Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томиллоо. Нууц санал хураалтаар С.Мөнхчулууныг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилсон байна. Эхний санал хураалтад НИТХ-ын 43 төлөөлөгч оролцсоноос нэг санал хүчингүйд тооцогдож нэр дэвшигчдийн санал 21:21-ээр тэнцсэн байна. Тиймээс тооллогын комиссын шийдвэрээр санал хураалтыг дахин явуулжээ. Хоёр дахь санал хураалтын дүнгээр НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун олонхийн санал авч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч боллоо. Нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар, гишүүдээр Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг, Э.Бат-Амгалан нар ажилласан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва үдээс өмнөх хуралдааны эхэнд танилцуулсан ба Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн зүгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн юм. Харин хуралдааны үеэр ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас өөрийн нэрийг дэвшүүлж, өрсөлдсөн байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан хотын даргад нэр дэвшиж буйтай холбогдуулан түүний санал болгосноор ээлжит бус VI хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулжээ.
С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар томиллоо
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.