Өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК-ын Шуурхай штаб болон холбогдох газруудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгах цэгүүдийн тоог нэмэгдүүлжээ. Тодруулбал 335 сум, дүүрэгт 1,336 устгалын цэг гаргах бөгөөд мал эмнэлгийн 436 мэргэжилтэн, 1,244 малын эмч, аймаг, сумын Засаг даргын тамгын газрын 1,761 ажилтан зэрэг хүмүүсийг тус үйл ажиллагаанд татан оролцуулах аж.
Мал Эмнэлгийн Ерөнхий Газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг:
-"Зүй бусаар хорогдсон мал сэг зэм устгах үйл ажиллагааны зааврыг бүх шатны байгууллага, аймаг, сумдад хүргэн ажиллаж байсан. Энэ жил мөн нэмэлтээр хүргэж байгаа.
Монгол орны хувьд шатааж хөрсөнд булшлах, шууд булшлах аргыг хэрэглэж байгаа. Цөөн сэг зэм байвал шатаах аргыг хэрэглэх боломжтой. Харин их хэмжээгээр сэг зэм гарсан тохиолдолд энэ арга тохиромжтой биш. Гоц халдварт зооноз өвчин гарсан үед бол тусгай зааврын устгал дагуу хийдэг. Энэ удаад малын сэг зэмийг булшлах аргаар устгалд оруулна.
Монгол Улсын хэмжээнд сэг зэмийн устгалыг хэрэгжүүлэх нөөцийн судалгааг 2024 оны хоёрдугаар сарын 22-ны байдлаар Мал Эмнэлгийн Ерөнхий газраас гаргасан.
Сэг зэм устгахад халдваргүйтгэх бодис шаардлагагүй гэсэн асуудлыг ярьж байна. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг урьдчилж авахгүй бол болохгүй. Бэлчээрээр дүүрэн арзайсан юм хаяж, үлдээж болохгүй. Бэлчээрийг цэвэрлэх ёстой. Тэр утгаараа Монгол Улсад хөрсөнд нь булшлах аргыг олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмжтэй уялдуулан манай салбараас ч зөвлөдөг.
Малын хүүр, сэг зэм ялзарч өвчин үүсгэгч бактери вирус үржих таатай орчин бүрдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хүн болон мал амьтанд хоргүй, байгаль орчинд нөлөөгүй урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн бодисыг сонгож хэрэглэнэ" гэв.