Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 9-ний өдөр орон даяар явуулна.
Үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд энэ сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 9-нийг дуустал өөрийн оршин суугаа орны дипломат төлөөлөгчийн газарт хандаж бүртгүүлэх шаардлагатайг СЕХ-ноос мэдээлсэн билээ. Бүртгэлийг цахимаар хийлгэх боломжтой ч (Сонгуульд оролцох иргэдийн бүртгэлийн хуудсыг ЭСЯ-ны вэб хуудас болон фэйсбүүк хуудаснаас татан авч бөглөөд сонгогч өөрийн паспортын хуулбартай хамт brussels@embmongolie цахим хаягаар, эсхүл ЭСЯ-нд шуудангаар ирүүлнэ) сонгуулиа өгөхийн тулд заавал оршин суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газарт биеэр очих шаардлагатай юм байна.
Гэвч сонгуулийн төв байгууллагаас тавьж буй энэ шаардлага нь ковидын улмаас дэлхий нийтээр үйлчилж буй хорио цээрийн дэглэмийн үед гадаадад суугаа монгол иргэдийн сонгох эрхийг хязгаарласан үйлдэл хэмээн үзэж, хилийн чанад дахь монголчууд нэгдэн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нарт шаардлага хүргүүлж буй мэдээллийг манай сайтад ирүүллээ.
Шаардлагыг өөрсдийн оршин суугаа орныхоо ЭСЯ, Дипломат төлөөлөгчдийн газраар дамжуулан хүргүүлж байгаа юм байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ,
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН нарт,
2021 оны 4-р сарын 22
2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хилийн чанад дахь иргэдийн санал өгөх нөхцөлийг бүрэн бүрдүүлэх тухай шаардлага хүргүүлэх нь...
Монгол улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын албан ёсны судалгаагаар төрийн сонгуульд оролцох насны буюу сонгуулийн саналын эрхтэй 144483 иргэд хилийн чанадад сурч амьдарч байна. Харамсалтай нь харьд буй Монгол иргэдийн төр барих эрхээ хэрхэн эдэлж буй, өөрөөр сонгуулийн оролцооны талаарх мэдээ, судалгаа нэн хомс байна.
Хамгийн сүүлийн үеийн жишээ нь эдгээр иргэдийн 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгөх эрхийг Ковид-19 цар тахлаар далимдуулан боож саналыг огт аваагүй. Энэ нь иргэнд Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн ноцтой хэрэг мөн. Монгол улсын Үндсэн хуулийн 2.16.9-д зааснаар 18 нас хүрсэн Монгол улсын иргэд хаана оршин суухаас үл хамаарч төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Энэхүү эрх НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхагаар баталгаажиж байдгийг та бүхэнд сануулах нь илүүц биз ээ. Энэ зөрчил 2021 онд давтагдах магадлал өндөр буй тул энэхүү шаардлагыг хүргүүлж байна.
Хилийн чанадад буй Монгол иргэдийн эрх ашиг, хүний эрх, сонирхол удаа дараалан зөрчигдөж буйг олон жишээгээр нотолж болох ба Монгол төрийн иргэнээ үл хайхрах, үл ойшоох үйлдэл нь гадаад орнуудад Монгол хүний, цаашлаад улсын нэр хүнд, үнэ цэнэ буурахад нөлөөлж байна. Эдгээр дутагдлыг засаж залруулах иргэдийн санал, шаардлагыг нухчин дарж буй чадамжгүй, муйхар, хуучинсаг хандлагыг өөрчлөх шаардлага нэгэнт бий болжээ. Иргэндээ ээлтэй, шинэлэг, ухаалаг өөрчлөлтийг 2021 оны сонгуульд санал авах ажлаар эхлүүлэхийг шаардаж байна.
Монгол Улсын ЭСЯамд, тэдгээрийн фейсбүүкийн хуудсанд 2021 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Монгол улсын иргэд өөрийн биеэр ЭСЯ-д ирж Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх тухай мэдээлэл тавьжээ. Энэ үйлдэл нь мэдээлэл түгээсэн нэр зүүх, сонгогчдын бус эрх баригчдын “тоглоомын дүрмээр сонгууль явуулах” цаашлаад төрийн эрхийг хууль бусаар авах санал, санаархлыг дэмжсэн үйлдэл гэж харж байна. Ковид-19 цар тахлыг хязгаарлахтай холбоотой улс бүр өөр өөр дотоодын хөл хорионы дэглэм, дүрэм мөрдүүлж байгаагаас Монгол иргэд өөрийн биеэр ЭСЯ-даа очиж санал өгөх нөхцөл бүрдэхгүй байна.
Тиймээс өөрийн биеэр очиж санал өгөх нь цаг үеийн нөхцөл байдалтай дүйцэхгүй муйхар шийдэл юм. Гадаадад буй Монгол улсын иргэд 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх нөхцөл, бололцоог бүрэн бүрдүүлэхийг Гадаад Харилцааны Яам, Сонгуулийн Ерөнхий Хороо, Монгол улсын Засгийн газраас шаардаж байна. Үүнд,
Нэгдүгээрт, цахим технологийн дэвшил эсвэл нууцлалтай саналын хуудас, шуудангийн үйлчилгээ ашиглан иргэдийн саналыг авах.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нарын мөрийн хөтөлбөр, мэдээллийг иргэнд сонголт хийх хугацааг тооцож урьдчилан түгээж байх.
Гуравдугаарт, ЭСЯ-д бүрдүүлсэн сонгуулийн хороо, тооллогын комиссын бие бүрэлдэхүүний мэдээг тухайн оронд сууж буй нийт 2 Монгол иргэдэд түгээх, хөндлөнгийн хяналтыг бататгах.
Дөрөвдүгээрт, гадаадад суугаа Монгол иргэдийн саналын тоог сонгуулийн тооллогонд оруулан дэлгэрэнгүй тайлагнах.
Тавдугаарт, Албан мэдээг Гадаад харилцааны яаманд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар иргэдэд түгээж занших. Учир нь нийтийн сүлжээг ашиглан мэдээг түгээх нь албан бус хэлбэр юм.
Сүүлийн жилүүдэд эрх баригч улс төрийн хүчин өөрийн давуу байдлыг ашиглан Сонгуулийн тухай хуулийг дураар засварлах, санал тооллогод нийт иргэдийн ирц, саналын ач холбогдлыг бууруулсан зүйл заалт оруулах, сонгогчдыг үл хүндэтгэн санал луйвардах хууль бус үйл ажиллагааг хөхүүлэх зэрэг бусармаг явдал хавтгайрч, төрийн шударга ёсны зарчим алдагдаж буйд харьд буй Монгол улсын иргэд эсэргүүцэж, Үндсэн хуулинд төрийн эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн заасныг сануулж байна.
Бидний шаардлага зүй ёсны бөгөөд Монгол улсын ГХЯ, Засгийн газар ард түмний өмнө, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан шаардлагыг хүлээн авч, асуудлыг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэнэ хэмээн хүлээж байна. Монгол улсын дипломат алба Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах дэмжлэг, туслалцааг МУ-ын Засгийн газар үзүүлэх биз ээ.
Жич:
Өнөөгийн дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол иргэдийн сонгуулийн саналыг E-Mongolia платформ ашиглан цахимаар авах нь шинэлэг, цаг үеийн оновчтой шийдэл болно гэж бодож байна.
Шаардлага хүргүүлсэн,
Австри Улсын Монгол эмэгтэйчүүдийн Эвийн Хүч холбоо
Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелесийн Монголчуудын холбоо
Солонгос дахь Монгол иргэдийн холбоо
Франц улсын Умардын Монголчууд нийгэмлэг Швейцарийн Холбооны Улсын Женевийн Монгол Хүүхдийн нийгэмлэг
Швейцарийн Холбооны Улсын франц хэлтэй нутаг дахь Монголчуудын нийгэмлэг
Сэтгэгдэл (1)