Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн билээ. Энэхүү жагсаалын гурав дахь өдрөөс жүжигчин У.Цогтбаяр жагсаалд оролцож жагсагчдыг төлөөлж эхэлсэн юм.
Тэгвэл У.Цогтбаярыг уг жагсаалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан байна.
Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20-р зүйлд зааснаар Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол түүнийг 2-8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэж магадгүй болжээ.
Түүнчлэн энэ хэрэгт У.Цогтбаяраас гадна “Ноён IZ” компанийн захирал Г.Ирээдүйг мөн яллагдагчаар татаад байгаа юм.