Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет өөрийн Berkshire Hathaway компанийн хөрөнгө оруулагчдад жил тутам илгээдэг захидлаа хоёрдугаар сарын 24-нд нийтэлжээ. Одоо 94 настай тэрбумтан 1965 онд тус компанийг удирдлагадаа авч байв.
Berkshire Hathaway-ийн төлсөн татвар түүхэн дээд хэмжээнд хүрэв
Баффетийн захидалд онцолсноор, 2024 онд Berkshire Hathaway АНУ-ын түүхэнд хамгийн өндөр буюу 26.8 тэрбум долларын татвар төлжээ. Энэ нь тус улсын бүх бизнесийн төлсөн орлогын албан татварын 5 орчим хувийг бүрдүүлсэн байна.
Өнгөрсөн 59 жилийн хугацаанд тус компани нийт 101 тэрбум ам.долларын татвар төлсөн нь АНУ-ын засгийн газрын томоохон орлогын нэг хэсэг болсон тухай Баффет дурджээ.
Тэрээр АНУ-ын засгийн газарт хандан дараах сэрэмжлүүлгийг өгсөн байна:
- Татварын мөнгийг ухаалаг зарцуулах хэрэгтэй.
- Ядуу, тарчиг амьдарч байгаа хүмүүст зориулах нь зөв.
- Мөнгөний ханшийг тогтвортой байлгахыг хичээх ёстой.
- Хэт их төсвийн алдагдал мөнгөний үнэгүйдэлд хүргэж болзошгүй.
- АНУ-ын засгийн газар санхүүгийн бодлогогүй байдлын ирмэг дээр байна.
Berkshire Hathaway-ийн бэлэн мөнгөний нөөц түүхэн дээд түвшинд хүрэв
Баффетийн удирдаж буй Berkshire Hathaway компани өнгөрсөн онд өөрийн хөрөнгө оруулалтын зарим багцыг бууруулж, их хэмжээний бэлэн мөнгө хуримтлуулсан нь онцлог үйл явдал болжээ.
2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус компанийн дансанд 334 тэрбум ам.доллар байгаа нь түүхэн дээд үзүүлэлт юм. Харин 2023 оны эцэст энэ хэмжээ 168 тэрбум байсан аж.
Баффет компанийнхаа ирээдүйн удирдагчийг сайшаав
Уг захидалдаа Баффет Berkshire Hathaway-ийн ирээдүйн удирдагчаар бэлтгэгдэж буй Грэг Абелийг онцлон магтжээ. Тэрээр Абелийг "ур чадвараа хурц тод харуулсан" гэж үнэлсэн байна.
Эх сурвалж: Business Insider