Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанд 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон яам, агентлагийн дарга нар оролцож байна. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Өргөтгөсөн хуралдааны эхэнд 2018 оныг хариуцлагатай жил болгон зарласантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулга хийлээ.
Мөн төрийн алба хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнг танилцууллаа.
Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 45381 албан хаагч хамрагдсан байна. Үнэлгээг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх болон төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх гэсэн хоёр хэлбэрээр явуулж, яам, агентлаг, аймаг, нийслэл, төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагаар нь ангилан дүнг нь нэгтгэжээ.