Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өмнөх зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт, цэвэрлэгээний ажлын явц, усан сан барих болон үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлын явцыг хэлэлцлээ.
Энэ сарын 10-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 78.2 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн О.Мандах танилцууллаа.
Сэлбэ сэргэлт төслийн явц
Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ сэргэлт” төслийн хэрэгжилтийн талаар танилцуулсан байна.
Тус төслийн хүрээнд:
- Усны барилга байгууламжийн ТЭЗҮ,
- Геодези, байр зүйн зураглал,
- Инженер геологийн судалгаа,
- Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ,
- Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ,
- Авто зам, гүүрний нарийвчилсан зураг төсөл,
- Гүүрэн байгууламж, дугуйн зам, явган хүний зам, талбайн инженер геологийн судалгаа боловсруулж дууссан байна.
Сэлбэ голын үерийн эрсдэлээс хамгаалах, урсацыг нөхөн сэргээх зорилгоор голын дунд хэсэгт буюу үерийн ус ихээр цугларах Баянзүрх дүүргийн 29-р хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14-р хорооны хэсэгт 1.3 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан барихаар төлөвлөжээ.
Усан сангийн үзүүлэлтүүд:
- Мандлын талбай: 21.7 га
- Гүн: 2.5-4 метр
- Барилга угсралтын ажил: 2025 оны 4-р сард эхэлнэ
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Сэлбэ голын үерийн эрсдэл буурч, орчны тохижилт, усны хангамж, экосистемийг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс