Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн бокст 11 дэх тулаанаа хийж, ялалт байгууллаа.
Флорида мужийн Плант хотод болсон энэхүү тулаан гурван минутаар 10 үеийн турш үргэлжилж, 100:90 гэсэн оноогоор шүүгчдийн саналаар улаан булангаас гарч тулалдсан манай боксчин Э.Цэндбаатарт ялалтыг зааснаар тивийн аваргын бүсний эзэн болж байна. Ингэснээр тэр мэргэжлийн боксын карьертаа нэг ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж байна. Дашрамд дурдахад, өнөөдөр түүний төрсөн өдөр бөгөөд тэрбээр төрсөн өдрөөрөө өөртөө ялалтын бүсээр бэлэг барилаа.
Тэрбээр ялалтынхаа дараа сэтгэгдлээ хэлэхдээ “Маш их баяртай байна. Намайг дэмжиж байсан Монголын ард түмэндээ баярлалаа. Анхны багш Энхтайван болон одоогийн дасгалжуулагч Уолли нартаа баярлаж байна. Багийнхандаа, менежертээ баярлалаа. Энэ бол миний хүсэж, мөрөөдөж байсан бүсний нэг юм. Гурван сарын турш тасралтгүй бэлтгэл хийсний үр дүн гарлаа. Цаашаа илүү их амжилт гаргахын төлөө, том том бүсний эзэн болохын төлөө хичээх болно. Миний дасгалжуулагч намайг 36 үеийн турш бэлтгэлээр нүдсэний үр дүн юм. Заримдаа бэлтгэлээс шантарч, зугтмаар санагдах үе ч байсан. Бэлтгэлээ үзэн яддаг байлаа. Гэхдээ би зорилгынхоо нэг хэсгийг биелүүллээ. Миний өрсөлдөгч бол үнэхээр сайн тамирчин” хэмээн ярилаа.
Харин түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Фрэнси Фортунато 2018 оноос мэргэжлийн боксын карьераа эхлүүлсэн бөгөөд 16 ялж, нэг ялагдсан амжилттай байсан бол хоёр дахь ялагдлаа ийнхүү амслаа. 2021 онд шүүгчийн шийдвэрээр ялагдсан түүний хувьд гурван жил долоон сарын дараа дахин шүүгчийн шийдвэрээр ялагдаж байна.