x

Варшавын гэрээний байгууллагад Хятад ажиглагч явсан сонин түүх

Эргэн дурсах мөч. Варшавын гэрээний байгууллага–оросоор Организация Варшавского Дого­вора (ОВД), англиар The Warsaw Treaty Organization (WTO). Ев­ро­пын со­циа­ли­ст орнуудын цэрэг-улс төрийн холбоо. Монголоор “ВГБ” гэж товчлоно. 

ВГБ-ын улс төрийн дээд байгууллага нь Улс төрийн зөвлөлдөх хороо гэж байв. Гишүүн улсуудынхаа нийслэлд ээлж дараалан чуулдаг, түүнд нь эрх баригч коммунист намынх нь ерөнхий ба нэгдүгээр нарийн бичгийн дарга нар, Төрийн тэргүүн, эсвэл Засгийн газрын тэргүүн уригдан оролцдог байжээ. Улс төрийн шийдвэр гаргадаг дээд байгууллага нь чухам тэрхүү Улс төрийн зөвлөлдөх хороо юм. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангуулах, гаргах шийдвэрийн төсөл боловсруулуулахаар Байнгын ко­мис­с (1956 оноос), Батлан хамгаалахын сайд нарын хороо (1969 оноос), Гадаад хэргийн сайд нарын хороо, нэгдсэн нарийн бичгийн дарга нарын газар (аль алин нь 1976 оноос) байгуулан ажиллуулжээ. Цаашаа салбарлаад Нэгдсэн зэвсэгт хүчний нэгдсэнкомандлал, Цэргийн зөвлөл, Ерөнхий командлагч, Нэгдсэн зэвсэгт хүчний штабын дарга гээд олон институцтэй. Ерөнхий командлагч, Нэгдсэн зэвсэгт хүчний штабын даргад нь ямагт Зөвлөлтийн зэвсэгт хүчний төлөөлөгч томилогдож байв. 

Гадаад болон батлан хамгаалах бодлогоо уялдуулан зохицуулах социалист лагерийн бүтэц. Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай Варшавын гэрээ гэх эрхзүйн баримт бичгээрээ нэрлэгджээ. Дэлхийн коммунист лагерийн цэргийн энэ эсвэл 36 жил оршин тогтнож, даян дэлхий дээр хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй гэгдэн байв. 1985 оны байдлаар ВГБ нь 7 562987 (нэг үгээр 7.5 сая) цэргийн албан хаагчтай, 1990 онд тарахынхаа босгон дээр гэхэд л 6.9 сая цэрэгтэй байжээ.

Өмнөх нийгэмд ВГБ-ыг дэлхийн энх тайвны найдвартай манаа, империализмээс хүн төрөлхтөнийг аврах авралын ганц бурхан, түүний цөм нь Зөвлөлтийн зэвсэгт хүчин гэж үздэг, миний үеийнхэн андахгүй уншиж, ажиглаж, бүр шүтэн бишэрч явжээ. БНМАУ ч түүний албан бус гишүүн шиг үйл ажиллагаанд нь уригдаж, манай цэргийн дээдчүүл цувж өгдөг байлаа. ВГБ-д элсэх хүсэлтээ ч нэг бус удаа тавьж илэрхийлж байв. ВГБ-ын гишүүн болж чадаагүй хувь заяандаа гомдох нь хаашаа юм, сэтгэл гэгэлзэж гуниглаж явсан үе монголын зарим сэхээтэн, цэргийн зарим дээдчүүлд байсан юм билээ.

ВГБ-ын жинхэнэ гишүүд нь анхлан Ал­ба­ни, Бол­га­р, Унгар, БНАГУ, Поль­ш, Румы­н, СССР, Че­хосло­ва­к байсан ба тэдгээр улсууд 1955.05.14-нд Вар­ша­в хотноо гарын үсэг зурж Гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулахад БНХАУ ажиглагчийн хувиар оролцжээ. Албани нь 1962 оноос үйл ажиллагаанд нь оролцохоо болиод 1968 онд Гэрээнээс бүрмөсөн гарсан бол Ардчилсан Герман нь 1990 онд татан буугдаж ХБНГУ-ын бүрэлдэхүүнд орсноор Гэрээнээс гарсанд тооцжээ. 

ВГБ-ын албан ёсоор тарсан буюу үйл ажиллагаагаа зогсоосон түүхэн өдрийг 1991.02.25-наар тооцдог. Тэр өдөр Будапештэд Улс төрийн зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдаан тохиож, энэ эвслийн цэргийн бүтцийг татан буулгах шийдвэр гаргажээ. Нэгэнтээ цэрэггүй болчихож байгаа юм чинь цэргийн эвсэл аяндаа татан буугдчихаж байгаа юм. 1991 oнд Зөвлөлт Холбоот Улс тарж татан буугдахын босгон дээр гол холбогчгүй, цэнэггүй болсон ВГБ ийнхүү аяндаа татан буугдаад, харин анхны 6 гишүүн нь тун удалгүй НАТО-гийн зүг тэмүүлж, эдүгээ бүрэн эрхт гишүүд нь болжээ.

НАТО-г сөргүүлж анхлан байгуулсан ВГБ-ын үндэслэгчид нь (Зөвлөлтөөс бусад) эдүгээ ийнхүү өрнөдийн цэрэг-усл төрийн тэрхүү эвсэлдээ орчихоод Оростой хонь чоно болчихоод байж байна гэдэг сэтгэлд тун хүндээр буухаар юм. СССР-ийн бүрэлдэхүүнд байсан Балтийн гурван улс НАТО-гийн гишүүн, Украин, Гүрж хоёр уригдсан, Молдова бас тэр жимээр орж байна, эд ойрын ба дунд хугацаанд НАТО-гийн гишүүн болно гэхчлэн Орост халтай үйл явдал түүхэн хүрдээр өрнөнө. Өнгөт хувьсгалд (ардчилсан) нэрвүүлбэл Беларусь НАТО-д элсэнэ гээд давхихад гайхах зүйлгүй. Энэ ч яахав.

Тухайн үед ВГБ-д Хятад, Монгол, Вьетнам, Хойд Солонгос хэрхэн холбогдож байсан түүх рүү ухрая. Нэн сонин үзэгдэл. Бас түүхэн баримт. Цэргийн энэ эсвэл БНХАУ-тай хэрхэн холбогдсон талаар тэр бүр баримт одоо олдохгүй, олдлоо ч үнэмшигдэх эсэх нь эргэлзээтэй. Иймд тэр тухай хөндөхдөө Монголоо бас хавчуулъя гэж шийдлээ.

1958 он оргил үе нь байв. Учир нь Москва хотноо ВГБ-ын Улс төрийн зөвлөлдөх хорооны зөвлөлгөөнд Азийн социалист орнууд бүгд уригджээ. Тухайн үед эрх баригч коммунист намын тэргүүний өмнө тухайн улсын Ерөнхий сайдын албан тушаал бичигдэж, тооцогдож байсан тул үндсэн гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нь Ерөнхий сайд нар байж таарчээ. ВГБ-ын үндсэн 8 гишүүн Европын ах дүү социалист орнуудын Засгийн газрын тэргүүн үг хэлсний дараа 9 дэх нь болж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Чэнь Юнь ажиглагчийн хувьд баяр хүргэж байр сууриа илэрхийлж үг хэлсэн нь (хурлын эмхэтгэл номд орсон,хэвлэлд тавигдсанаар) нэн сонин үзэгдэл юм.

Энэхүү дээд хэмжээний зөвлөлгөөний төгсгөлд Улс төрийн тунхаглал батлан гаргажээ. Тунхаглалдах дүү 8 улсын Засгийн газрын тэргүүн гарын үсгээ зурж, тэр ёслолын ажиллагаанд байлцсан гэдгээр 12 улсын төр-засгийн төлөөлөгчдийн нэрс хэвлэлийн албан мэдээнд ярайж харагдана. Даян дэлхийд зарлагдсан ил мэдээ.

Үүнд БНМАУ-аас МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дашийн Дамба, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Лувсанцэрэнгийн Цэнд гэсэн нэрс байна. БНХАУ-аас Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Чэнь Юнь, Ли Фучунь, БНАВУ-аас Вьетнамын Хөдөлмөрчдийн Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Нгуен Зуй Чинь, Нгуен Ван Чан, Данг Вьет Зау, БНАСАУ-аас Сайд нарын Танхимын орлогч дарга Ким Ир, Тен Ир Лен нар байлцжээ.

“Хэрэв тэгсэн бол”, “хэрэв тэгээгүй бол” гээд төсөөлөөд үзэхэд одоо цагт юуны буруу байх билээ. Үнэхээр ах дүү 12 улсыг эгнээндээ де-факто нэгтгэчихсэн, цэрэг–улс төр–аюулгүй байдлын супер эвслийн дүр төрх харагдаж байна. Чэнь Юний хэлсэн үг гэж олон хуудас баримт бичгийг “ба бэ”-гүй шүүгээд үзэхэд тухайн үед Зөвлөлтийн удирдагч Н.С.Хрущевын хэлсэн үг, санал дүгнэлттэй 100 хувь нэг үзэл санаатай, ердөө л дэлхийн III дайнд АНУ тэргүүтэй капиталист эвсэлтэй (ялангуяа НАТО-тай) юу юугүй халз тулалдаанд нэгдсэн зориг хүчээр яваад орчиход бэлхэн, тийм дүр зураг бууж байна.

Хэрэв СССР ба Хятад, ЗХУКН ба ХКН хагараагүй, түнжин тасраагүй байсансан бол нөгөө аюулт дайсан–империализм нь Вьетнамд дайн дэгдээж чадах байсан эсэх, Солонгосын хойг хуваагдмалаараа удах эсэх, хэрэв хоёр Вьетнам хоорондоо шууд дайтсан бол, тэгээд Өмнөдийг нь АНУ ба барууныхан дэмжсэн бол БНАВУ-ыг аль хэдийнээ ВГБ-д элсүүлээд Европын ах дүү 8 улсын армиудыг Энэтхэг хятадын Хойгт аваачаад тулалдуулж байх ч байсан юм бил үү? 

ВГБ-д элсэх тухай Монголын саналыг хүлээн аваад элсүүлчихсэн бол, тэгээд Зөвлөлт, Хятад хоёр харилцаагаа хурцатгаад дээд цэгт нь хүргэчихсэн бол тухайн үед Монголд Зөвлөлтийн цэргээс гадна Европын социалист орнуудын ах дүү армиуд Монголыг хамгаалахаар орж ирээд байрлачихсан, тэр нь тухайн үеийн Монгол ба монголчуудад дэвшил авчрах ч байсан юм бил үү? Манай зэвсэгт хүчин аль 1960-аад оноос л олон улсын цэргийн интеграцад орчихсон, зэвсэгт хүчний шинэчлэл, зэвсэглэл, техникжил, боловсрол явж өгөх байсан байх. 

Монголыг Варшавын гэрээний байгууллагад элсүүлэх асуудлаар Польшийн Сайд нарын Зөвлөлийн дарга Юзеф Циранкевич ихээхэн хатуурхаж, хавьтуулаагүй хэмээн тухайн үеийн ГЯЯ-ны орлогч сайд нэртэй дипломатч Д.Чимиддорж дурсан ярьж байсансан. Циранкевичдээ ч биш, тухайн үеийн Зөвлөлт ах нар маань манийгаа мэдэхтэйгээ, хариулахтайгаа байсны л гэрч шүү дээ...

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 52 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 53 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 54 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 55 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 56 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 58 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 59 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 1 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 35 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 46 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 50 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 55 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 2 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 8 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 20 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 22 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 26 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 29 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 39 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top