Чех улсын Ческа Липа хотын цагдаагийн алба гэрээсээ гараад сураггүй алга болсон Монгол Улсын иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан юм. Харамсалтай нь тухайн эмэгтэй энэ сарын 28-ны өдөр нас барсан байдалтай олдсон байна.
Монгол Улсын иргэн Ц нь 25 настай, 38 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд гэрээсээ гараад 50 гаруй цаг сураггүй байсан байна.
Гадаад Харилцааны Яамнаас "Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яамнаас талийгаачийн гэр бүлийнхэнтэй нь байнгын холбоотой ажиллаж байна" гэж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын 12,000 орчим иргэн Чех улсад ажиллаж, амьдарч байгаа аж.