Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү төсөл нь нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилготой.
Энэ хүрээнд Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс нийт 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамж зэрэг бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон.
Үндэсний хорооны хурал
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хорооны хурал хоёрдугаар сарын 21-нд болж, хотын хөгжлийн үзэл баримтлал, зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын явцыг хэлэлцлээ.
Үндэсний хорооны дэд дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь хуралдааны үеэр тус хотын бүтээн байгуулалтын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн болон энэ онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа.
Мөн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл нь:
- Бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах
- Түүх, соёлын өвийг сэргээх
- Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх
- Оршин суугчдад ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх
зэрэг зорилгыг агуулж буйг онцоллоо.
Энэхүү хотын бүтээн байгуулалтад иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгах ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам мэдээлэв.
Эх сурвалж: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам