Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000.9000 /хоёр сая есөн мянга/ мал хорогдсон дүнтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 85.9 хувиар өссөн үзүүлэлт юм. УОК-ын харьяа төвлөрсөн хандивын дансанд нэг тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгө, 500 сая төгрөгийн бараа материал ирсэн.
Энэ сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Орон нутагт ажиллаж буй Засгийн газрын долоон ажлын хэсэг өнөөдрөөс Улаанбаатарт ирж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байгаагаас 72,462 өрхийн нөхцөл байдал хүндэрсэн.
Үүнээс өвс тэжээл дууссан 39,414, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7,863, түлээ түлшний хомсдол үүссэн 5,800, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 малчин өрх байна.
Гурваас доош ам бүлтэй, хүн хүчний хомсдолтой, байгалийн хүчин зүйлээс болж малын хот, ойролцоох газрууд цасан дарагдсан айл өрхүүдийн судалгааг гаргасан.
Нийт 14 аймгийн 66 суманд гурваас доош ам бүлтэй 2,032 малчин өрх байгаа. Тухайн малчин өрхүүдэд туслах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэмэлт хүч, техник хэрэгслийг маргаашаас эхэлж ажиллагаанд оролцуулна.
Мөн төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагын 245 алба хаагч, 114 тээврийн хэрэгсэлтэй 14 аймгийн 74 суманд ажиллагаа зохион байгуулж, 2,748 айл өрхөд хүрч ажилласан. 15,103 км газарт зам гаргаж, 1,778 тонн өвс тэжээл хүргэжээ. Нийлбэр дүнгээр 23,000 км зам талбайг гаргасан.
Аймгийн Засаг дарга, гамшгийн эрсдэлийн нөөц хөрөнгөөс малчдадаа зориулж 17.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. 21 аймгийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд 26,664 тонн өвсийг 127,514 өрхөд, 10,526 тонн тэжээлийг 128,687 өрхөд хуваарилан олгосон" хэмээн танилцуулав