Цус, шээс, шүлс зэрэг биологийн бусад шингэний биопси шинжилгээг ашиглан барууны орнуудад хавдрыг илрүүлэх технологийг хэдийнэ нэвтрүүлж, амжилттай туршиж эхэлжээ.
Оношилгооны өндөр ач холбогдолтой гэж тооцогдож буй энэхүү шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр эрдэмтэд, эмч нар судлан, ажиллаж байна.
Хүний биед хавдар өвчний дохио илрээгүй байхад ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнд үр дүнтэй болох нь батлагдсан тус шинжилгээний талаар танилцуулсан “MiPHX-ийн биологи, эсийн үүрэг ба баталгаат тоон тодорхойлолт” сэдэвт арга хэмжээ өнөөдөр Шинжлэх ухааны академийн төв байранд боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Бидний урилгыг хүлээн авч, туршлагаа хуваалцахаар ирсэн профессор Майкл В.Паффл талархал илэрхийлье.
Монгол улсыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл мэндийг хамгааах, нэн ялангуяа дундаж насжилтыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх нь чухал байна. Энэ зорилгыг биелүүлэхэд өндөр хөгжсөн орны эрдэмтэн судлаачдаас суралцах, хамтран ажиллах нь хурдасгуур болдог. Энэ хүрээнд дөнгөж өчигдөр Нобелийн шагнал хүртээд байгаа орчин цагийн молекул, биологийн мэдээллийн арга техникийн тухай профессор Майкл В.Паффл бидэнтэй хуваалцаж байгаад таатай байна. Цаг үеэ олсон чухал зүйл юм. Судалгаа шинжилгээ гэдэг асар их санхүү, олон арван жил зарцуулагддаг. Хэдий тийм ч гэсэн үүний ололт, амжилт нь олон мянган хүнийг эмчлэх боломжийг олгож байдаг билээ.
Германы Техникийн их сургуулийн Тэнхимийн эрхлэгч, Молекул-физикийн ухааны профессор Майкл В.Паффл манай улсад ирж, өөрийн мэдлэг оюунаа хуваалцаж, туршлага солилцож байгаад талархаж байна" гэлээ.
Хорт хавдрыг эрт үед нь буюу үүсээгүй байхад нь илрүүлэх, оношлох, эмчилгээний олон төрлийн сонголт хийх боломжтой талаар профессор Майкл В.Паффл анагаах ухааны оюутнууд, багш нарт хуваалцлаа.
Өнөөдөр Молекул-физикийн ухааны профессор Майкл В.Паффлын илтгэл, асуулт хариултууд явагдсан бөгөөд маргааш бүтэн практик дадлага хийгдэх юм.
Сэтгэгдэл (1)