Долоон машин мөргөж, бага насны хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 10-ны өдөр болох байсан ч дахин хойшлогдлоо.
Түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хурлыг гуравдугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулсан байна.
Тодруулбал, түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд мэдэгджээ. Ингэснээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдож байна.
Өмнөх хуралд тэрээр өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон юм.
Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн. Хэргийн талаар ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй" гэсэн боловч аравдугаар сарын 10-ны өдөр уг тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас эхлэн замын хөдөлгөөнд оролцсоныг камерын бичлэгээр тогтоосон байдаг.
Мөн шүүгдэгч Ч.Маралмаа урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр охины гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.