Ховд аймагт нэгдүгээр сарын 28-ны өдөр 15 настай охин нас барсан хэрэг гарсан. Энэ талаар сурвалжиллаа. Эхлээд бид Ховд аймаг дахь цагдаагийн хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтан ахмад Батсайхантай холбогдсон юм. Тэрбээр “Бид ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулна уу” гэв. Ингээд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад “Нэгдүгээр сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс толгойдоо оёдол тавиулсан шархтай 15 настай эмэгтэй хүүхэд нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус хэрэгтэй холбоотой хэрэг бүртгэлт нээгдсэн. Ховд.мн сайтаар олон эх сурвалжтай мэдээллүүд явж байна. Түүн дотор талийгаач охины үеэл найзаас цагдаа нар мэдүүлэг авахдаа ёс бус үг хэрэглэх, согтуу байсан гэх зэрэг мэдээлэл байсан. ЦЕГ-аас ажлын хэсэг гаргаад тус мэдээлэл үнэн үү, цагдаагийн албан хаагчтай холбоотой ямар нэгэн асуудал гарсан уу гэдгийг олж тогтооно. Үнэхээр тухайн цагдаагийн ажилтан хариуцлага алдсан бол дараагийн шатны арга хэмжээг авна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Ховд аймгийн ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль руу мэдээлэл авахаар холбогдоход “Тухайн үед сурагчид амарч байсан. Тэр хэргийг харсан гэрч манай сургууль хавиар байсан эсэхийг мэдэхгүй. Амиа алдсан хүүхэд манай сургуульд сурдаггүй Зургадугаар сургуулийн сурагч байх. Тэр хэрэг манай сургуулийн орчимд үйлдэгдсэн гэсэн. Харин манай сургуулийн сурагч биш” гэлээ. Энэ мэдээллийн дагуу Зургадугаар сургууль руу холбогдоход “Манайд бага ангиа төгсөөд Хоёрдугаар сургууль руу шилжсэн хүүхэд байна лээ. Мэдэхгүй байна” гэсэн юм. Ингээд Ховд аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн чанарын албаны дарга Оюунцэцэгтэй холбогдоход “Хууль, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэгт ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Харин Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Баясгалмаа “Ховд.мн сайтад мэдээлэл өгсөн. Түүнээс дэлгэрэнгүйгээр өгөх боломжгүй” гэлээ. Ингээд охины сурч байсан Насан туршийн боловсролын төвийн захирал Бат-Эрдэнэтэй холбогдов. Тэрбээр “Тухайн хүүхэд манай сургуульд шилжиж ирээд удаагүй байсан. Хэргийн талаар надад нарийн мэдээлэл байхгүй. Цагдаагийн байгууллагаас шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байхыг сануулсан. Тиймээс хүүхдийн зан төлвийн талаар ангийнх нь багшаас асуу” гэлээ. Ангийн багш Баасансүрэн ярихдаа “Талийгаач охин шилжиж ирээд удаагүй ч ангийнхандаа хурдан дассан. Сэргэлэн цовоо хүүхэд. Эрсдэлт бүлгийн хүүхдийн тоонд ордог учраас манай төвд сурч байсан. Амь насаа алдахаас өмнө ямар нэгэн байдлаар дээрэлхүүлсэн тухай хэлж байгаагүй. Хэргийн талаар мэдэхгүй учраас ярих боломжгүй байна. Яг үеийнхэндээ дээрэлхүүлсэн үү, яагаад ийм явдал болов гэдгийг цагдаагийн байгууллага тогтоох байх” гэсэн мэдээллийг өглөө.
Охины амьдардаг байсан хороонд Хүүхэд хамгааллын багт ажиллаж байсан иргэнтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүсэв.
-Та охинтой хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Хэр сайн мэдэх вэ?
-Талийгаач охины амьдардаг хороонд би хэдэн жилийн өмнө ажлын хэсгийн хамтарсан багт ажилладаг байсан юм. Тэр хүрээндээ хэдэн жилийн өмнөх мэдээллийг өгч чадна, сүүлийн үеийн мэдээллийг мэдэхгүй юм. Хүүхэд хамгааллын багт ажиллаж байхдаа хамгийн сүүлд жил гаруйн өмнө уулзаж байсан.
-Хүүхэд хамгааллын багт ажиллаж байхдаа байнга тэднийхээр очдог байсан уу. Ар гэр нь ямархуу айл вэ?
-Манай хорооны эрсдэлт бүлгийн айлуудын тоонд багтдаг байсан. Тиймээс аав, ээж хоёр нь охиныг сургуулиас нь гаргаад дүү нарыг нь харуулдаг байсан. Аав нь төрсөн аав нь биш хойд эцэг нь. Тухайн үед нэг дүү нь нялх. Аав нь ажил хийдэг учраас дүү нарыг нь харах хүнгүй гээд сургуульд нь явуулахгүй, зөндөө удчихсан байсан. Сургуулиас нь манай баг руу сургуульдаа явахгүй байна гэж нийгмийн ажилтан нь ярьдаг байсан. Сургууль, багаас төлөөлөл гаргаад бид гэр орноор нь очиж уулзаж, тухайн үедээ хүүхдийн байгууллагаар дамжуулан эрсдэлт бүлгийн хүүхэд гэдгийг мэдсэн. Би энэ багийнхаа ажлыг өгөөд жил гаруй болж байгаа болохоор сүүлд юу болсныг мэдэхгүй байна.
-Талийгаач охин айлын том хүүхэд байсан уу. Хэдэн дүүтэй юм бол?
-Тэр охин маань ээжийгээ дагаж ирсэн дагавар хүүхэд байсан. Миний мэдэхийн хоёр дүү байсан. Тухайн үед ээж нь төрөөд удаагүй нялх биетэй. Нөгөө дүү нь ой гарантай байсан санагдаж байна. Тэгээд сургуулиас нь гаргачихсан. Сүүлдээ тэр хүүхэд гэртээ байхаа болиод нагац эгчийндээ байдаг байсан. Тэр эгч нь бас тухайн үед жаахан архины хамааралтай хүн байсан. Эгчийнх нь сургийг сонсоход энэ жил нас барсан гэж дуулдсан.
-Таныг ажиллаж байх үед тухайн хүүхэдтэй холбоотой өөр мэдээлэл гарч байв уу?
-Коронагийн хөл хорионы үеэр Ховд аймгийн Хүүхэд хамгаалах байранд нэг хэсэг байлгасан. Тухайн үедээ охин гэртээ байх аргагүй, хамгаалах байранд байлгахаас өөр аргагүй болчихоод хамгаалах байранд оруулах гэтэл заавал коронагийн шинжилгээ өгөөд, эерэг гарч байж оруулна гээд аваагүй. Тэгээд бид нэг буудалд мөнгө төгрөгийг нь өөрсдөөсөө төлж байлгасан. Тэгж байтал шинжилгээ нь эерэг гараад хамгаалах байранд оруулж байсан.
Эх сурвалж: Өдрийн сонин