Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮ-ээс зээл авсан төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлаар мэдээлэл хийлээ. Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:
-2018 оны арваннэгээс арванхоёр дугаар сарын байдлаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, О.Батнасан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү болох У.Давхарбаяр нар зээлийн эргэн төлөлтөө хийсэн. УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Солтан, Я.Содбаатар зэрэг гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээлээ бүрэн төлсөн. Харин “Түгээмэл түмэн хишиг” хэмээх УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компани 141 саяыг эргэн төлсөн байна. Мөн Б.Ундармаа гишүүн өнгөрсөн жил авсан 800 сая төгрөгийн зээлээ бүрэн төлсөн байна.
Арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүний О.Батнасангийн хамаарал бүхий компани 250 сая төгрөг, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаярын “Жаргалант Мах импекс” ЖДҮХС-гаас авсан зээлийнхээ 100 сая төгрөгийг тус тус төлөөд байгаа. ЖДҮ-ийн эргэн төлөлтөөр тус санд 30-40 тэрбум төгрөг цугларсан. Гэтэл 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд Засгийн газрын бонд нэрийн дор 19 тэрбум 870 сая төгрөгийг Сангийн яам тус сангаас авсан байдаг. Ямар учиртай мөнгө болох нь тодорхойгүй байна. Тиймээс Баялаг бүтээгчдийн холбоо "Засгийн газрын бонд" нэрийн дор гаргасан 19 тэрбум 870 сая төгрөгийн мэдээлэл авахаар хандана гэв.
Мөн Капитал банкны асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гомдол хүргүүлнэ. ЖДҮ-ийн зээлээр дамжуулж зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан "Капитал" банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуй нэгжид зээл олгосон. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нарын 2017 оны аравдугаар сарын 10-нд байгуулсан гурвалсан гэрээ надад байна. Энэ гэрээ нь ЖДҮ-ээс “Капитал” банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээ юм. Гэрээний 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги хоёр тэрбум төгрөг нийлээд 47 тэрбум 447 сая төгрөг болж байна.
ЖДҮ-ийн зээл гэрээнд зааснаар таван жилийн хугацаатай. Гэрээний хугацаа дуусахаар үл маргах журмаар нэг сарын дотор зээлээ буцаан санд төлнө. Гэрээг биелүүлээгүй тохиолдолд алданги нь хоногийн 0.5 хувь гэсэн байна. Гэтэл эргэн төлөлтөө хийгээгүй байхад нь 2017 оны арванхоёрдугаар сарын 10-нд Капитал банктай дахин нууц гэрээ хийгээд өмнөх гэрээгээ хүчингүй болгосон. Үл маргах журмаар мөнгөө төлөх ёстой байтал дахин нууц гэрээ хийсэн гэсэн үг. 2017 оны аравдугаар сард гэрээ хийхдээ өмнөх гэрээнийхээ алдангийг 0,014 хувиар бодсон байгаа юм. Энэ асуудлаар Ерөнхий сайдад хандаж, 2017 оны аравдугаар сарын 10-ны гэрээг цуцлах талаар гомдол хүргүүлнэ. Гэрээг шалгуулахаар АТГ-д давхар хандаж байгаа гэв.
Сэтгэгдэл (5)