УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт залуусыг хугацаат цэргийн алба хаах хугацаанд цэргийн эрдэмд суралцуулахаас гадна англи хэл, компьютерын анхан шатны мэдлэг олгох, жолооны курст сургах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ. Түүнчлэн нийт анги, салбарын барилгуудын 80 орчим хувь нь 50-иас дээш жилийн насжилттай, их засвар хийхээр болсон. Ашиглаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжүүдийн тодорхой хувь нь элэгдэлд орсон. Эдгээрийг бүрэн шинэчилж, залуучуудыг цэргийн алба хаах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд төсөв ихээхэн шаардлагатай хэмээв.
Хуралдааны төгсгөлд хуулийн төслийн талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.