УИХ-ын гишүүн, ХХЕГ-ын дарга асан Ц.Сэргэлэн өнөөдөр төрийн ордонд сэтгүүлчид ярицлага өгөхдөө "БХЯ одоо Барилгын цэргийн агентлагтай болох хэрэгтэй. Зэвсэгт хүчний цэргийг бүтээн байгуултад дайчилж болохгүй. Өмнө манай цэргүүд төмөр замын бүтээн байгуулалтад ажилласан туршлага бий. Барилгын цэрэгтэй болчихвол нэгдүгээрт мэргэжилтэй, хоёрдугаарт цалинтай болно" гэв.
Хилийн цэргийн генерал асны ярианаас харвал энэ жилийн цэрэг татлагаар залуусыг хүчээр цэрэгт татсан, цэргийн тоог зориудаар нэмэгдүүлж байгаа, эрүүл мэндийн үзлэгийг нэр төдий хийж байгаа нь үнэн юм байна. Өмнөх удаа төмөр замын бүтээн байгуулалтад дайчилсан. Засгийн газар ирэх оны төсөвт 10000 км авто зам барина, зээлээр санхүүжүүлнэ гээд тусгачихсан байгаа. Тэрний тулд цэргийн тоог нэмж байгаа юм байна.
АН эрх барьж байхдаа "Цэрэг, арми зөвхөн эх орноо батлан хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Мэргэжлийн армитай болно. Цэрэг, армийг соц үеийнх шиг хямд хөдөлмөрлөх хүч гэж хардгаа болих хэрэгтэй" гээд Барилгын цэргийг татан буулгасан. Ер нь бол цэрэг татлагын тоог бууруулахын тулд "дүйцүүлэх алба" гэдэг юмыг гаргаж ирсэн. 18 нас хүрсэн бүгдийг цэрэгт татаад байвал батлан хамгаалахын төсөв нэмэгдэх гээд байсан учраас. Гэтэл МАН-ын нөхөд дахиад нөгөө барилгын цэргээ байгуулах, анги нэгтгэл биш, агентлагийн хэмжээнд аваачих тухай ярьж байна.
Уг нь иргэд энэ хүмүүсээс цэргийн албанд явуулсан хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг нэхээд, цэрэг, армид бугшсан дэглэлт, яргаллаа болиоч ээ гээд байгаа юм. Гэтэл урдаас нь зөрүүлээд хавтгайруулан цэрэгт татах, "мэргэжил олгох" нэрээр хямд хөдөлмөрлөх хүч бэлтгэх тухай ярьж байна. Энэ парламент дотор эрүүл ухаантай хүн байна уу?
Б.ЗАЯА