Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр шөнө дунд болтол үргэлжилж 00:10 минутад дуусав. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболдоос Л.Оюун-Эрдэнэ гишүүн уучлалт гуйв. Тэрбээр жагсаалын үеэр УИХ-ын даргын өрөөнд ёс зүйгүй авирласандаа уучлалт гуйж байна” гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарыг жагсаалын үеэр 200 цэрэг бэлдэж цуст мөргөлдөөн хийх гэж байна гэж гүтгэсэндээ уучлалт хүслээ. Зөрүүлээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Богд банктай холбоотой асуудлаар батлагдаагүй мэдээлэл хэлсэндээ Л.Болд гишүүнээс уучлалт гуйснаар байнгын хорооны хуралдаан дуусав.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Өнөөдөр иргэдээ хүндэтгэж, гадаа суулт хийж буй иргэдээ ойлгож М.Энхболд дарга маань хуулийн хүрээнд гарц гаргаж байгаа юм байна гэж ойлголоо, танд талархал илэрхийлье. Жагсаал болсон өдөр амаргүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл яаж эргэн очиж жагсагчдыг тараах вэ гэдгээ бидний хувьд мэдэхгүй, тухайн үед шоконд орсон байсан. Таны өрөөнд миний зүгээс ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга таниас уучлалт хүсч байна. Хүлээж авна уу гэж хүсч байна. Бидний хүлээлттэй ирсэн нөхцөл байдалтай зөрчилдсөн учраас жагсаал дээр болсон нөхцөл байдлыг харгалзан тийм зүйл болсон гэдгийг танд хэлэхийг хүсч байна. Танд бас баярлалаа. Хувь хүнд зориулж хууль батална гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Энэ бол парламентын дархлаа, бусад зүйлтэй холбоотой гэдэгтээ одоо хүртэл би санал нэг байна. Одоо хүртэл танд өөрөө өргөдлөө гаргах боломжит хувилбар байгаа. Та бол УИХ-ын дарга, түүхэн хүн. Тэгэхээр үүнийг бодолцож заавал энэ хуулийг хэлэлцэлгүй шийдэх хугацаа байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Ямар ч байсан хуулийн хугацаанд энэ асуудал шийдэгдээд явах юм байна гэж ойлголоо. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат бие биедээ хатуу үг чулуудсан учраас нэгнээсээ уучлалт гуйна гэсэн гэдгийг Д.Лүндээжанцан хэлсэн юм. “Гишүүд ойлголцож, нэгнээсээ уучлалт гуйгаад явна гэж манайхан ярьсан” гэдгийг тэрбээр онцолсон юм.
Сэтгэгдэл (1)