Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар Д.Дорлигжавыг нэг сар цагдан хорьсон нь үндэслэлгүй хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан.
Уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 15:00 цагт товлогдсон ч өмгөөлөгч нар шинэ нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн тул шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны 11:00 цаг хүртэл хойшлууллаа.
Энэ сарын 9-ний өдөр Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа“ ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил“ компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэх үндэслэлээр шалгаж, нэг сар цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.