Өнгөрсөн долоо хоногт Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаарх байр сууриа өөрийн твиттер хаягтаа нийтэлсэн билээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын жиргээг "худал" хэмээн нотолсон юм.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэдэг албан бичгийг Фэйсбүүк компани руу ирэх даваа гаригт явуулах гэж байгаа. Надтай уулзсан, уулзахдаа хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая гээд арваннэгдүгээр сард хуулийн болон техникийн ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн. Гэнэт "It is not true" гээд хамгийн худалч хүн гэж намайг хэлж байх шиг байна лээ.
Уулзсан ярианых нь протокол хоёр цаг 30 минутын аудио бичлэг бий. Айхавтар, айхавтар зүйл ярьсан. Энэ бол хувь хүндээ биш. Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл.
Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Оролцохын дээдээр оролцлоо. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан, манай улсыг хориг оруулна гэсэн. АНУ-ын зүгээс шахалт, дарамт үзүүлнэ гэдэг мэйл явуулсан.
Иймд Мета компани руу Жорж Чен гэдэг хүнийг ажлаас нь хал, хоёрдугаарт надаас уучлалт гуй гэдэг бичгийг явуулна. Надтай уулзсан ярианых нь бичлэгийг хавсаргана. Хэрэв уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэв.
Эргэн сануулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чентэй уулзаж ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” хэмээх жиргэсэн.
Харин “Мета” компанийн Азийг хариуцсан захирал Жорж Чен Хууль зүй, дотоод хэргийн сайдын жиргээг үгүйсгэж, "Худлаа мэдээлэл байна. Энэ хуулийн төслийн хувьд УИХ-аар хугацаа тулгуу батлагдахаас нь өмнө бид олж харж, танилцаагүй. Батлагдсаных нь дараа л уг хуультай танилцсан" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)