 цаг 44 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 55 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 5 цаг 57 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 2 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 5 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 15 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top