2023 оны гуравдугаар сарын 1-нээс тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID чипийг машинд нь суурилуулахаар болоод байгаа. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасантай ярилцлаа.
-RFID системийн талаар танилцуулбал. Ач холбогдол нь юу вэ?
-RFID системийг тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем гэж энгийнээр тайлбарлаж болно. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг нэгдсэн хяналт, зохицуулалттай болгож, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэн нэгдсэн сан үүсгэнэ.
Түүнчлэн замын хөдөлгөөний төлөвлөлт, хяналт сайжирна.
Тээврийн хэрэгслийн бүртгэл, авто зогсоолын төлбөр тооцоо, эзэмшигчийн шилжүүлэх, шинээр улсын дугаар авах зэрэг бүртгэлийг цахимаар хийх боломжтой болж холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдийг нэгдсэн мэдээллээр хангадаг болох юм.
Эхний ээлжид 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.
-Үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын нэгдсэн уялдаа холбоо чухал. Иргэдэд хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ?
-Улсын хэмжээнд орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Эдгээрээс эхний ээлжид замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулна.
Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулж байна. Тараах, суурилуулахтай холбоотой түр журмаа боловсруулан танилцуулна. Иргэдэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр бүртгэлийн цэгийг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн байгуулна.
Харин орон нутагт олон улс, улсын чанартай зам дагуу байрлаж буй нийт 33 төлбөр авах цэгийг цахимжуулах ажлыг энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа.
-Иргэд RFID чипийг авахад ямар нэг төлбөр төлөх үү?
-Тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчээс ямар нэгэн санхүүгийн зардал гаргахгүйгээр суурилуулж өгнө. Цаашид импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чипийг төлбөрөө төлөн наалгах юм.
-Энэ системийг олон улсад хэрэглэдэг үү?
-Олон улсад 1950 оноос нэвтэрсэн. Одоог хүртэл хөгжингүй улс орнууд ашиглаж байна. Зам тээврийн салбарт энэхүү технологийг 2012 оноос хойш судалсан. Мөн 2015 онд олон улсын судалгааны байгууллагууд Монгол Улсад RFID технологийг ашиглах нь хамгийн тохиромжтой гэсэн зөвлөмж гаргасан байдаг.
RFID технологи нь өртөг, үйл ажиллагааны зардлын хувьд ч бага гэдгийг судалгаагаар нотолсон учраас хэрэгжүүлэх гэж байна.
-Жолооч нарын торгуулийн мэдээллийг яаж хянах вэ?
-Монгол Улсын хэмжээнд нийт тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нарын 21 орчим хувь нь л торгуулиа төлдөг, 62 хувь нь тээврийн хяналтын үзлэг, татвар, даатгалаа төлж байна. Үлдсэн 40 хувь замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь тодорхой бус, хяналтгүй байна. Тэгэхээр үүнтэй холбоотой бүх асуудлыг энэ системээр шийдэх боломжийг бүрдүүлнэ.
-Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэсэн ойлголт байна?
-Үүнтэй холбоотой дүрэм журам шийдвэр одоогийн байдлаар эцэслэн гараагүй байна. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн хувьд ч тусдаа дүрэм журам хуулийн гарц гаргалгаа, эдийн засгийн тооцоо судалгааг хийж байгаа.
RFID технологи хэрэгжиж эхлээд л маргаашаас нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хорино гэсэн ойлголт нийгмийн сүлжээнд явж байна. Төрийн байгууллагууд хамтарсан нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг бий болгосны дараа холбогдох зохицуулалтыг хийнэ.
Эх сурвалж: ЗТХЯ