Өчигдөр 9 удаа хойшилсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Тэд дөрвөн гишүүнээ хамгаалж үлдсэн бол Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжиж ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.
Санал хураалтаар УИХ-ын гишүүдийн 94.5 хувь нь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ. Ингэснээр тогтоол батлагдаж УИХ-ын гишүүн Ч.Улаан ХХААХҮ-ийн сайд болов.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
- 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
- 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч
- 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга
- 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд
- 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд
- 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан
- 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилсоноор өчигдөрийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.
Сэтгэгдэл (1)