УРАН ГУЛГАЛТ: ХАНЮГИЙН ҮЗҮҮЛБЭР ДЭЛХИЙГ ХАЙЛУУЛАВ
Өвлийн олимпийн наадмын түүхэн дэх 1000 дахь алтан медалийг Японы уран гулгагч Юзуру Ханю хүртлээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд магадгүй Пёнчанд ирсэн хамгийн их фентэй тамирчин аваргаа хамгаалж чадах эсэх нь ихэд сонирхолтой асуулт байлаа. Ханю хэдий 2017 оны дэлхийн аваргад өөрийн тогтоосон рекордоо эвдэж, түрүүлсэн ч оны өмнөхөн шагайндаа гэмтэл аван олон хүнийг айдаст автуулсан юм. Гэсэн ч уян налархай хөдөлгөөн, уран нарийн үзүүлбэр, техникийн төгс гүйцэтгэлээрээ өнөө цагийн хамгийн шилдэгт тооцогдож буй Ханю олны итгэлийг алдсангүй түрүүлж чадлаа. Түүний нутаг нэгт 20 настай залуу тамирчин Ш.Уно мөнгө, дэлхийн хошой, Европын 6 удаагийн аварга Испанийн Х.Фернандез хүрэл медаль хүртжээ
Ханютэй гол өрсөлдөөн үзүүлэх учиртай гэгдэж байсан Америкийн Н.Чен чөлөөт төрөлдөө 215,08 оноо авч тэргүүлсэн ч богино үзүүлбэртээ дэндүү их алдаа гаргаж, дөнгөж 17-р байрт орсон нь хойш татсанаар 5-р байрт бичигджээ. Сонирхуулахад, Ю.Ханю 1952 оноос хойш аваргаа хамгаалж чадсан анхны эрэгтэй уран гулгагч болжээ.
СКЕЛЕТОН: СОЛОНГОСЫН ШИНЭ БААТАР – “ТӨМӨР ХҮН”
Азийн орнууд өргөн дэлгэр тэмдэглэж буй шинэ оны баярын үеэр нутгийн иргэд шинэ баатраа угтан авлаа. Энэ бол скелетон буюу элгэн чарганы төрөлд түрүүлсэн Юүн Сүн Бин. Зөвхөн скелетон төдийгүй чарга, бобслэй гэсэн чарганы төрлүүдэд түрүүлсэн анхны Ази тамирчин болсон тэрээр үнэхээр эхний гараанаасаа л илт тодорч байсныг онцлох хэрэгтэй. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүнд твиттерээр талархал илэрхийлж, “Ард түмэндээ цагаан сарын төгс бэлэг өгсөнд талархлаа. Хэрвээ бид шинэ зүйлд өөрсдийгөө бүрэн зориулж, тэмцэж чадвал дэлхийд тэргүүлж чадна гэдгийг харуулсан жишээ боллоо” хэмээн онцолжээ. Өдгөө 23 настай Юүн Сочид дөнгөж 16-р байрт орсон ч амжилт нь жил ирэх тусам өссөөр өнгөрсөн жил дэлхийн цомыг нийлбэр дүнгээр тэргүүлсэн билээ.
Талбайн эзэн БНСУ-ын багаас шорт трэкийн тамирчин Чой Мин Жон эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд түрүүлж 3 дахь алтан медалийг нь авчраад байна. 500 метрт азгүйтэж медалиас мултарсан, дэлхийн 7 удаагийн аварга Чойгийн хувьд энэ нь анхных нь Олимпийн медаль болж байгаа юм.
БИАТЛОН: М.ФРУРКАДЫН ТҮҮХЭН ТҮРҮҮ
Биатлоны бөөн гараат уралдаанд түрүүлж, энэ наадмын 2 дахь, нийт 4 дэх алтан медалиа хүртснээр М.Фуркад Францын түүхэн дэх хамгийн амжилттай өвлийн спортын тамирчин боллоо. Тэрээр 2017 оны аварга Германы С.Шемпийг эцсийн мөчид илүүрхэн түрүүлсэн нь энэ юм. 2 тамирчныг хэдхэн см заагласан нь фотифинишээр тодорхой болсон билээ.
ТЭШҮҮР: ОЛИМПИЙН РЕКОРД ШИНЭЧЛЭГДЭВ
Тэшүүрийн хамгийн богино зай буюу 500 метрийн уралдаанд Японы Нао Кодайра олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүллээ. Нутгийн гол найдвар, олимпийн хошой аварга И Сан Хва түүнээс 0,39 секундээр хоцорч мөнгөн медальтай үлдлэв.
Өдгөө 30 настай Н.Кодайра нь "Сочи -2014" Олимпийн наадмаас хойш онцгой сайн байсан бөгөөд сүүлийн оролцсон 26 тэнмцээнд түрүүлээд байсан юм.
ЦАНА: НОРВЕГИЧҮҮДИЙН 5 ДАХЬ АЛТ
Эрэгтэйчүүдийн багийн төрөлд И.Клэбогийн гайхалтай тэшилт Норвегийн багт ээлжит алтан медалийг нь авчирлаа. Ингэснээр Норвегийн шигшээ Пёнчанд гүйлтийн цанын 8 төрлөөс 5-д нь түрүүлсэн онцгой амжилттай болж байна. Орос болон Францын багууд удаалжээ.
УУЛЫН ЦАНА: МАРСЕЛ ХИРШЕРИЙН 2 ДАХЬ АЛТ
Сүүлийн 7 жилийн турш уулын цанын спортод ноёлон, дэлхийн аваргад 6 удаа түрүүлж, дэлхийн цомын 55 гараанд аваргалсан М.Хишер Пёнчанд анхны олимпийн алтан медалийн төлөө ирсэн нь тодорхой.
Тэгвэл Австрийн тамирчин маань жайнт слаломын төрөлд илт тасархай түрүүлснээр энэ наадмаас 2 дахь алтан медалиа хүртлээ. Тэрээр 2-т орсон Норвегийн Х.Кристофферсоноос 1,27 секундээр хурдан байв.
ЦАНЫН ХАРАЙЛТ: НОРВЕГИЧУУД МЕДАЛИЙН ТООГООР ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ
Цанын харайлтын багийн төрөлд Норвегийн шигшээ илт тэргүүлснээр алтан медаль хүртэж, Олимпийн наадмыг нийлбэр дүнгээр тэргүүлж эхэллээ. Тэдэнтэй ижил алтан медаль хүртэж, хүснэгтийг эхний өдрөөс эхлэн тэргүүлж байсан Германы баг 22,8 оноогоор хоцорч, мөнгөн медаль хүртжээ. Хүрэл медалийг Польшийн баг авсан байна.
ТЭШҮҮР: ФОТО ФИНИШ ТАЛБАЙН ЭЗДИЙГ ГОНСОЙЛГОВ
Тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500метрийн уралдаан сэтгэл догдлуулсан мөчөөр дүүрэн байв. Гол өрсөлдөөн Норвегийн Х.Лоренцен, БНСУ-ын Ча Мин Кю нарын хооронд өрнөж, фото финишийн дүнд Норвеги тамирчин 0,01 секундээр илүүрхэн алтан медаль хүртлээ.
Хүрэл медалийг Хятадын Гао Тингю хүртжээ. Мэргэжилтнүүдийн тооцоонд багтаагүй байсан 2 залуу тамирчдын өрсөлдөөн Олимпийн рекордыг шинэчлэн тогтоосон гэдгийг онцолъё.
БОБСЛЭЙ: КАНАД, ГЕРМАНЫ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Бобслэйн хамгийн эхний медалийн эвент болох хосын төрөлд Канад, Германы тамирчид яг ижил буюу 3 минут 16,86 секундын амжилт үзүүлж, алтан медалийг хүртлээ. 1998 оны Наганогийн олимпоос хойш бобслэйн төрөлд ийм үйл явдал тохиож байгаагүй.
Сүүлийн 4 жил дараалан энэ төрөлд дэлхийн аварга хүртсэн Германы Ф.Фридрих болон Канадын Ж.Криппс нар 4 гарааны турш эн тэнцүү өрсөлдсөөр 2-уул алттай буцав.
БУСАД: СНОУБОРД, УРАН ГУЛГАЛТ, ФРИСТАЙЛ
Энэ наадамд шинээр нэмэгдсэн сноубордын өндөр үсрэлтийн төрөлд Австрийн А.Гассер тэргүүлж байгаа бол фристайлын эмэгтэйчүүдийн халфпайпын төрөлд Канадын К.Шарп бүх тамирчдыг манлайлж байна.
Уран гулгалтын бүжгийн хосын төрөлд Канадын туршлагатай хос Т.Виртуе, С.Мойр нар богино үзүүлбэрийн дараа нэгдүгээр байрт бичигдэж байна. Харин Америкийн эмэгтэйчүүдийн хоккейн баг Финляндыг 5:0-ээр хожсоноор 3 дахь олимп дараалан финалд үлдлээ. Тэд “эртний өрсөлдөгч” Канадын багтай алтын төлөө тоглоно.