"Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараана гэх мэдээлэл цахим орчин тарж байгаа. Мөн зарим иргэд ч сар шинийн баярын өмнө "тараа" хэмээн хэвлэлийн хурал хийж, шаардлага хүргүүлж буй.
Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
Тэрээр "1,072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахад нэг хүнд 15,000 орчим төгрөг ногдох тооцоолол гарч байгаа. 2022 оны ногдол ашгийн тухайд иргэдэд оногдох ашиг нь 110 орчим тэрбум төгрөгийн дүн гарч байгаа ба ногдол ашгаар тараахад нэг хүнд 10 гаруй мянган төгрөг болж байна.
Тэгэхээр 10, 15 мянган төгрөгийг хувьцааны ногдол ашиг болгож өгөх нь иргэдэд төдийлөн өндөр ач холбогдолтой зүйл биш. Харин сөргөөрөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, инфляц хөөрөгдөх магадлалтай учраас Эдийн засаг, хөгжлийн яам үүнийг нэн тэргүүний зорилт болгохгүй.
Харин хувьцааг илүү үр ашигтайгаар иргэндээ хүргэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс өнөөдөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг алдагдалгүйгээр ажиллах боломжийг нэгдүгээрт нэмэгдүүлье, хоёрдугаарт, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өр төлбөрийг барагдуулахад анхаарлаа хандуулъя гэсэн зүйлд анхааран ажиллаж байна.
Эрдэнэс Тавантолгой ХК жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг. Иргэн бүрд хоёр сая төгрөг өглөө гэж бодвол нэг ч төгрөг зарлагадахгүйгээр тус компанийн орлогыг хувааж өгнө гэсэн үг. Ийм бодит боломж байхгүй" гэлээ.