Хөгжлийн Банкны зээлийн асуудлаар хоёр дахь сонсгол хоёрдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд болно.
Энэхүү сонсголд 43 гэрчийг дуудаж байгаа ба УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өөрөө гэрчээр оролцох гэж байна.
Мөн гэрч дотор “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нар байгаа тул гэрчээр дууднагэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун уг асуудлаар мэдэгдэл гаргажээ.
Тэрээр "Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, Улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөр багцын тухай семинарт УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээллийг сонслоо. Дээрх мэдээллийг сонссон Х. Баттулгын гэр бүл үр хүүхэд бидний зүгээс дараах мэдэгдлийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани Хөгжлийн Банкнаас зээл аваагүй. Нэр хүндэд халдсан тохиолдолд бид шүүхэд хандаж нэр хүндээ сэргээлгэнэ" гэжээ.
Хоёр дахь удаагийн сонсголоор 2012-2016 оны үед Хөгжлийн Банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг ярилцах юм.