"МАНАН дэглэм"-ийн эсрэг хоёр дахь жагсаалын зохион байгуулагчид болох УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж ойлголцолд хүрч чадаагүй.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр 16,40 минутанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж УИХ-ын дарга М.Энхболдыг нэн яаралтай горимоор огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргажээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 16.30 цагт яаралтай хуралдаж, зөвлөмж гаргалаа. Өнөөдөртөө багтаж УИХ-ын даргыг огцруулж болдог хуулийн төслийн бүх хэлэлцүүлгийг хийж дуусч, батлах чиглэл гарлаа" гэж мэдэгдлээ.
Зөвлөмжид УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан хуулийн төслийг 2019 оны нэгдүгээр сарын 10 буюу өнөөдөртөө хэлэлцэн батлахыг тусгажээ. Уг төслийг баталбал УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг болох юм.
Уг зөвлөмжид ҮАБЗ-ийн гурван гишүүн гарын үсэг зурж /Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд/, тамгаа дарсан байна. Зөвлөмж нь заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт биш юм.