Үндсэн хуулийн цэцийн Их суудал хуралдаж байна. Сонгуулийн тухай хуульд "Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэсэн заалт бий.
Энэхүү заалт өмнө нь Сонгуулийн тухай хуульд орж байсан бөгөөд 2005 онд мөн Цэц хэлэлцээд хүчингүй болгож байжээ. Гэвч 2016 оны сонгуулийн өмнө баталсан Сонгуулийн тухай хуульд сэргээж дахин оруулсан учраас иргэн Б.Амартүвшин, Я.Баярсайхан нар Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.
Тэдний мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц хяналтын журмаар хэлэлцэж байна. Цэцийн Их суудлын хуралдаанд мэдээлэл гаргасан иргэн Б.Амартүвшин, Я.Баярсайхан нараас гадна УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Амарзаяа гишүүн оролцож байна.