УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын хорооны хуралдаан шөнйн 02.000 цагт өндөрлөж УИХ-ын гишүүн М.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хууль зүйн байнгын хороо хуралдахын өмнө хуралдааныг нээлттэй явуулах эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи нээлттэй явуулах санал гаргалаа. Гэвч гишүүн Ц.Нямдорж “Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдсан учраас асуудлыг бид хаалттай хэлэлцэх ёстой юм” хэмээн өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулснаар ХЗБХ-ны хуралдаан хаалттай хуралдав.
Харин ТББХ-ны хуралдаан байнгын хороо гишүүдийн олонхийн саналаар нээлттэй хуралдлаа.
УЕП М.Энх-Амгалагнгийн танилцуулснаар Л.Энхболд гишүүн Х тайлантай компанийг өөр хүний нэр дээр шилжүүлж аваад ЖДҮХС-гаас зээл олгуулах замаар өрөө төлсөн, Д.Дамба-Очир өөрийн эзэмшилд байсан компанийг өөр хүний нэр дээр шилжүүлээд “гөлтгөнийн үйлдвэр байгуулна” гэж зээл аваад уул уурхайд хөрөнгө оруулсан, харин Г.Солтан нь хүү С.Ахмедийнхээ нэр дээр бүртгэлтэй “Монгол шаазан” компанид зээл ЖДҮХС-гаас зээл аваад, эхнэрийнхээ дансаар дамжуулан банкаар хүүлсэн зэрэг гэмт хэрэг өдүүлсэн аж. Гишүүн тус бүр уг зээлийг “хамаарал бүхий” компанидаа олгуулахаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг руу дэмжлэг хүссэн бичиг явуулсан байна.
“Энэ гэмт хэрэг мөн юм уу, эсвэл гишүүдийн өөрсдийн хэлээд байгаа шиг журмын дагуу олгогдсон зээл юм уу?” гэсэн О.Баасанхүү гишүүний асуултад УЕП.М.Энх-Амгалан:
-ЖДҮХС-гаас зээл олгуулахаар 1041 зээлдэгт хүсэлт тавьж төслийн материалаа ирүүлсэн байдаг. Тэдний 431 нь зээл олгох шалтгуурт тэнцэж, бусад нь хасагдсан. Үүнээс 134 компанид зээл олгосон байдаг. Зээл олгосон 134 компани дотор багтсан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд бүгд зээлийн шалгуур хангаагүй байсан. Тийм албан тушаалын нөлөөгөө ашиглан өөрт давуу байдал олж авсан, бусдын эрх ашигт хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хариулав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Д.Хаянхярваа гишүүн “Би гэмт хэрэг үйлдээгүй. Намайг намхан болохоор номхон болохоор гэмт хэрэгт холбогдуулж хонгилоор чирлээ. Зээл авсан 30 гишүүнээс би юугаараа ч ялгаатай биш” гэж яриад байна. Бусад нь хаачсан бэ? Х.Нямбаатар гишүүн өөрийнхөө байр орон сууцыг барьцаалаад зээлийн батлан даалт гаргасан байсан. Энэ гэмт хэрэг биш үү? Ж.Батзандан гишүүн ч бас зээл авсан баримт хэвлэлэ мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Би зөвхөн хэвлэлд гарсан мэдээлэлд үндэслэж ярьж байна. Ж.Энхбаяр гишүүн жижиг дунд байтугай Монглын хамгийн том хөрөнгөтэй хүн гэж байна. Энэ хүн ЖДҮХС-гаас зээл авсан нь гэмт хэрэг биш үү? Гучин гишүүн зээл авсан байхад яагаад дөрвийнх нь асуудлыг оруулж ирж байгаа юм бэ? Я.Содбаатар сайд чинь ХААХҮЯ-наас "хүүхдийн эмнэлэг байгуулна" гээд зээл авчихсан. Тэрийгээ хүнд их хэрэгтэй юм хийсэн гэж яриад байна шүү дээ. Энэ тэгээд зүгээр үү?
М.Энх-Амгалан:
-Дөрвөн гишүүний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон учраас бүрэн эрхийн асуудлыг оруулж ирсэн. Нэр дурьдсан бусад хүмүүсийн хувьд хэргийг шалгаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдвол бүрэн эрхийн асуудлыг ялгаагүй тавих болно гэв.
Харин гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Тэр:
-Нэгдүгээрт хэргийг шалгах явцад АТГ гишүүдийн нэг нэг удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг юм. Тиймээс гишүүд хэргийн шалгалтад саад учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй багаа учраас, хоёрдугаарт хэргийн шалгалт бүрэн дуусаагүй байгаа учраас түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн гэв.
Эцэст нь дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэдэг томьёоллоор санал хураахад гишүүдийн олонхи буй 11 гишүүн татгалзсан санал өгснөөр бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн Байнгын хорооны шийдвэр гарлаа. Харин гишүүн Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар татгалзсан санал өгөв. УИХ-ын дарга М.Энхболд ТББХ-ны хуралдааныг дуустал суусан боловч нэг ч асуулт асууж, үг хэлсэнгүй. Мөн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан санал өглөө.
Нэг зүйлийг тодруулахад УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг нь УИХ-ын гишүүний орон байр, албан өрөө, автомашинд үзлэг нэглэг хийх, баривчлан саатуулах цагдан хорих болон өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад болдог ганц зүйл. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллага ийм ажиллагаа хийж болдоггүй. Тухайлбал хамгийн сүүлд цагдан хоригдсон Д.Дорлигжавыг УЕП-оор ажиллаж байхад “Алтандорнод Монгол” компанитай холбоотой авлигын хэргийг хуулийн байгууллага шалгаж тогтоож чадаагүй бас нэг шалтгаан энэ. Эцэст нь мэдээлэл гаргаж тавьсан Х.Тэмүүжин өөрөө “хүн гүтгэсэн” хэргээр хонгилоор хоёр дахь удаагаа зочилсон байдаг.
Харин өнөөдөр Д.Дорлигжав албан тушаалаа өгч төрийн хамгаалалтаас гарсан байгаа нь түүний гэр, албан өрөөнд нэгжлэг хийх, улмаар цагдан хорих боломжийг олгосон хэрэг. Тэр тусмаа УИХ-ын гишүүдээс зөвхөн өөрөөс нь мэдүүлэг авсан төдийгөөр гэмт хэргийг нотолж, баримтжуулж, шүүхэд шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгдөг хүн ч гэж байхгүй. Энэ бол угаасаа хуулиар хамгаалагдсан эрх. Тиймээс хуульд заасан арга хэрэгслүүдийг ашигласны үндсэн дээр гэмт хэргийн хөдөлбөргүй нотолж шүүхэд шилжүүлэх боломжтой болно. УЕП-оос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт тавьсан шалтгаан энэ. Гэвч Халдашгүй байдлын дэд хороо хэргийн шалгалтад туслахын оронд гишүүдээ хаацаалсан шийдвэр гаргалаа. ХЗБХ, ТББХ мөн ялгаагүй.
Байнгын хороодын шийдвэр гарсны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсан боловч түдгэлзүүлэх асуудлар санал хураасангүй. Өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (4)