x

Х.Сэлэнгэ:  Парламент прокурор, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль гаргадаг жишиг байхгүй

Өнгөрөгч баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж, УИХ-аас батлан гаргасан "Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрсөн" хэмээн дүгнэсэн билээ. Энэ асуудлаар Цэцэд гомдол гаргаж, маргаан үүсгэсэн МУИС-ийн Хуульзүйн Сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Та энэ асуудлаар Цэцэд мэдээлэл гаргасан. Цэцийн шийдвэрийг юу гэж үнэлж байна?

-Үндсэн Хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач болохын хувьд зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ингэснээр УИХ-д алдаагаа засах, цаашид хүний эрхийг зөрчсөн хууль гарахаас сэргийлж байгаа нь сайн талтай. Гэхдээ миний мэдээлэлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгож сэргээх тухай хуулийг гаргаснаар шүүх эрх мэдэлд халдсан гэж үзсэнийг Үндсэн Хуулийн Цэц хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасанд сэтгэл дундуур байна.

-Дагаж мөрдөх журмын тухай хуулийн ямар заалт Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн бэ?

-Энэ хуулинд нэгдүгээрт хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурор, шүүхээс хэрэгсэхгүй болгосон авилгын гэмт хэргийг сэргээн шалгаж, ял оногдуулах, хоёрдугаарт мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй буюу хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, гуравдугаарт Эрүүгийн хуулийн хууль буцаан хэрэглэх заалт үйлчлэхгүй байхаар заасан.

Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, ардчилсан ёсны зарчим, хүний эрхийг зөрчиж, хууль тогтоох байгууллага төдийгүй хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудах, хууль зөрчих нөхцлийг бүрдүүлсэн.  

Хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүхийн шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгох хууль гаргадаг жишиг ардчилсан улс оронд байхгүй. Ийм ойлголт хууль зүйн шинжлэх ухааны онол, түүхэнд байхгүй юм. Энэ нь Монголын хууль зүйн шинжлэх ухааныг харлуулж, хүний эрхийг зөрчсөн учраас Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан.

-Тухайн үед УИХ яагаад Үндсэн хуулийн зарчим, хүний эрхийг ийм илэрхий зөрчсөн хуулийг баталсан юм бэ?

-УИХ-ын авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн зорилго нь зөв боловч арга нь буруу байсан. Судлаач хүний хувьд, УИХ нь хууль тогтоох үйл ажиллагаанд гажуудал бий болгосон хуулийг батлахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Жишээ нь Монгол Улс тухайн үед  хар жагсаалтанд орсон байсан. Үүнээс гадна авилга, албан тушаалын гэмт хэргүүдийн хянан шийдвэрлэх үйл явц хэтэрхий удаашралтай байгаа. Олон жил мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлэсний эцэст хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар гэмт этгээдэд ял завших боломж болгож байгаа нь нөлөөлсөн гэж хардаг.

Нөгөө талаар УИХ-д шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаанд үндэслэн хууль баталдаг парламентын жишиг бүрэн төлөвшөөгүй байна. Мөн улс төрчдөд улс төрийн тоглолт хийх сайхан боломж байсан болов уу.

-УИХ-ын зарим гишүүд "Монгол Улсын нэгдэн орсон Авилгын эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх ёстой. УИХ-ын баталсан хууль Авлигын эсрэг конвенцийн зарчимд нийцэж байгаа" гэж тайлбарласан байсан?

-Монгол Улсын нэгдэн орсон Авилгын эсрэг конвенцид хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн ял оногдуулах тухай заалт байхгүй. Авилгын эсрэг НҮБ-ын Конвенцид авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхдээ “Эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзэх, хөхиүлэн дэмжих”, “хуулийн өмнө шударга, хариуцлагатай, эрх тэгш байх зарчим, үнэнч шударга байх явдлыг хангах” замаар хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомждоо заана” гэсэн байгаа. Эдгээр заалтыг хууль тогтоогчид хууль зүйн үүднээс ойлголгүйгээр конвенцийг зөрчсөн хуулийг баталсан.

-Мөн уг хууль Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээний хэд хэдэн нөхцлийг зөрчсөн тухай хуульчид маргаж байгаа?

-Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх болон хөөн хэлэлцэх хугацааны талаархи шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдөж, тогтсон ойлголтуудыг зөрчсөн хуулийг баталсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын олон конвенц, пактыг зөрчсөн. Дээр хэлсэнчлэн Авилгын эсрэг конвенцын заалтыг зөрчсөнөөс гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан “хүнийг ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй”, “нэг гэмт хэргээр дахин шийтгэхгүй”, “эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн.

-Гэмт хэрэгтэй, тэр дундаа албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхтэй хэн ч маргахгүй. Гэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж тэмцэнэ гэдэг хэр үр дүнтэй, үндэслэлтэй арга вэ?

-Ийм аргыг ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс орнууд хэрэглэдэггүй. Монголын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг, хууль зүйн шинжлэх ухааны ололт, амжилтыг харлуулсан арга болсон учраас үр нөлөөнийх нь  тухай ярих боломжгүй. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглох хууль зүйн үндэслэл, практик орчин үеийн хууль зүйн шинжлэх ухаанд болон ардчилсан улс орнуудад байхгүй байна. Иргэдэд зөв ойлголт өгөх үүднээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай шинжлэх ухааны товч ойлголт өгөх нь зөв байх.

Хүний эрх, эрх чөлөөг төр хөндөж буй тохиолдолд гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хуулийг буцаан хэрэглэх онцгой нөхцлийг аль ч улс орны Эрүүгийн хуульд заадаг. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон хуучин үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэхийг хэлээд байгаа юм.

-Тэгвэл манай улс Авилгын эсрэг конвенцид нэгдэн орсны хувьд, конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд авлигын гэмт хэрэгтэй ямар арга замаар тэмцэх нь үр дүнтэй гэж та бодож байна?

-Монгол Улсад авилга, албан тушаалын гэмт хэрэг төдийгүй аливаа гэмт үйлдэлтэй тэмцэхийн тулд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Юуны өмнө Эрүүгийн хуулийн хөөн хэлэцэх хугацаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан хуульчлах шаардлагатай. Мөн авилга, албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг чангатгах ёстой. Үүнээс гадна мөрдөгч, прокурор, шүүгчдийн мэдлэг, чадвар, туршлагыг нэмэгдүүлж, хуульчдын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах хэрэгтэй.

-Манай Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт хангалтгүй байна гэсэн үг үү? Тэгвэл бусад улс орнуудад яаж зохицуулсан байдаг юм бол?

-Монгол Улсын Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан ч,  хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалтыг бүрэн сайжруулж чадаагүй, хийдэлтэй хэвээр байна. Эрүүгийн хуулинд мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын ялгаа, заагийг гаргаж хуульчлаагүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацаа зогсох, түдгэлзэх, сэргээх үндэслэлүүдийг нарийвчлан хуульчлаагүй хэвээр байгаа. 

Бусад улс орнуудын хувьд эрүүгийн хуулинд хөөн хэлэлцэх хугацаа эхлэх, зогсох буюу тасрах, түдгэлзэх, дуусах үндэслэл, ямар гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг  нарийвчлан хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал, гэмт этгээд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэх, харин гэмт этгээд яллагдагчаар татагдсан болон хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх болсон хөөн хэлэлцэх хугацааг зогсоох гэх мэт үндэслэлүүдийг нарийвчлан заасан байдаг.

Харин манай улсын Эрүүгийн хуулинд ийм зохицуулалтыг хуульчилж байгаагүй. Ийм болохоор гэмт этгээд оргон зайлсан ч, яллагдагчаар татагдаагүй нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байна л даа.

-Авилга, албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг чангатгах ёстой гэж та түрүүн хэллээ. Бусад улсын Эрүүгийн хууль тогтоомжтой харьцуулбал Монгол Улсын авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ ямар байгаа вэ?

-Авлигын эсрэг тэмцэх Сингапурын болон Шведийн гэсэн хоёр загвар бий. Авлигын эсрэг тэмцэх Сингапурын загварын дагуу зарим улс орон  авилгын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгахаас гадна авлигын гэмт хэргийн төрлийг  нэмэгдүүлж, нарийвчлан хуульчлах болсон. Улс орнуудын Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял нь дээд тал нь 10-25 жилийн хорих ялыг оногдуулахаар тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл Авлигын эсрэг конвенцид зааснаар авлигын гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх замаар хөөн хэлэлцэх хугацааг уртасгадаг. Тэр утгаараа авлигын гэмт хэрэгт оногдуулах ял чанга, хатуу байдаг юм. Хэрвээ ялын дээд хэмжээ  таван жилийн хорих ялтай бол  таван  жилээс дээш хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох боломжгүй гэсэн үг. Харин манай Эрүүгийн хууль дахь авилга, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ 5-12 жил байгаа.

-Монголд яагаад авлига, албан тушаалын хэргийг олон жил мөрдөн шалгадаг юм бэ?

-Хөөн хэлэлцэх хугацааны зогсох, түдгэлзэх, сэргээх үндэслэлийг хуульчилж өгөөгүй нөхцөлд авлига, албан тушаалын гэх мэт томоохон гэмт хэргүүдийг олон жил мөрдөн шийдвэрлэж, хугацаа ихээхэн алдаж байгаа нь ял завшуулах, эцэст нь хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааны эхлэх, зогсох буюу тасрах, түдгэлзэх, дуусгавар болгох үндэслэл болон ямар хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх заалтуудыг Эрүүгийн хуулинд тусгах нь авилгын төдийгүй аливаа гэмт хэрэгтэй тэмцэх нэг арга зам гэж хэлээд байгаа юм.

Нөгөө арга зам нь хуульчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, тэдний ажлын ачаалалыг багасгах нь  аливаа хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэх нэг нөхцөл гэж үзэж байна.

-Хэргийг олон жил мөрдөн шалгаж шийдвэрлэж байгааг зөвхөн хуульчдын мэдлэг, ур чадвар, туршлагатай холбож ойлгож болох уу? Хүнд хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэхэд хугацаа орох юм биш үү?

-Аливаа хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэх хуульд заасан хугацаа бий. Энэ хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхэд хэргийн болон гэмт этгээдийн нөхцөл байдал, мөрдөгч, прокурор, шүүгчдийн ажлын ачаалал, ур чадвар, туршлага гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч томоохон хэргүүдийг олон жил шалгаж мөрдсөн атлаа анхан, давах, хяналтын шатны шүүхээс хэргийн нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар прокурорт буцах явдал их байгаа нь мөрдөгч, прокурор, шүүгчдийн мэдлэг, чадвар, туршлагад эргэлзэхэд хүргэж байна л даа.

Нөгөө талаар мөрдөгч, прокурор, шүүгчдийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах талаархи онол, практикийн мэдлэг ихээхэн дутмаг санагддаг. Энэ тал ч нөлөөлж байгаа.

-Шүүхийн хууль ёсны, үндэслэл бүхий гэж үзэн шийдвэрлэсэн хэргийг дахин сэргээн шалгахыг УИХ өөр хуулиар даалгаж байна. Энэ нь эрх мэдэл хуваарилах зарчимд нийцэх үү? Цэц яагаад үүнийг шүүх эрх мэдэлд халдаагүй гэж үзсэн юм бэ?

-Шүүхийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн хууль ёсны шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгож, дахин сэргээн шалгаж шийдвэрлэхийг хуулиар тогтоодог онол, туршлага хууль зүйн шинжлэх ухааны түүхэнд байхгүй. Судлаач хүний хувьд олон улс орны хуулиудыг судлаад ийм зохицуулалтыг олоогүй. Хууль, шүүхийн байгууллагын хууль ёсны  шийдвэр, үйл ажиллагаанд хууль тогтоох байгууллагаас  эрх зүйн бус (хүний эрхийг зөрчиж, хууль зүйн шинжлэх ухааны ойлголтыг гажуудуулсан) хууль батлах замаар оролцохыг төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын үүднээс шүүх эрх мэдэлд халдаж буй явдал гэж үзэхээс өөрөөр юу гэж үзэх юм бэ. Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг авсаны дараа Цэцийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг мэдэх боломжтой.

Хууль тогтоогчид хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, Үндсэн хуульд нийцсэн хуулийг батлах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн. Энэхүү үүргийг зөрчих нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн үнэт зүйл, үнэ цэнийг алдагдуулж, улмаар төрийн бодлого гажуудах нөхцлийг бүрдүүлэх аюултай. Иймд УИХ алдаагаа засч, хууль дээдлэх зарчмыг  хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Мөнхөө (103.26.194.128)
    Санал нэгтэй байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэсэн хэрэг маргааныг хууль тогтоогч хууль гаргаад хүчингүй болгож дахин өөрөөр шийд гэж байгаатай адил юм уу даа.
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • Ган (103.26.193.64)
    УОК-ын гишүүд сэтгэлгээ үнэн ядмаг байна шүү Сэлэнгээс гуайн өгч байгаа дүгнэлт үнэхээр зөв. Хуулын практикт байдаггүй заалт гараад байх юм
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • dar (103.229.120.116)
    Avilgachid luivarchdad taarsan shiitgel onogduulah ni tegeed ardchilal hunii erh zorchij baigaa yum biz dee yu ulin hutsna ve Gem hiisen bol tuuniig tsairuulah ni ardchilsan es mal mini
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.91)
    Сэлэнгэ багш хөндлөнгийн байр сууринаас сайхан тайлбарлалаа
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Иргэн (66.181.161.66)
    Сэлэнгэ доктор шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн ярилцлага өгсөн байна. Зарим улс төржих дуртай хуульчид авлигатай тэмцэх нэрээр худлаа шоу хийхээ болимоор байна
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.185.190)
    teneg avgai ve. zaaval ner devshij bxad ni shuux shiidver gargaj barij xoriod nuguu xuniig surtalchilgaa xiix bolomjgui bolgood songuuli duussanui daraa xeden tugruguur torgoson bolood sulaldag ni teged zuv yim uu
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Odoo jishig yariad yah ve aldaa zavhraliin ehniii 5 dotor davhij yavaa shuu erhem prokuror, shuugch naraa, nirgesen hoino n hashgirav. (202.126.90.122)
    zochin
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 15 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 18 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 19 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 20 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 21 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 22 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 23 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 49 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 53 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 3 цаг 6 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 3 цаг 9 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 15 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 19 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 23 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 28 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 37 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 4 цаг 3 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top