УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын саналыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийг гишүүн тус бүр дээр нэг бүрчлэн хийж байгаа бөгөөд одоогоор УИХ-ын гишүүн М.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг шийдвэрийг гаргаад байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УЕП-оос асуулт асууж хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Яагаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн энэ дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирж байгаа юм бэ? Ерөнхий прокурор таныг УИХ-ын дарга атгачихсан гээд байна. Нөгөө 37-гоос нь цөөлөх гэж оруулж ирж байна гэсэн хардлага яваад байна.
Таныг Ерөнхийлөгч томилдог юм уу, УИХ-ын дарга томилдог юм уу, Ерөнхий прокурор оо?
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан:
-Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Намайг томилоход М.Энхболд УИХ-ын дарга байгаагүй. Өөрөө ч хэн нэгэнд үүрэг даалгавар өгөөд сууж байх хүн биш байх. Өмнө нь энэ асуудлыг оруулж ирэх гэхээр та нөхөд өөрсдөө хуралдахгүй байсан шүү дээ. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх тул хуралдана гэхээр чинь асуудлаа оруулж ирлээ. Битгий хууль хяналтын ажлыг улс төр болгооч, хуулийн байгууллага ажлаа хийгээд оруулж ирж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганболд:
-ЖДҮХС-гийн 10 жилийн санхүүг шалгах хэрэгтэй, шалгаж байгаа юу?
М.Энх-Амгалан:
-Бүгдийг нь шалгаж байгаа. Энэ бол асар өргөн хүрээний шалгалт болж байгаа шүү. Хүн хүч үнэхээр дутагдаж байна. АТГ-ын 25 хүн ЖДҮХС-гийн бүх зээл дээр явж байна. Замбараагүй их ажил явагдаж байна. ААН-үүддээ ч хүнд тусч байгаа байх. Мал аж ахуйн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан бол юун ЖДҮХС, тамтаггүй их юм байгаа. Сантай холбоотой асуудлуудыг тэр чигт нь шалгаж байгаа.
Мөн УИХ-ын зарим гишүүд зээл авсан гишүүдийг бөөнөөр нь оруулж ирсэнгүй гэх асуудал сүүл рүүгээ яригдаад эхэллээ. Тус тусдаа үйлдэлтэй, тус тусдаа нөхцөл байдалтай учраас аль нь түрүүлж орж ирснээсээ шалтгаалж оруулж ирж байгаа. Цагдаагийн байгууллага, АТГ надад санал өгдөг. Ер нь тус тусдаа хүний асуудал явж байхад заавал бөөнд нь оруулах ёсгүй гэж бодож байна.
Яллагдагч Б.Батзориг гэж хүн хэлж байна. Үнэхээр энэ хүний хэлсэн шиг явсан бол бид ажлаа алдаад, төрийн баахан хөрөнгө мөнгө зараад, 40-50 мөрдөн байцаагч тэнд өдөр, шөнөгүй ажиллаад, 20-оод прокурор ажиллах шаардлагагүй байсан. Бидний бүтэн хоёр сарын ажил зөвхөн ЖДҮХС-г шалгахад зориулагдаж байна. Гэтэл бид цаана чинь Оюутолгой, Дубайн гэрээ, та нарын яриад байгаа Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бонд гээд асар олон шалгах асуудал байгаа. Үнэхээр хүн хүч хүрэлцэхгүй байна. Шударга ёсыг тогтоох гэж байгаа байгууллагадаа хэдэн хүний орон тоо шийдээд өгөх хэрэгтэй байна.
ЖДҮХС-гийнх хэрэг мөн үү гэвэл яах аргагүй мөн. Албан тушаалаа урвуулан ашиглаад иргэдээс боломжийг нь авчихсан л асуудал шүү дээ. Цаашдаа ингэж явж болохгүй гэдэг дээр би хатуу зогсож байгаа. Энэ танхимд байгаа гишүүдээс хэд нь орж ирэхийг мэдэхгүй байна. Нэлээд нь ирж шалгуулж байгаа.
Зарим нь байцаагдаад хэрэг биш гэдгээ батлаад бидний ажилд талархаад явсан бол зарим нь байцаалтынхаа дараа утсаар ална хядна, УИХ-ын гишүүнийг шалгадаг чи хэн бэ гэж дарамталсан асуудал ч гарсан байсан. Дараагийн хурал дээр би тодорхой гишүүний асуудлыг оруулж ирж ярина” гэв.
Гишүүд асуулт асууж дууссаны хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн:
-Хууль хяналтын байгууллагад итгэх итгэл л бий болж байж шударга ёсыг бид ярина. Ерөнхий прокурорын ярианд итгэх итгэл төрж байна. Гэхдээ огт асуудал нь яригддаггүй Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарын асуудлыг та нэг мухарлаач. Ч.Сайханбилэг, С.Баярцогтын асуудал юу болов. 60 тэрбумын асуудлаар Энхболд даргын асуудлыг та оруулаад ирээч. Оюу Толгой, Таван толгой зэрэг асуудлыг та нэг анхаарч хараач.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Ерөнхий прокурорын өнөөдөр оруулж ирж байгаа энэ асуудал чинь таны ярьж байгаа бүлэглэлийг таслахын нэг эхлэл. ЖДҮ-гийн асуудал гэхэд бүлэглэлийг задлах нэг алхам. Тиймээс энэ асуудлаа бид шийдээд гишүүдийн шалгагдах бололцоог гаргаж өгье. Шинэчлэл энэ заалнаас эхэлнэ гэж үнэн. Аливаа асуудал жижиг зүйлээс эхэлдэг. Тиймээс өнөөдөр бодитой байгаа ЖДҮ-гийн энэ асуудлаас эхэлье.
Гишүүд үг хэлж дууссаны дараа Л.Энхболд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны дүгнэлтээр санал хураахад гишүүдийн олонхи буюу 71,4 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Харин үүний өмнө санал хураалт явуулсан М.Ундармаа гишүүн дээр нишүүдийн 82,5 хувь "Түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн санал өгчээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.