УИХ дахь Ёс зүйн дэд хороо өнөөдөр 10 цагт хуралдах товтой байсан. Гишүүдийн ирц бүрдээгүйгээс Ёс зүйн дэд хороон хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо. Уг хорооны хуралдаанаар ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудал, "60 тэрбум" хэргийн талаар хэлэлцэхээр товлоод удаж байна.
Уг асуудлаар Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодруулахад: “Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар иргэд, албан байгууллага, тодорхой хүмүүсийн саналаар хуралддаг. Маш олон хуримтлагдсан асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Тухайлбал, гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг, 60 тэрбум, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн ёс зүйтэй холбоотой олон асуудал хүлээгдэж байна. Хуралдаан зохион байгуулах хэлтэс ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тус хэлтэс болон би хүртэл УИХ-ын гишүүдэд утсаар хэлж, удаа дараа сануулж байна. Зарим гишүүдийн зүгээс хуралдаанд оролцохгүй гэдгээ ил цагаан хэлж байна. Ёс зүйн дэд хорооны гишүүдийг өөрчлөх асуудлыг УИХ-ын дарга хэлж байсан. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо шийддэг. Гэтэл өнөөдөр байнгын хороо нь ч хуралдаж чадахгүй байна шүү дээ” гэв.
Сэтгэгдэл (1)