Хөвсгөл аймаг нь 2023 оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Дархадын хотгорын өвлийн үзэсгэлэнт байгальд болдог Цаа цасны баяр, Хөвсгөл нуурын хөвөөнд болдог Мөсний баяр, Чандмань-Өндөр суманд Алунгоо эхийн сургаалын баяр, Сарлаг наадам, Цаатан фестиваль, Монгол бөхийн баяр, Далийн баяр, Тэсийн голын Монголчууд зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд буй.
Үүний нэг нь "Цаа, цасны баяр" юм. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дархад, цаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр”-ыг хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Цагааннуур суманд зохион байгуулах гэж байна.
Уг баярыг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд зохион байгуулж байсан юм.
Энэ үеэр цаст тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон цас цаатай холбоотой өвлийн спортын арга хэмжээнүүд, цааны уралдаан, дархадын уламжлалт “Хааг цана”-ын уралдаан болно.
Мөн дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн, ан гөрөө хийх үед хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншлууд, хоол ундааны соёлыг дэлгэн үзүүлэх юм.