Ховд аймагт 15 настай охин үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж, толгойдоо гэмтэл авч нас барсан байж болзошгүй гэх хэрэг гарсан билээ. Энэ хэргийг урьдчилсан байдлаар талийгаачийн нагац эгч Ж нь үйлдсэн нь тогтоогдсон байна.
Одоогоор талийгаач охины нагац эгчийг орон нутагт цагдан хорьсон гэдгийг мэдээллийг албаныхан мэдээллээ.
Талийгаач охин нагац эгч болон тэдний хүүхдүүдийн хамт амьдардаг байсан ба төрсөн ээж нь хамтран амьдрагч болон гурван хүүхдийн хамт тусдаа амьдардаг байна.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр "Ховд аймгийн жаргалан сумын БОЭТ-д толгой дээрээ оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд хэргийг богино хугацаанд илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын ажиллагаагаар амь хохирогч Ж -гийн гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч нь хэргийг үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хойшлуулшгүй тохиолдлоор 48 цагийн хугацаанд баривчлаад, таслан хорих цагдан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
Цахим орчинд мэдээлэл гарсанчлан амь хохирогчийг дөрвөн хүүхэд сургуулийн орчинд трубагаар цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл.
Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Дөрвөн хүүхдэд зодуулж гэмтсэн" гэх худал мэдээллийг тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна.
Дөрвөн охин трубогоор цохисон гэдэг худал мэдээлэл болох нь нотлогдож байна" гэлээ.