“Miss Universe” тэмцээний отгон ялагч болж титэмний найраа хийж байсан Б.Гүнзаяа хүмүүнлэгийн үйлсээрээ гоё охид дундаас ялгардаг. “Хүүхэд Эрдэнэ” сангаараа дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө хандив, тусламж өрнүүлж жил бүрийн “Эх үрсийн баяр”-аар түүний баярлуулсан хүүхэд хэдэн мянга давна. Вьетнам улсад хүүхдийн миссийн тэмцээний шүүгчээр уригдсан бүсгүй Сар шинийн баярын өмнөхөн 2 айлд өргөө цагаан гэр хандивлалаа. Хилийн чанадыг зорьж, миссийн ажлаа хийж эх орноо төлөөлөхийн зэрэгцээ хандив тусламж боломжийнхоо хэрээр аваад ирдэг байж болох юм гэсэн шинэ замыг Б.Гүнзаяа нээлээ. Сошиалд дагагчдын тоогоороо тэргүүлдэг, 191 000 дагагчтай түүгээр сурталчилгаагаа хийлгэх гэсэн урт дараалал үүсдэг.
Миссүүдээс инфлюсер хийж нийгэмд үйлчилдэг нь цөөн. “Би баян айлын хүүтэй сууж тавилгын манаач хийхгүй” гэж анх олонд танигдахдаа зоригтой дуугарч байсан бүсгүй хэлсэн, ярьсандаа үнэнч байж чадаж байна. Охид бүсгүйчүүдэд өөрийн амьдралаараа олж авсан туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж байдаг мисс бүсгүй өөрийн “Сайхан бүсгүйн жор” номоо тун удахгүй нийтийн хүртээл болгох гэж байгаа юм билээ.
Цаг наргүй хөдөлмөрлөж байгаа мисс бүсгүй 2023 оныг хүмүүнлэг үйлсээр эхлүүлж хөөрхөн сайхан нь зөвхөн миссийн хэмжүүр биш гэдгийг харуулж байна. Аль хэдийнэ гадна дотны 11 тэмцээний титмийг зүүсэн бүсгүй магадгүй ойрын 10 жилд тодорсон хамгийн хүмүүнлэг мисс болох нь. Түүний нийгэмд чиглэсэн сайн үйлсийг давах дараа дараагийн миссүүдэд улам л амаргүй болох нь. Сайн үйлсэд зорьж байгаа сайхан бүсгүйд амжилт хүсье.