Иргэдийн амьдрал уруудаж, доройтох хэрээр эрх баригчдын бяр чадал тэнгэрт тулж байна. Жил шахам үргэлжилсэн коронавирусын халдвар, эдийн засгийн хямралын эцэст МАН-ын дарга нар оны шилдгүүдээ тодруулж эхэлжээ. Удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй Монголын залуучуудын холбооноос жил жилийн оны шилдгүүдийг тодруулдаг “Next Stop” надмыг зохион байгуулахаар нэр дэвшигчдээ зарлажээ.
Өмнөх жилүүдэд “Next Stop”-ийн оны шилдгүүдийг “Оны шилдэг улстөрч”, “Оны шилдэг бизнесмэн” гэсэн хоёр номинациар шалгаруулдаг байсан бол энэ удаа “Оны шилдэг нийгмийн зүтгэлтэн”, “Оны шилдэг хүмүүнлэгийн үйлстэн” гэсэн хоёр шинэ номинацийг бий болгожээ.
Сонирхолтой нь энэ удаагийн “Оны шилдэг улстөрч”-ид өрсөлдөх нэр дэвшигчдийн жагсаалтыг МАН-ын дарга У.Хүрэлсүх магнайлж, араас нь хотын дарга Д.Сумьяабазар дагаж, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, гишүүн Т.Доржханд, Ц.Туваан, С.Одонтуяа нараар жийрэг хийжээ. Нэр дэвшигчдийг “Үзэгчдийн санал” буюу интернэт санал асуулгаар өрсөлдүүлж, “Оны шилдэг”-ийг тодруулах юм байна.
Улсаа дампуурлын ирмэгт авчирсан эрх баригчид, МАН-ын гишүүд, дарга нарыг улайхгүй чихэж, жагсаалтын гол цөмийг бүрдүүлсэн “Next Stop”-ын оны шилдгээр хэнийг тодруулах нь бараг л тодорхой. Нэр дэвшүүлсэн олон нийтийн байгууллага /Монголын залуучуудын холбоо/ нь ичиж, нэрэлхдэггүй байлаа гэхэд нэр дэвшээд өрсөлдөж байгаа улстөрчдөд жаахан ч гэсэн ичих булчирхай баймаар. Иргэд ч гэсэн зөнтэй юм шиг “Энэ жил оны шилдэг энэ тэр шалгаруулж тэнэгтэв ээ, МАН-ынхан минь” гэж эртнээс сануулсаар байсан.
Харамсалтай нь энэ нам дотор ичих булчирхай байтугай эрүүл ухаантай нэг ч хүн үлдээгүй бололтой. Нурж унасан эдийн засаг, уруудаж доройтсон иргэдийн амьдрал дээр “ялалтын марш” эгшиглүүлж, танц эргэх л тэдэнд дутуу үлдээд байсан юмсанж.
"Next stop" наадмын "Оны шилдэг"-т нэр дэвшигчдийг Энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл (33)